Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ашиггүй ажиллаж ирсэн Хөрөнгийн бирж анх удаа 6 сарын дотор 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Огноо
Унших
4 минут 11 секунд

Цар тахал, түүнээс улбаатай санхүүгийн хямралаас шалтгаалан өнгөрсөн хоёр жил бизнесийнхнийг хүнд байдалд оруулсан боловч зах зээл хурдацтай эргэн сэргэх замдаа нэгэнт оржээ. Энэ өсөлт, эрчтэй баялаг бүтээх үйл явцыг зөв удирдаж, баялгийг дахин хуваарилах ажлыг сайтар зохион байгуулж чадвал үндэстнээрээ эдийн засгаа хялбархан сэргээх боломж харагдаж байна.

Баялгийн дахин хуваарилалтыг хамгийн зөв, үр дүнтэй хийх арга зам нь хөрөнгийн бирж гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Энэ онд олон чухал үйл явдал дотоодын хөрөнгийн зах зээл дээр өрнөнө. Санхүүгийн хямралаас гарах арга замаа хайж буй аж ахуйн нэгжүүд мөн ээлж дараалан бонд, нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө босгож, түүгээрээ үйл ажиллагаагаа санхүүжүүлэн ирж буй өсөлтөөс хувьцаа эзэмшигчдэдээ ахиухан өгөөж хүртээхээр зэхэж байна. Энэ нь зах зээлийг урьд өмнө байгаагүйгээр идэвхжүүлж энэ оны эхний хагаст л гэхэд хувьцааны арилжаа өнгөрсөн жилийн нийт дүнгээс хоёр дахин, өнгөрсөн оны эхний хагас жилээс 6,5 дахин их арилжаа явагджээ.

Энэ бүхний үр дүнд Монголын хөрөнгийн бирж 2021 онд эхний хагас жилд 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Зах зээлд шилжиж, цэнхэр ягаан тасалбар тарааж, менежментийн хувьчлалуудыг ээлж дараатай хийж эхэлснээс хойш 30 жил өнгөрөхөд тус байгууллага хагас жилд бүү хэл, бүтэн жилийн хугацаанд ч ашигтай ажиллаж байсан удаа үгүй. Нийтлэлийн эхэнд онцгой жил гэж дурдсан нь ч ийм учиртай. Арилжааны банкуудын IPO-той холбоотойгоор жилийн эцсээр ашиг нь улам өсөх ч магадлалтай билээ.

Үүнд нэг зүйлийг онцлууштай нь хөрөнгийн зах зээлийн идэвх сэргэж байгаа гэхээс илүүтэй энэ салбарын хөгжлийн түвшин нь нэлээд хэдэн шатаар ахиж байгаа шилжилтийн гэрч нь бид бүгд болж байна. Учир нь, өнгөрсөн хагас жилд хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх үнэхээр гайхалтай амжилт тогтоосон. Нийт 120 орчим тэрбум төгрөгийн гүйлгээг иргэд, хөрөнгө оруулагчид хоорондоо хийсэн байна.

Зарим тоо баримтаас дурдахад, нийт хувьцааны арилжааны 85 хувийг “Ард Секюритиз”, “Би Ди Сек”, “Стандарт Инвестмент”, “Голомт капитал”, “Бумбат алтай” гэсэн топ таван брокерийн компани хийсэн байгаа юм. Монголд одоогоор брокер диллерийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй 50 компани бий. Эдгээрээс “Ард санхүүгийн нэгдэл”-ийн охин компани болох “Ард Секюритиз“ үнэт цаасны компани дангаараа нийт арилжааны 64 хувийг зуучилснаар тэргүүлж байна.

125 тэрбум төгрөгийн хувьцаа болон сангийн арилжаа хоёрдогч зах зээл дээр арилжигджээ. Үүний 77 хувь буюу 95.7 тэрбум төгрөгийн арилжаа нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн охин эсвэл томоохон хувьцааг нь эзэмшдэг компанитай холбогдож байгаа юм.

Ахин хэлэхэд, 2021 он Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд онцгой жил болж байна. Системийн томоохон банкууд хувьцаат компани болно гэдгээ мэдэгдэж бэлтгэл ажлууд хангагдаж байгаагийн дээр компаниудын хувьцааны үнэлгээ гайхалтай өсөлтүүдийг харуулав. Үүнийг Топ-20 индексийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 107 хувиар өсөж 33,509 нэгж буюу 2.9 их наяд төгрөгт хүрснээс харж болохоор байна.

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ авах төвүүдийн БАЙРШИЛ
ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ авах төвүүдийн БАЙРШИЛ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.