Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд боллоо.

Баярын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн залуу нас, эрдэм оюунаа зориулсан ахмад зүтгэлтнүүд, өнөөдөр энэ салбарыг түүчээлэн авч явж буй ажилтан, албан хаагчид, малчин, тариаланч, баялаг бүтээгчдэд түүхт ойн баярын мэнд дэвшүүлээд, олон мянган жил мал аж ахуйд тулгуурлан хөгжиж ирсэн Монгол Улс цаашдаа малын гаралтай түүхий эдээ боловсруулдаг үйлдвэрлэгч, экспортлогч орон болох ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Мөн хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар баярын мэндчилгээгээ тус тус илгээлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр баярын хурлын гол илтгэлийг тавьж, салбарын үе үеийн зүтгэлтнүүд, ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлд хүндэтгэл үзүүлэв.

Тэрбээр “Орчин цагийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтолцоо бүрэлдэн тогтсон цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгмийн өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагад нийцсэн бодлогыг тодорхойлон, хэрэгжүүлсэн Төрийн захиргааны төв байгууллагын хамт олон, үе үеийн ажилтан, албан хаагчид, малчин, тариаланч, баялаг бүтээгчдийн хамтын хөдөлмөр зүтгэлийн үр дүн болохыг цохон тэмдэглэж, баяр хүргэе” гэлээ.

Өнөөгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь тэртээ 100 жилийн өмнө 1924 онд мал аж ахуй, газар тариалангийн салбарын бодлогыг хэрэгжүүлж, түүнийг удирдан чиглүүлэх үндсэн үүрэг, зорилгоор Аж ахуйн явдлын яам нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тэр үеэс хойш он цагийн хувьслыг даган чиг үүрэг нь тэлсээр хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэр гэсэн улс орны эдийн засгийн гол салбарын бодлогыг тодорхойлох, чиглүүлэх чухал үүргийг гүйцэтгэж иржээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өдгөө Монгол Улсын ДНБ-ий 33.2 хувь буюу 22.8 их наяд төгрөгт хүрч, нийт ажиллах хүчний 46.7 хувь нь тус салбарт ажиллаж, орон нутгийн эдийн засгийн 85 хувийг бүрдүүлж байгааг салбарын сайд танилцууллаа.

Баярын хуралд оролцсон салбарын зүтгэлтнүүдийг төлөөлж, Монгол Улсын гавьяат эдийн засагч, 2000-2004 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албыг нэр төртэй хашсан Д.Насанжаргал үг хэлж, баяр хүргэлээ.

Хурлын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнав.

Менторшип хөтөлбөрийн бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ
Менторшип хөтөлбөрийн бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ
 
МҮБХ-ноос Улсын арслан Маамын Лхагва агсныг аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа
МҮБХ-ноос Улсын арслан Маамын Лхагва агсныг аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!