“Дельта”-гаас хамгаалах шинэ арга байхгүй

Ангилал
COVID-19
Хэзээ
2021/09/15
Унших
3 минут 4 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

“Ковид-19”-ийн альфа хувилбараас дельта хувилбарын тархах чадвар хэд дахин өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэхдээ дельтагаас хамгаалах шинэ арга байхгүй. Урьдын адил амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх. Өнөөдрийн байдлаар дельта хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, зарим улсад нийт халдварын дийлэнх хувийг эзэлж байна. Дельта хувилбарын эсэд нэвтрэх үржих чадвар, эс дотор орж өөрийгөө хувилах чадвар нь эрс нэмэгдсэн. Энэ хувилбараар вакцины бүрэн тунтай хүмүүс ч өвдөх эрсдэл өндөр байгаа нь халдварлах чадвартай нь шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, халдвар тараагчид маш их вирусийг агаарт цацаж байгаа нь хэнийг ч халдвар авч, өвчлүүлэх эрсдэлийг үүсгэж байна. Дельта хувилбарын халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх нууц хугацаа 48 цаг болж богиноссон, энэ үедээ ч халдвар тараах эрсдэлтэйг судлаачид санууллаа. Тиймээс бид халдвар хамгааллын дэглэмээ илүү сайжруулж, чанд мөрдөх хэрэгтэй болж байна. Дэлхийн улс орнууд ийм зөвлөмжийг ард иргэд, албан болон үйлчилгээний байгууллагууддаа өгч, мөрдүүлж байна.

Олон улс орон коронавирусийн дельта хувилбараас сэргийлэх шинэ стратегийг боловсруулж, мөрдөж эхэллээ. Тухайлбал:

  • Дархлаажуулаагүй иргэдээ дархлаажуулалтад хамруулах,
  • Вакцинтай иргэдээ хамгаалан, дархлаа сэргээх тун буюу гуравдугаар тунд хамруулах
  • АНУ, Их британи зэрэг улсад хүүхдийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх, иргэд гэртээ тест хийхийг урамшуулж, үнэгүй тестээр хангах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Харин манай улсын хувьд Засгийн газраас гуравдугаар тунг иргэдэд санал болгож, он дуусахад зорилтот хүн амынхаа 60 хувийг бүрэн хамруулахаар зорьж байна. Үүн дээр бид өөрсдөө амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барьж, олон хүнтэй газраар явахгүй байхыг хичээж, халдвар хамгааллын бусад дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна. Энэ дэглэм иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээний болон бусад байгууллагуудад ч хамаатай. Коронавирус ганц дельта хувилбараар дуусахгүй, хувьсан өөрчлөгдөж, шинэ хувилбарууд гарч ирж байна. Үүнийг саяхан бүртгэгдсэн MU хувилбар батална. Тиймээс бид вакцинаас гадна өөрсдөө хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна. Цар тахлын хэдэн ч хувилбар гарсан айж түгшихгүйгээр амны хаалтаа байнга зүү, олон хүнтэй газраар бүү яв, халдвар хамгааллын дэглэмээ барь!

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!