Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульч П.Эрхэмбаяр: 11 настай хүүхдийн хэрэг бол эрүүгийн хууль тогтоомж хоцрогдолд орсны тод жишээ

Ангилал
 Хууль эрх зүй Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 16 секунд

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2021.08.07-ны өдөр 11 настай хүүхэд бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тэгвэл Монгол Улсын Эрүүгийн хуульд бага насны хүүхдэд хариуцлага үүрүүлэх талаар зүйл заалт байхгүйн улмаас 11 настай хүүд хариуцлага тооцох боломжгүй байгаа юм. Тэгвэл уг хэрэгтэй холбоотой хууль эрх зүйн орчин ямар байгаа талаар Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын Эрүүгийн хуульд 14 болон түүнээс дээш насны хүүхдийг хэрэг хүлээх чадвартай гэж үзсэн байдаг. Энэ заалт нь манай улсын хууль эрхзүйн орчинд хэр нийцэж байна?

-Насны хязгаар болон бие бялдарын онцлог, хүүхдийн сэтгэлзүйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон уг хуулийг боловсруулсан байдаг. Угтаа хууль гэдэг бол нийгмийн харилцаа, одоогийн нөхцөл байдлаас 10 жилийн урдахыг харж, байнга түрүүлж явах шаардлагатай. Тиймээс уг хуулийг эргэн харах шаардлага үүсч байна гэж хэлж болохоор байна.

Жишээлбэл, 1997-1998 оны үед булш ухах гэмт хэрэг гарч эхэлсэн. Түүнээс өмнө Монголчууд бурхан болоочийнхоо булшийг ухаж, сэндийчдэггүй байсан. Гэтэл 1990 оноос хойш ардчилсан хувьсгал ялж, хүн бүр эрх чөлөөтэй болсоноос үүдэн, хард рокууд булшин дотор орж, зургаа авахуулахаас эхлээд хэд хэдэн өөр шинэ харилцаанууд бий болсон байдаг. Үүнээс үүдэн 2002 онд Эрүүгийн хуульд булш сүйтгэх гэмт хэрэгтэй холбоотой болон бусад харилцааг зайлшгүй хуульчилаад, эрүүгийн хариуцлага оногдуулдаг болсон.

-Хамгийн сүүлд 11 настай хүүхэд бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Энэ жишээн дээр дурьдвал 11 настай хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл боломж одоогоор бий юу?

-Уг гэмт хэрэг бол манай эрүүгийн хууль тогтоомж хоцрогдолд орсны тод жишээ. Бие физологи, сэтгэхүйн хувьд 11 настай хүүхэд хүн алах гэдэг зүйлийг ойлгоод, хүний биед хохирол учруулах хэмжээнд хүрчихсэн байна.

Манай улсын хувьд 0-13 хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд гэж үздэг. Яагаад гэвэл бага насны хүүхэд өөрөө бие дааж, хэрэг хариуцах чадваргүйн дээр нь эцэг эх, асран хамгаалагчийнхаа хараа хяналтад байдаг. Эрүүгийн хуулийн 6.2.1-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Ингэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг ч мөн зааж өгсөн байдаг. Тухайлбал, мөн хуулийн 6.2.2-т “Арван дөрвөөс арван зургаа хүртэлх насны хүүхэд бие физологийнхоо хувьд, хүсэл эрмэлзлэлийнхээ хувьд юуг ойлгож, юуг ойлгохгүй байна гэдгийг харгалзан үзээд энэ насны хүүхэд /Хүн алах, хүчиндэх, хулгай хийх, дээрэмдэх/ гэдэг зүйлд тохируулан хариуцлага хүлээлгэдэг.

Иймээс одоогоор манай улсад 11 настай хүүхдэд ямар нэг хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байхгүй. Үүнээс харахад Монгол Улсын хууль тогтоомжид нэг хийдэл гарчихаад байгаа юм. Энд бага насны хүүхдүүдийг гэмт хэрэгтэн болоосой гэсэн зүйл огт байхгүй. Харин хуулиа эргэн харах шаардлага үүссэн гэдгийг харж болох юм.

-Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ. Эцэг эх, асран хамгаалагчийг саатуулах, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсний дараа ял шийтгэлийг оноох ч гэдэг юм уу?

-Эрүүгийн хууль тогтоомжид ял халдаахгүй гэсэн ойлголт байдаг. Энэ юу вэ гэхээр хүүхэд нь онц ноцтой хэрэг үйлдсэн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид нь ялыг ноогдуулахгүй гэсэн үг юм. Тэгэхээр субъект буюу хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн хэргийнхээ үр дагавартаа хариуцлага хүлээх гэсэн ойлголтыг хэлээд байгаа юм. Иргэний эрх зүйн харилцаанд 0-14 нас хүрээгүй хүүхэд өөрийн хийсэн үйлдлээ бүрэн ухамсарлах чадваргүй учир эцэг эх, асран хамгаалагчид хохиролыг барагдуулах зэрэг үүргийг хүлээдэг.

