Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНАЛИЗ: Нэг “поорчигоор шагайсан“ төрийн гурав юу харж байгаа вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 51 секунд

Ерөнхийлөгчийн санаачилгаар төр хувийн хэвшлийнхэн өчигдөр уулзаж тодорхой асуудлуудаар байр сууриа солилцов. Төрийнхөн нь сүрхий бичиж тэмдэглэж, түмний хэд нь "яам байгуулж өг, зээл олго, биднийг дэмж, уулзалт зохион байгуулсанд баярлалаа" хэмээн жижүүрийн үгсээ чулуудсаар зөвлөлдөх уулзалт өндөрлөв. Хувийн хэвшлийнхэн "төр биднийг тайван ажил хийлгээд өг" гээд хэлчихийн оронд баахан зовлон тоочив. Гэхдээ ийм уулзалт хийж, төрийн гурав нь нэг тайзнаа эгнэн суусан нь дэвшил.

Ардын намын гурван дарга эв нэгдэлтэй байгаагаа ил гарч үйл хөдлөлөөрөө харууллаа

Харин уг уулзалтын цаана улс төрийн хэд хэдэн дүр зураг "уншигдаж" буй юм. Өөрөөр хэлбэл, төрийн гурван өндөрлөг хамтдаа тайзнаа гарч ирсэн нь хувийн хэвшлийнхэнтэй уулзахаас гадна улс төрийн утга агуулга бүхий мессежүүдийг улс төрийн хүрээнийхэнд зориулж өгч буй хэрэг. Эхний мессеж нь улс төрийн хувьд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав эв нэгдэлтэй байгаа үг, үйлдлээрээ харууллаа. Тэд улс төрийн болон улс орны бодлогын түвшний асуудлуудыг "нэг цонх"-оор харж буй гэдгээ дахин дахин давтав. Засгийн газрын сайд нарын асуудал болон Л.Оюун-Эрдэнийг огцруулах акц МАН дотор битүүхэн өрнөж, булан тохойд будлиан үүсгээд эхэлсэн. Ерөнхий сайдыг "хазайвал", түлхээд унагачих санаатай хүмүүс төрийн ордноор нэг сууцгааж буй. Энэ үйл процесс өрнөлөө гэхэд Ерөнхийлөгч, УИХ-ын даргын оролцоо маш чухал үр нөлөөтэй. Г.Занданшатар дарга "сумлаад" байгаа талтайгаа ойлголцвол УИХ дээр Л.Оюун-Эрдэнийн засаг хэцүүдэж мэднэ. Засгийг тонгорох мэхнээс "хамгаалж" чадах хана хэрэм нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нам доторх байр суурь юм. Харин өнөөдрийнх шиг хамтдаа сууцгааж, бодлогын түвшний болон улс төрийн асуудлуудыг "нэг цонхоор" харж эв нэгдэлтэй байгаагаа тайзан дээрээс үзүүлсэн нөхцөлд улстөрийн "босогчид" нэг хэсэгтээ л Л.Оюун-Эрдэнийг зовоож чадахааргүй боллоо. Товчоор бол энэ гурван хүний муудалцах өдрийг хүлээх хэрэгтэй болох нь. Тиймээс Засгийн газар болон Ардын намын улс төр тогтвортойгоор үргэлжлэх бололтой. Гэхдээ нэг хэсэгтээ л гэдгийг цохон тодруулах нь зүйтэй.

Ирэх гурван жилд мега төслүүд хөдөлж, Оюутолгой дээр нэгдмэл байр сууринаас хандана

Монгол Улс энэ өдрүүдэд Оюутолгойн асуудлыг өөрт ашигтай байдлаар шийдвэрлэх алтан боломж дээрээ ирээд байгаа. Олон улсын шинжээчдийн баг Рио Тинто компанийг гүний уурхай бүтээн байгуулалтаа удаашруулж, зардлаа огцом нэмсэн нь үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргасан. Үүнээс улбаалж Арбитрын шүүхэд хэлэлцэгдэх гэж буй татварын асуудал нь ч Риогийн талд биш манай руу эргэх өндөр магадлал үүсээд байгаа юм. Рио Тинто харин үүсээд буй таагүй нөхцөл байдлыг арилгахаар ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөр манайд санал болгосон. Мөн усан цахилгаан станц, Монголын нутгаар дайрч гарах хийн хоолой, эрчим хүч, нефтийн үйлдвэр гэх зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөхөд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн институц нэгдмэл байр суурьтай хандахаар болжээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд Ардын намын гурван дарга Оюутолгой тэргүүтэй томоохон мега төслүүдийг нэгдмэл байдлаар явуулахаар тохирчээ. Үүнийгээ ч хөрөнгө оруулагчид болон дотно гадны улстөрчдөд өөрсдийн үйлдлээрээ харууллаа.

Үндсэн хуулийн өөрчлөлт тэргүүтэй бодлогын том реформуудыг хийнэ

Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан даруйдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай ярьж эхэлсэн. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохгүй байх, гишүүдийн тоо нэмэх, Засгийн газарт ажиллах давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх зэрэг асуудлаар энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөө хийхээр зэхэж буй юм. Намрын чуулганаар уг өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж "яаралтай" горимоор "машиндахаар" эрх баригчид өнгөрсөн зунжин бэлдсэн. Холбогдох уулзалт, хуулийн төсөл дээр ажиллах зэрэг ажлуудаа нугалж дууссан тэд тун удахгүй үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж эхэлнэ. Энэ бол бодлогын өөрчлөлтийн нэг хэсэг нь байх болов уу. Үүнээс гадна төрийн өмчит компаниудын асуудлыг эргэж харах, цэгцлэх зэрэг бодлогыг ч давхар тэд санаачилж буй.

Ийнхүү том бодлогын асуудлуудыг явуулахад дахиад л энэ гурван хүнийн нэгдэл, ойлголцол, эв нэгдэл маш чухал. Энэ гурав ойлголцохгүй бол бодлогын реформууд явж чаддаггүй. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх санаачилга байсан хэдий ч Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь хэзээ ч нэг зэм дээр гарч чадахгүй байснаас улбаалж гурван парламент дамнан яригдсан түүхтэй.

Г.Лхагвадорж

Ш.Гантулга: Сонгуулийн хар машин Монголын ард түмэнд хар ирээдүйг авчирж байна
Ш.Гантулга: Сонгуулийн хар машин Монголын ард түмэнд хар ирээдүйг авчирж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.