Хөгжлийн банкийг том төслүүдийг санхүүжүүлж, суурь хөрөнгө оруулалтад анхаарах зорилгоор 2011 онд байгуулж байв. Гэвч яг арван жилийнхээ босгон дээр Хөгжлийн банк татан буугдах хэмжээнд яригдаж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд засгийн эрх барьсан намын "Эрдэнэсийн сан" лугаа явж ирсэн Хөгжлийн банк өнөөдөр анх байгуулагдсан зорилгоо биелүүлж чадахгүй хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн хугацаанд гаргасан 3.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх багц зээлүүдээс нь 1.3 их наяд төгрөг нь ЧАНАРГҮЙ буюу буцаан төлөгдөхгүй байгаа ангилалд оржээ. Үүнийх нь гороор Хөгжлийн банк хөгжилд хөтөлж чадах эсэх нь эргэлзээтэй болж татан буугдах хэмжээнд яригдаж эхлэв.
Хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Б.Жавхлан хүртэл үүнийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийж олны анхаарлыг татлаа. Тэрбээр, "Хөгжлийн банкны зээлийн багц нийт 3.2 их наяд байна. Үүнээс 1.3 их наяд нь чанаргүй зээл болсон. Нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкнаас томоохон ямар ч зээл гаргаагүй. Ер нь бол шинээр зээл олгохоос илүүтэй өмнө нь олгогдсон чанаргүй зээлүүд дээр ажиллаж ирсэн. Тус банк нь шинээр зээл олгох нь битгий хэл чанаргүй зээлд хэрвээ алдагдлын санг байгуулах юм бол банк татан буугдах хэмжээнд байгаа. Монголбанкнаас ээлжит шалгалт хийж, активын чанарыг тодорхойлж байна. Цаашид Хөгжлийн банк Экзим банкны нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэх, дээрээс нь бидний хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх хамгийн гол байгууллага нь Хөгжлийн банк байх учиртай. Тиймээс дүрмийн хүрээнд болон Хөгжлийн банканд ойрын хугацаанд хийгдэх ажил бол бүтцийн өөрчлөлт" гэв.
Тэгвэл Хөгжлийн банкийг "хүнд" байдал руу түлхэж, 1.3 их наяд төгрөгийн зээлээ буцаан төлөхгүй чанаргүй зээл буюу муу зээлийн ангилалд багтааж байгаа аж ахуйн нэгжүүдийг UBN.MN сайтаас цувралаар танилцуулж байна. Хэрвээ эдгээр байгууллагууд авсан зээлээ цаг хугацаанд нь төлж байсан бол Хөгжлийн банк өнөөдөр татан буугдах хэмжээнд очихгүй. Гэхдээ Хөгжлийн банкныхан өнгөрсөн хугацаанд эдгээр зээлийг олгохдоо үзүүлсэн төсөл хөтөлбөрт нь тооцоо судалгаатай хандаж, аливаа эрсдэлийг бүрэн тооцож олгосон бол өнөөдрийнх шиг асуудал хаа хаанаа үүсэхгүй байв. Тиймээс уг асуудал Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудтай ч шууд холбогдоно. Нөгөө талаас нь харвал улсаас боломжийн нөхцөл бүхий зээл авч авчихаад буцааж төлөхгүй яваа "том толгой"-той компаниудад ч гэсэн хариуцлага тооцох нь зүйтэй. Хэрвээ тэд ингэж Хөгжлийн банкийг эрсдэлд оруулаагүй бол улс оронд хэрэгтэй олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, бүтээн байгуулалт ч өрнөх боломжтой байв.
Ингээд Хөгжлийн банкийг "өрөнд" оруулсан буюу авсан зээлээ буцааж төлөхгүй байгаа компаниудын эхний цувралыг хүргэж байна.
Тус компани нь 2014 онд Хөгжлийн банкнаас "ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛӨӨР" 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч тус компанийн зээлийн эргэн төлөх ёстой байсан хугацаа нь 2017 оны 12 сард дууссан хэдий ч ердөө 487 сая төгрөгийн эргэн төлөлт хийж 5.1 тэрбум төгрөгийг төлөөгүй байна. Улсын бүртгэл болон ХАСХОМ зэрэг нээлттэй мэдээллийн сангуудыг шүүж үзэхэд УИХ-ын гишүүн асан М.Билэгт Мон Лаа ХХК-д тодорхой хувь эзэмшдэг байжээ. Тэрбээр энэ тухайгаа 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.
2. КЬЮ ЭС СИ ХХК /Хэвийн бус зээл/ - 151 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
Уг компани нь 203.1 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд "ТӨМӨРТЭЙН ОРДООС ХАНДГАЙТ ӨРТӨӨ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ"-өөр авсан байдаг. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 2018 онд байсан ч хугацаа хэтрээд гурван жил өнгөрчихөөд байхад 151 тэрбум гаруй төгрөгийн зээлийг огт төлөөгүй байгаа аж. Дашрамд сануулахад уг компанийг Худалдаа хөгжлийн банкны "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамааруулж үздэг. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр "Эрдэнэтийн 49" хувийг хууль бусаар авсан схемийг танилцуулахдаа КЬЮ ЭС СИ ХХК нь Д.Эрдэнэбилэгийнх бөгөөд уг үйл ажиллагаанд оролцсон хэмээн зарлаж байсан билээ.