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-14 насанд хүрсэн, 16 хүртэлх насанд хорих ялаар шийтгэгдэж байгаа тохиолдолд гурван төрлийн хариуцлага хүлээлгэдэг. Үүнд, албадлагын арга хэмжээ авах, сургалт хүмүүжлийн арга хэмжээ авах, зорчих эрхийг хязгаарлах гээд өсвөр насны хүүхдэд зориулсан гурван төрлийн ял байдаг.

Гэтэл хамгийн сүүлийн гарсан жишээн дээр тухайн хэргийг үйлдэгч маань өөрөө 11 настай учир өөрт нь тохирсон ял шийтгэл байхгүй байгаа. Тиймээс хүүхдийг эрүүгийн хариуцлага үүрэх насанд хүрэхэд нь нөхөж шийтгэх боломжгүй. Одоо бол энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс эрүүгийн хууль тогтоомжийг эргэн харж, судлаачид, эрдэмтэд зайлшгүй ажиллах шаардлагатай болоод байна.

-Тэгвэл уг хуулийн зүйл заалтыг өөрчлөх боломж бололцоо байгаа болов уу?

-Бага насны хүүхэд гэмт хэрэг үйлдэж болох юм байна гэсэн хандлага үүсч болохоор нөхцөл байдал үүсч байна. Угтаа бол хүүхдүүдийн сэтгэхүйд “надад үүрүүлэх хариуцлага байхгүй юм чинь би хулгай хийж, хүн зодож болох юм байна” гэсэн ойлголт байж болохгүй. Тэгэхээр үүн дээр эрдэмтэн судлаачид маань ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, яаралтай өөрчлөлт оруулж болно.

-Урьд өмнө бага насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй байсан ч хүний амь насанд хүрсэн тохиолдол төдийлөн байгаагүй учир одоо л үүн дээр гол анхаарлаа төвлөрүүлж, эрүүгийн хуулиа эргэж харах шаардлага үүсээд байна гэж үзэж болох болов уу?

-Бидний аав ээжийн үед 14 настай хүүхэд хүн алах талаар огт мэддэггүй байсан. Гэтэл одоо нийгэм өөрчлөгдөн хөгжихийн хэрээр бага насны хүүхэд хүн алах талаар ойлголттой болоод байна. Энэ нь тэдний үзэж байгаа, сонсож байгаа, тоглож байгаа тоглоомноос хамааралтай байж болно. Энэ нь өнөөгийн хүүхдүүдийн сэтгэхүйн хөгжил ямар төвшинд хүрч байгааг тод харуулж байна. Өнөөдөр хүүхдүүдийн сэтгэхүй маш хурдтай хөгжиж байгаа шүү дээ. 8 настай хүүхэд 16 настай хүүхдүүдийн хөгжлийг гүйцээд оччихоор хууль тогтоогчид насны хязгаарыг хэрхэн зохицуулах ёстой вэ гэдгийг эргэн харах шаардлагатай болчихож байгаа юм.

-14-өөс 18 хүрээгүй хүүхдүүдэд хүнд ял оногдуулахгүй гээд эрүүгийн хуулинд заагаад өгчихсөн байдаг юм билээ. Мэдээж хүнд ял гэхээр бүх насаар нь хорих ялыг хэлдэг байх. Үүнийг хэрхэн зохицуулдаг юм бол?

-Тийм ээ. Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай тусгай бүлэг бий. Уг бүлэгт хэдэн настай хүүхдэд хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг мөн ямар ямар гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлага хүлээлгэх болон хүлээлгэхгүй байх, хариуцлага хүлээлгэх бол ямар ял төлөвлөх вэ, хүнд гэмт хэрэг үйлдээд ял нь урт байвал хэрхэн яаж оногдуулах вэ гэдгийг шүүх шийднэ гээд бүтэн харилцааг зохицуулсан хуулийн заалт бий. 18 нас хүрээгүй хүүхэд бол бүрэн гүйцэд насанд хүрээгүй гэсэн үг юм. Иймээс хүнд ял оногдуулах боломж байдаггүй.

Тухайлбал, 15 настай хүүхэд гэмт хэрэг үйлдээд 8 жилийн хорих ял авлаа гэж бодоход дээр дурьдсан гурван төрлийн ялаас сонгож, зорчих эрхийг нь хязгаарлаж байгаад 18 нас хүрэхэд нь хорих байгууллагад шилжүүлэх эсэхийг шүүхээс шийдвэрлэдэг.

-Ярилцсан баярлалаа.

-Баярлалаа.

ГБХЗХГ: Хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна
ГБХЗХГ: Хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.