Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын хараанд өртөөд буй төрийн өмчит компаниудын удирдлагуудын суудал “ганхах“ уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 54 секунд

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ерөнхий сайд өнгөрсөн хавраас хойш л танхимынхаа эсрэг ажилласан хэмээн Л.Бямбасүрэн даргатай түнжин муу явсаар сая нэг юм үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Өнгөрсөн долдугаар сард БНСУ-д болсон агаарын хэлэлцээрт хувийн компанид давуу боломж үүсгэсэн гэх асуудал ИНЕГ-ын даргын хүзүүг “ороов” бололтой.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газраас төрийн өмчит үйлдвэр, компаниудын дарга, захирлуудыг солих ажлыг цаашид ч үргэлжлүүлэх бололтой. Өөрөөр хэлбэл, нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудыг 70-80 хувь өөрчлөх тухай асуудал яригдаж эхэлсэн гэнэ.

Төрийн мөчит компаниуд бол “бялуу” хуваарилалтын тансаг хэсэг бөгөөд төрийн хамгийн мөнгө, хөрөнгөтэй “саалийн үнээ”-нүүд байдаг. Тиймээс эрх мэдэлтнүүд аль болох өөрийн хүнээ төрийн өмчит үйлдвэр, компаниудад шингээдэг бөгөөд түүний төлөө “алалцдаг” билээ. Энэ хэрээрээ авлига, хээль хахууль, албан тушаалын хэрэг ихээр “цэцэглэж”, удирдлагууд нь холбогддог газар бол “төрийн өмчит”-үүд. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л ТЭЦ-3 төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбатыг АТГ-ын мөрдөгчид баривчилж, ажлын байранд нь нэгжлэг хийсэн. Улмаар түүнийг нэг сарын хугацаатай “далд” хийчихээд сууж байна.

Төрийн өмчит компаниудыг хүчтэй “онилоод” байгаа нь цаанаа хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Ерөнхий сайд авлигатай тууштай тэмцэнэ гэж ам тангараг өргөөд, Засгийн газар дээрээ Авлигын эсрэг комисс байгуулчихсан. Төрийн өмчит компаниуд нь хамгийн асуудалтай тул энэ комиссыг тун ч завгүй ажлуулах нь тодорхой. Хоёрт, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш ковидод дарамтлуулсаар байгаад бодлогын томилгоонуудаа төдийлөн хийж чадахгүй яваа. Тиймээс сайд нар болон хэл ам татлаад буй гишүүдийн “хүслийн” биелүүлж, амыг нь “үдэхийн” тулд тэдний хүсэмжит талбарт “зай” гаргаж өгөх нь зүйн хэрэг. Ингэж чадвал зарим нөхдүүд төрийн өмчит компаниудад хүн тавих боломж бүрдэнэ. Нөгөө талдаа, засаг төрийнхөө эсрэг арзагнаад байгаа гишүүд, эрх мэдэлтнүүдийн тавьсан хүмүүсийн “бүсийг” чангалах замаар өөрийн “атгандаа” оруулах нь дамжиггүй. Ер нь бол төрийн өмчит компаниудын удирдлагуудын асуудал дээр маш олон тохироог, улс төрийг өрнүүлэх боломжтой юм.

Эдгээрээс гадна төрийн өмчит компаниудын асуудал үнэндээ хэрээс хэтэрсэн. Тендер, шахааны асуудлыг нь жагсаавал хэдэн арван хуудас болно. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн жилээс хойш маш олон удаа төрийн өмчит компаниудын асуудлыг хөндөж ирсэн Төрийн өмчит компаниудын удирдлагаар дандаа хэн нэгэн даргын шахааны эсвэл, “халаасны” хүмүүс томилогддог нь үнэн. Энэ хүмүүс нь эргээд ажил унагаж, төр ажлыг завхруулдаг нь ч үнэн. Ер нь төрийн өмчит үйлдвэр, компаниудад томоохон “доргио” өгөхийн тулд өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг бодлогоор сэвсээр ирэхийг ч үгүйсгэхгүй. Ямартаа ч төрийн өмчит үйлдвэр, компаниуд бол аль ч засгийн үед хамгийн эмзэг цэг байсаар ирсэн.

Л.Баяр

Б.Болортуяа: Дэвжээнээс буусны дараа олимпын медальтан болсон гэдэгтээ итгэж чадахгүй байсан
Б.Болортуяа: Дэвжээнээс буусны дараа олимпын медальтан болсон гэдэгтээ итгэж чадахгүй байсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.