Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭМҮТ: Хүүхэд үзэж, харж буй зүйлээсээ шалтгаалж гэмт хэрэгт холбогдож байна гэж шууд хэлэх боломжгүй

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 54 секунд

Үе тэнгийнхэнтэйгээ найзалж нөхөрлөж, инээж хөөцөлдөн тоглох насан дээрээ хүүхдүүд гэмт хэрэгт “хөл алдах” тохиолдол их гарах боллоо. Үүнд эцэг эхчүүдийн хараа хяналтаас гадна хэрэглээ талаас үзэж харж буй зүйлс нь нөлөөлж байна хэмээх байр суурийг эцэг, эхчүүд илэрхийлсээр буй. Тэгвэл хүүхдийн сэтгэл зүй, нөлөөлөгч хүчин зүйлс болон сэтгэцийн эрүүл мэнд талаас учирч болох аливаа эрсдээс хэрхэн сэргийлэх талаар СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиник эмч Х.Цэндсүрэнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох болсныг иргэд үзэж, харж буй зүйлстэй нь холбоотой гэх байдлаар тайлбарлаж байна. Одоогийн нөхцөлд үзэж буй кино, контент зэрэг нь шууд хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх боломжтой юу?

-Хүүхдийн дэлгэцийн хэрэглээ нас насны онцлогт тохирсон байх шаардлагатай. Тэр тусмаа телевиз, олон нийтийн сувгаар гарч буй нэвтрүүлэг, кино контент тэр байтугай хүүхэлдэйн кинонууд хүртэл нас насны ангилалтай байдаг. Тодорхой насанд нь тохирсон контентийг үзүүлэх шаардлагатай. Дэлгэцийн хэрэглээ хэтэрсэнтэй холбоотойгоор ямар нэгэн фантааз агуулгатай тоглоомууд нь хүүхдэд шууд байдлаар нөлөөлж, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байна гэж хэлэхэд хэцүү. Мэдээж тодорхой хэмжээнд хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Гэхдээ энэ байдлаас шалтгаалж гэмт хэрэгтэн болж байна гэсэн ойлголт биш. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ насны ангилалд тохирсон зүйлүүдийг л үзүүлэх шаардлагатай.

Жишээлбэл, 6-аас дээш насны хүүхэд танин мэдэхүйн зорилгоор контентийг үзэж байх шаардлагатай. Тэрнээс биш телевизээр үзэж харж байгаа зүйлс нь хүүхдийн сэтгэл зүйд шууд нөлөөлж, энэ нь гэмт хэрэгт холбогдох шалтгаан болж байгаа гэж хэлэх боломжгүй.

-Хүүхдийн сэтгэцэд дэлгэцийн хэрэглээ, өөрчлөлтөөс гадна өөр ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?

-Хүүхдийн сэтгэл зүйд нийгмийн бүхий л хүчин зүйлс нөлөөлж байдаг. Сургууль, гэр бүл, найз нөхөд, хүрээллээс гадна үзэж харж байгаа зүйлүүд нь тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Тухайлбал, хүүхэд хаанаас яаж мэдээлэл авч, хэн хэнтэй, яаж харьцаж байна гэх мэт. Энэ нь сайн, муу аль ч талаараа нөлөөлж болно. Түүнээс биш хүүхдийн сэтгэл зүйд нийгэм дангаараа муугаар нөлөөлж байна гэж хэлэхэд хэцүү.

-Насанд хүрэхээс өмнөх хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, онцлогийн талаар товч ойлголтыг бидэнд өгөхгүй юу?

-Хүүхэд 0-2 насандаа ээнэгшил олж, дасан зохицох шаардлагатай үе. Тухайн хүүхэд ээжтэйгээ байж, хөхөөрөө хооллосноор өөрт шаардлагатай хэрэгцээг авч чадаж байдаг. 2-оос дээш насанд тухайн хүүхэд аливааг сониучирхан харж, танин мэдэхийг хүсдэг. Сургуулийн насны хүүхдүүд юмыг сурч, танин мэдэх өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажиллаж эхэлдэг. Өсвөр насанд нэг зүйлээс нөгөөд шилжиж байгаа учраас шилжилтийн нас гэж нэрлээд байгаа юм. Энэ үед бие физилогийн дааврын нөлөөгөөр сэтгэл зүйн хувьд ямар нэгэн хариу урвалууд гарч эхэлдэг. Гэхдээ энэ нь хэвийн хариу урвал учраас эцэг эх, найз нөхөд нь анхаарч, даван туулахад нь туслах шаардлагатай.