3. БЭРЭН ГРУПП ХХК /Хэвийн бус зээл/ - 110.2 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
Бэрэн групп нь нийт дөрвөн төслөөр Хөгжлийн банкнаас 110.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ дөрвөн төслийн гурвынх нь хугацаа дууссан бөгөөд нэг төслийнх нь хугацаа энэ оны 10 дугаар сард дуусах юм. Гэвч 110.2 тэрбум төгрөгийн зээлийг огт төлөөгүй гэсэн мэдээлэл байна. Бэрэн групп ХХК нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хувьцааг нь АТАР-ӨРГӨӨ ХК, НЭХЭЭСГҮЙ ОЁДОЛ ХК, ГУРИЛ ТЭЖЭЭЛ БУЛГАН ХК зэрэг компаниуд эзэмшдэг. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог Атар-Өргөө ХК нь олонх буюу дийлэнх хувьцааг нь эзэмшдэг байна. Мөн Бэрэн групп ХХК нь "Хөх ган" ХК-ийн 52.54 хувийг хувьцааг эзэмшдэг юм байна.
4. ХӨТӨЛ ХХК /Анхаарал хандуулах зээл/ - 174.4 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
Тус компани нь "ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙГ ӨРГӨТГӨХ ТӨСӨЛ"-өөр 2012 онд Хөгжлийн банкнаас 174.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингээд зээлийн эргэн төлөх хугацаа 2020 онд дууссан ч ХӨТӨЛ ХХК нь ердөө 150 орчим сая төгрөгийн эргэн төлөлт хийж 174.4 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлөөгүй байгаа аж. Тус компани мөн л Худалдаа хөгжлийн банкны гэгддэг нэрээрээ алдартай "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамааралтай бөгөөд "Эрдэнэтийн 49"-д оролцоотой байсан гэж тухайн үедээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд мэдэгдэж байв.
5. ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН ХХК /Анхаарал хандуулах зээл/ - 8.8 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
Тус компани нь 2017 онд 11.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар 2 тэрбум гаруй төгрөгийг буцаан төлсөн бөгөөд төлөөгүй зээлийн үлдэгдэл нь 8.8 тэрбум төгрөг юм. Гэхдээ энд нэг зүйлийг сануулахад тус компанийн зээлийн хугацаа ирэх оны 6 дугаар сард дуусна. Гэхдээ уг зээлийг анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.
6. ГАН ХҮДЭР ОРД ХХК /Муу зээл/ - 4.9 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
"Ган хүдэр орд" ХХК нь "АЛТ 2 ХӨТӨЛБӨР - ХОРГОЛЖИН ТӨМРИЙН ҮЙЛДВЭР" төслөөр 2017 онд 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн хугацаа нь 2021 оны 7 дугаар сард дуусчээ. Гэвч 4.9 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлөөгүй байна.
7. ПИ СИ ВАЙ ХХК /Муу зээл/ - 3.5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
Тус компани нь хоёр төслөөр Хөгжлийн банкнаас нийтдээ 4 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд авсан аж. Гэвч зээлийн эргэн төлөх хугцаа нь 2019 онд дууссан ч 3.5 тэрбум төгрөгийг буцаан төлөөгүй байна.
8. КРЕДОКС ХХК /Анхаарал хандуулах зээл/ - 22.6 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
Хөгжлийн банкнаас уг компани нь мал аж ахуйтай холбоотой дөрвөн төслөөр 2017-2020 оны хооронд нийтдээ 22.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч анхны зээлээс нь хойш дөрвөн жил, сүүлд авсан зээлээс нь хойш 1 жил өнгөрсөн хэдий ч төлөөгүй үлдэгдэл нь 22.6 тэрбум байгаа юм. Гэхдээ уг компанийн авсан дөрвөн зээл дөрвүүлээ 2026 онд дуусгавар болох юм. Хөгжлийн банкнаас уг зээлийг анхаарал хандуулах зээл хэмээх ангилалд багтаажээ.
9. СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК /Хэвийн бус зээл/ - 4.1 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
Тус компани нь хөдөө аж ахуйн чиглэлийн хоёр төслөөр 2018 онд нийтдээ 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөх хугацаа нь 2022 оны 8 дугаар сард дуусна. Гэвч өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй бөгөөд 4.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
10. ПИРАМИД-ОРД ХХК /Хэвийн бус ба эргэлзээтэй/ - 15 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна
Хөгжлийн банкнаас орон сууцны дөрвөн төслийн дагуу нийтдээ 15 тэрбум төгрөгийн зээлийг 2017-2018 оны хооронд авсан байдаг. Эдгээр зээлийн хугацаа нь энэ оны 11 дүгээр сард дуусах хуваарьтай боловч өнөөдрийг хүртэл эргэн төлөлтөө хийгээгүй аж. Зээлийн үлдэгдэл нь 15 тэрбум төгрөг буюу хэвийн бус болон эргэлзээтэй зээлийн ангилалд тус компанийг оруулжээ.
Үргэлжлэл бий...
Г.Лхагвадорж