Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь халамж хүртэж, төсвийн 30 хувийг халамжид зарцуулж байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 35 секунд

No description available.

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Уулзалтын үеэр нэгэн анхаарал татсан сэдэв бол халамжийн бодлоготой холбоотой тоон мэдээлэл байлаа.

Тоон мэдээлэлд, Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь нийгмийн халамж хүртэж буйг дуулгав. Үүнд, хүүхдийн мөнгө, цалинтай ээж, нийгмийн халамжийн тэтгэвэр, хүнсний талон гээд олон төрлийн халамжууд багтаж буй. Энэ жилийн хувьд Нийгмийн халамжийн санд 2.99 их наяд төгрөг буюу улсын төсвийн 30 орчим хувийг халамжинд зарцуулж буй тоо баримтыг дэлгэлээ.

Дээрх тоо баримтаас үзэхэд, 10 хүн тутмын 8 нь төрөөс халамж хэлбэрээр бэлэн мөнгө хүртэж буй нь тодорхой болж байгаа юм. Түүнээс гадна энэ тоо өссөөр байгаа нь халамжийн бодлого ямар хэмжээнд хүрснийг харуулж байна. Тухайлбал, 2014 онд нийт хүн амын 57,6 хувь нь халамж хүртдэг байжээ. Түүнээс хойш энэ тоо өссөөр өнөөдөр 80 хувь болсон байна. Тухайн үед бидний амьдрал ямар түвшинд байсныг эргэн нэг санацгаая.

2014 онд инфляцын түвшин 10.4 байсан бол өнгөрсөн онд 2.3 болтлоо буурсан байна. 2014 онд хонины мах 6500 орчим, үхрийн мах 8500 орчим төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр хонины мах 12000-13000, үхрийн мах 13000-15000 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс үзэхэд халамжийн бодлого эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй болох нь харагдаж байна.

Халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж байна

Халамжийн бодлогыг хүн амын өсөлтийг дэмжихийн тулд төрөөс олгож буй. Гэтэл нөгөө талаар хүн амын өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр одоо байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг хааж байна. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон уулзалтын үеэр "1.4 их наядыг байнга бэлнээр өгөөд яваад байх уу. Хөдөлмөрлөх хүн хүч маань манайд 1.2 сая. Энэ халамжийн бодлогоос болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүд байна гэж ААН-үүд ярьдаг. Тиймээс бид одоо байгаа хэмжээгээр нь хүүхдэд нь олгох. Өртэй биш өвтэй ирээдүй байхыг бодлогыг баримтална. Өөрөөр хэлбэл, баялагтаа эзэн байх гэсэн Ерөнхийлөгчийн уриалж байгаа шиг хадгаламжтай Монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү орох цаг болсон" гэж хэлэв. Өмнө энэ зүйлийг Иргэний нийгмийн байгууллагууд болон судалгааны байгууллагууд л ярьдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн ХНХ-ын сайд, Сангийн сайд, Ерөнхий сайд зэрэг төрийн удирдлагууд ярьдаг боллоо. Энэ нь халамжийн тогтолцоо Монгол Улсад хүрч болох хамгийн муу цэгтээ тулсны шинж.

"Монголд юу ч хийлгүй амьдарч болдог" гэдэг үг халамжийн тогтолцоо ямар хэмжээнд хүрснийг харуулж буй. Гэтэл юу ч хийлгүй амьдарч болоод байгаа юм шиг хэрнээ хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн, өнөө маргаашаа аргацаан амьдарч байгаа хүмүүс олон. Халамжийн бодлого хүний ажил хөдөлмөр эрхлэх сэдлийг үгүй хийсээр байна. Сүүлд гарсан жишээг дурдахад, өнгөрсөн оны аравдугаар сарын УИХ-ын чуулганы үеэр тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан “Зарим аймгуудын иргэдийн 60 хувь нь группт орчихсон халамжийн мөнгө авдаг” гэж УИХ-ын хариуцлагатай индэр дээрээс мэдэгдэл хийж байв. Энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой залуусын бэлэнчлэх сэтгэлгээ энэ хүртлээ дордсоныг харуулж байна.

Ерөнхий сайдын хэлсэн хүүхдийн мөнгийг бэлнээр олгохгүй байх шийдвэр нь халамжийн бодлогыг халах эхний алхам мөнөөсөө мөн. Ерөнхий сайдыг дугарсан дээр нь энэ асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй.

Гадны орнуудын халамжийн бодлого хэрхэн явагддаг вэ

Барууны орнуудын хувьд халамжийн бодлого хэрэгжүүлэхдээ халамж хүртэх шаардлагатай иргэддээ бэлэн мөнгө олгохын оронд хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүст ажил санал болгодог. Тухайн хүн бэлэн хоол халбагадуулах бус, өөрөө хөдөлмөрлөөд түүнийхээ үр шимээр амьдрах чадвартай болдог. Харин улсаас олгосон тухайн ажлыг цалгардуулах, орхих, гарах тохиолдолд тухайн иргэнийг халамж олгох бүртгэлээсээ хасдаг хатуу системтэй. Энэ маягийн халамжийн системийг Монгол Улсад нэвтрүүлснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлт ихсэж, тэр хэмжээгээрээ эдийн засаг тогтворжих юм.

Хавтгайрлыг үгүйсгэх нь бүх халамжийг зогсоохын нэр биш

Халамжийн хавтгайрлыг үгүйсгэх нь бүх халамжийг зогсоохын нэр биш юм. Мэдээж ирээдүй хойч болсон хүүхдүүд болон тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зайлшгүй халамж шаардлагатай иргэдийн халамжийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гагцхүү халамж хүртэх ёстой иргэдээ илүү нарийн сигменттэйгээр тодорхойлж хүргэх ёстой хүнд нь зөв замаар хүргэх нь чухал.

Зүүний үзэл баримтлал голчилсон Монгол Ардын намын засаглалын үед намын дарга, Ерөнхий сайд халамжийн бодлогыг халах үйлдлийг эхлүүлж байгаа дээр нь үр дүнтэйгээр ашиглаад авах нь эрх баригчдын үүрэг болоод байна. Харин энэ үед халамжийн бодлого тодорхой хэмжээгээр хязгаарлагдах, цуцлагдах, хүүхдийн мөнгөний адил арга хэлбэр нь өөрчлөгдөх үед ард түмэн эсэргүүцэн дайралгүй нөхцөл байдалд оюунлагаар хандах нь чухал юм.

Б.Амарбаясгалан

С.Раднаабазар: Анх мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа үзэгнээс өөр зэвсэггүй байлаа
С.Раднаабазар: Анх мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа үзэгнээс өөр зэвсэггүй байлаа
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.