-Хүүхдийн суурь хүмүүжил, төлөвшил бүрэлдэх хугацаа гэж байдаг. Энэ үед нь хамгийн гол нөлөөлөгч нь гэр бүлийн орчин байдаг уу?

-Хүүхэд гурав хүртэлх насандаа төлөвшиж байдаг.Хүүхэд хүмүүжих хамгийн бага нэгж бол гэр бүлийн орчин шүү дээ. Тэр тусмаа, эцэг эхийн хараа хяналт маш их нөлөөлнө гэсэн үг. Хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогт аав, ээж нь яаж хариуцлагатай хандаж байна, тулгарсан асуудалд нь эцэг, эх хэрхэн тусалж дэмжиж байгаагаас хамаарч түүнийг даван туулах уу эсвэл өөр арга зам хэрэгтэй юу гэдгийг хүүхэд бодож эхэлдэг. Зарим хүүхэд эцэг, эхийн дэмжлэг байхгүй, хараа хяналтгүй байсантай холбоотойгоор өөр зүйлд уруу татагдах, бусдын ятгалгад автах, бусдыг даган дууриах хандлагад өртөх нь амархан. Тэгэхээр хамгийн жижиг нэгж болсон гэр бүл л хүүхдэдээ анхаарал тавих ёстой. Сургуулийн орчинд багш, сурган хүмүүжүүлэгчээс гадна нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар ажиллах ёстой байдаг. Эмзэг бүлгийн, хараа хяналтгүй байгаа хүүхдүүд анхаарах, энд дагуулаад ирэх хүнгүй тохиолдолд тухайн хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, хороон сэтгэл зүйч нар ажиллах шаардлагатай.

-Хүүхдийн далд ухамсар гэж их ярих боллоо. Тэр тусмаа хүүхдийн үзэж харсан зүйлс далд ухамсарт нөлөөлж, сайн ч бай муу ч ль талаараа сэдэлжүүлж байна гэж их ярьдаг болж?

-Нийгмийн сүлжээгээр амиа хорлолт, гэмт хэргийн нарийвчилсан мэдээллийг хэтэрхий их дэлгэх нь хүүхэд гэлтгүй аль ч насны хүнийг маш их сэдэлжүүлдэг. Тиймээс аль болох амиа хорлолтын талаар мэдээлэхгүй, хүнд гэмт хэргийг мэдээлсэн ч тодорхой заагтай мэдээлэх чухал.

“Эмчилгээ хийлгэсэн ч эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас эмгэг нь эргээд сэдрэх магадлалтай”

-Танайд хандаж буй хүүхдүүдийн дунд ямар эмгэг давамгайлж байна вэ?

-Ер нь янз бүр байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ ямар авир араншин гаргах, түүнд юу нөлөөлөх, ямар өөрчлөлт бий болж байгааг ажиглаад авч ирэх нь элбэг. Өдөрт амбулаториор үйлчлүүлж буй хүүхдүүд олон янзын шалтгаантай байдаг. Гэр бүлийн, найз нөхөд, сургуулийн орчин аль эсвэл хүчирхийлэл гэх мэт олон төрлийн шалтгаант байдаг учраас аль нэгийг нь давамгай байна гэж хэлэхэд хэцүү. Мэдээж дэлгэцийн хэрэглээ их байгаа.

-СЭМҮТ-ийн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт хэчнээн хүүхэд эмчлүүлж байгаа вэ?

-Коронавирустэй холбоотойгоор хүүхдийн тасаг хэвтэн эмчлүүлэх нэн шаардлагатай хүүхдүүдийг л хүлээн авч байгаа. Амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

-Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ямар нэгэн эмгэг тулгарсан хүүхдэд ямар эмчилгээ хийдэг вэ. Ямар тохиолдол сэдэрдэг вэ?

