Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Батзориг: Хиймэл оюун ухаанд суурилсан авто замын удирдлагын системтэй болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 51 секунд

МҮОНТ-ийн “Нийгмийн хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт “Хотын түгжрэлийг бууруулах боломж, нөхцөл” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга Б.Батболд, “Монголын автомашины дистрибьюторуудын ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Баасанбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга С.Цэцэгмаа, инженер П.Цэвэгмид нар оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжихэд судалгаа их чухал. Нийслэлийн түгжрэл бол салбар дундын асуудал болчихоод байна. Тэгэхээр энэ асуудлыг төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдэх боломж хэр байгаа вэ?

-Үе үеийн Засаг дарга нарын “толгойны өвчин” бол хотын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, чанар стандартын асуудал байсан. Үүнийг цэгцлэх цаг нь болсон. Авто замын даац л гэхэд зарим үед гурав дахин хэтэрсэн, төвлөрөл хэтийдсэн. Иймд Нийслэлийн Засаг дарга болон түүний баг өнгөрсөн арван сарын хугацаанд судалгаа тооцоо хийгээд Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан. Засгийн газрын тогтоол гарч, долоон төрлийн төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр заасан. Энэ бүхний үндсэн дээр бид таван үндсэн зорилтыг гурван эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр тодорхойллоо. Эдгээр зорилтыг хэрэгжүүлбэл 2024 он гэхэд түгжрэлийг өнөөгийн түвшнээс 50 хүртэл хувиар бууруулах юм.

-Нийтийн тээврийн зорчилтыг 33 хувь өсгөвөл түгжрэлийг 17-22 хувь бууруулна гэсэн тоо байна. Одоогийн байдлаар хүн амын хэдэн хувь нийтийн тээврээр зорчдог вэ. Сая дурдсан 33 хувьд хүргэхийн тулд автобусны тоогоо нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

-Нийтийн тээврийн чанар, стандарт, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд одоогийн байгаа автобусны тоог нэмэгдүүлнэ гэсэн үг биш. Салбарын тогтолцоог шинэчлэх ёстой. Бид LRT буюу бага оврын метрог барьж байгуулахаар төлөвлөсөн. Дээрээс нь нийтийн тээврээр иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх, парк шинэчлэлт хийх, маршрутаа оновчтой болгох гэхчлэн хийх ажлууд их бий. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Улаанбаатарт 330 км авто зам барьсан. Тэгтэл тэдгээрээс 29 км нь л замын түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхүйц зам. Үлдсэн нь зорилтот түвшний зам болж чадаагүй. Тиймээс цаашид барих зам, шинээр байгуулж буй дэд төв, дагуул, хаяа хотуудын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, нийтийн тээврийн шинэчлэлийг яамдтай хамтран цогцоор нь шийднэ. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш, улс эх орны хэмжээний асуудал болсныг сайд, дарга нар ойлгож байгаа. Тодорхой хөрөнгө мөнгийг ирэх гурван жилд төсөвлөсөн. Үүнд бид маш их талархаж, “Алтан боломж” гэж харж байгаа.

-Түгжрэлээс үүдэн гарч буй алдагдлыг тооцоход маш харамсалтай тоо гарсан байна. Цаашид ямар зүйлс хийвэл ийм алдагдал дахин хүлээхгүй байх вэ?

-Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэл 2025, 2030 онд ямар түвшинд хүрч буурах, бууруулахын тулд хийх ажлуудаа бид хэдийн боловсруулчихсан байгаа. Бүгдийг биш ч онцлог ажлуудаас дурдъя. Улаанбаатар хотод тойрог зам анх удаа барина. Хиймэл оюун ухаанд суурилсан авто замын удирдлагын системтэй болно. 470 байршлыг шинээр камержуулж, шинэ дохионы систем, гэрлэн дохио, олон замын огтлолцолтой зургаан уулзвар, зургаан нүхэн гарц, долоон гүүрэн гарц бий болгох юм. Шинэ төрлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хүртэлх болон дараах авто замын сүлжээ, торлол, тогтолцоог тогтооно. Тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг журмыг ч мөн боловсруулна. Энэ бүхнийг нийслэлд хэрэгжүүлдэг гадаадын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан хөрөнгө оруулалтуудыг татаж хийх юм.

С.Баасанбаяр:  Судалгаагаар өрх бүрд 1-2 машин, зарим айлд хүний тоогоор машин байна гэж гарсан
С.Баасанбаяр: Судалгаагаар өрх бүрд 1-2 машин, зарим айлд хүний тоогоор машин байна гэж гарсан
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.