-Хүүхдүүдийн хувьд ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөлийн хариу урвалтай байх юм бол шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ хийдэг. Ихэвчлэн хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай байдаг. Хамгийн гол нь ээж, аавууд нь тухайн хүүхдэдээ анхаарал тавих л маш чухал. Эмчийн зүгээс эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хийсэн ч гэсэн давхар эцэг, эхчүүд нь баг болж байж асуудлыг шийдэж, даван туулдаг. Энд эмчилгээ хийлгээд гаргахад эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас эмгэг нь эргээд сэдрэх магадлалтай байдаг юм.

“Эцэг, эхчүүд өөрсдөө дэлгэцийн хэрэглээ ихтэй байж хүүхдэдээ хориглож, хязгаар тавьдаг”

-Өсвөр насанд хүүхдүүд бусдыг даган дууриах хандлагатай байдаг. Тэгвэл энэ үед нь зан харилцааны хувьд хүүхэддээ хэрхэн анхаарах ёстой вэ?

-Өсвөр насанд хүүхдүүд ихэвчлэн сониучирхах, даган дууриаж байдаг. Тэгэхээр өсвөр насанд гэр бүлээс илүүтэй найз нөхдийн хүрээлэл давамгай болж эхэлдэг. Тухайн үед нь ямар хүүхдүүдтэй найзалж, нөхөрлөж байгаагаас шалтгаална гэсэн үг. Хэрвээ буруу хүүхэдтэй найзалж нөхөрлөж байгаа бол хүүхэдтэйгээ ярилц. Яагаад найзалж болохгүй, яагаад ийм үйлдэл хийж болохгүй вэ гэдэгт тайлбарлаж өг. Тэгэхгүй бол хүүхэд ойлгохгүй бас хүлээж авахгүй. Өсвөр насны хүүхдүүдтэйгээ эцэг, эхчүүд зарим үед хэтэрхий том болчихсон аль эсвэл жаахан хүүхэд шиг харьцаад байдаг. Тэгэхээр насанд нь тохирсон харилцааг тодорхой болгож өгөх хэрэгтэй.

-Хүүхдээ сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эрүүл байлгахад эцэг, эхчүүд хэрхэн анхаарах ёстой талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ маш сайн сонсогч байх ёстой. Тулгарч буй асуудлыг нь ойлгохын тулд эхлээд сайн сонсож, ярилцах хэрэгтэй. Сонсож, ярилцаж үзээгүй байж өөрсдөө таамаг дэвшүүлж тухайн хүүхдэд чиглэсэн шийдвэр гаргах ёсгүй. 8-аас дээш насны хүүхдүүд өөрсдийн насны төвшинд аль хэдийнэ шийдвэр гаргаад эхэлчихсэн байдаг. Тэгэхээр тухайн хүүхдийнхээ бодож, санаж байгаа зүйлсийг асуугаад ярилц. Дараа нь тухайн хүүхдийн хийж болохооргүй зүйл байвал яагаад болохгүй вэ гэдгийг тайлбарлаж өг. Зүгээр л үүнийг хийж болохгүй гэсэн байдлаар хэлчихдэг. Энэ байдалд яагаад гэдэг асуултад хариулт аваагүй учраас хүүхэд түүнийг улам их сониучирхдаг.

Дэлгэцийн хэрэглээнд хяналт тавь. 0-2 насны хүүхдэд дэлгэц хэрэглэхгүй. Эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг нэг алдаа бий. Өөрсдөө дэлгэцийн хэрэглээ ихтэй байж хүүхдэдээ хориглож, хязгаар тавьдаг. Тухайн хүүхэд эцэг, эхээсээ үлгэр дууриалал авч байдаг. Тиймээс эцэг, эхчүүд ч өөрсдийн үйлдэлд анхаарч, үйлдлээрээ үлгэрлэ. Хүүхдэдээ насанд нь тохирсон зүйлийг л хийлгэ, үзүүл.

Хуульч П.Эрхэмбаяр: 11 настай хүүхдийн хэрэг бол эрүүгийн хууль тогтоомж хоцрогдолд орсны тод жишээ
Хуульч П.Эрхэмбаяр: 11 настай хүүхдийн хэрэг бол эрүүгийн хууль тогтоомж хоцрогдолд орсны тод жишээ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.