Гэр хорооллын саарал гудамжууд эмх замбараагүй ярайж, нохдын боргох дуу сэтгэл сэглэх шиг тавгүйтүүлэн, согтуу аавыгаа хормойдож зогсоо алаг үрсийн зураглалыг алсаас харж зогсоно гэдэг даан ч бэрх. Энэ л нийгмийн хар бараан дүр зургаас өнчин хүний хоолой, согтуу эцэгтээ хүчирхийлүүлсэн амь тавиж буй охины хоолой, “архины мөнгө олж ирэхгүй бол ална шүү чамайг" гэх захирангуй дуун, гөлөмцүү ээждээ занчуулсан хүүгийн нулимс энгэрээ нэвтэлж чадахгүй чичирхийлж байгаа нь өнөөдрийн манай нийгмийн бодит байдал.
Цагдаагийн байгууллагад 2021 оны эхний долоон сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 296 бүртгэгдсэн байна
Жишээ татахад Цагдаагийн байгууллагад 2021 оны эхний долоон сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 296 бүртгэгдсэн байна. Гэтэл энэ хүүхдүүд хүрээлж байгаа гэр бүл, найз нөхөд, мөн ойр дотны хэн нэгний ямар нэг нөлөөнд автах нь их. Энэ байдлаас улбаалан тухайн орчны таагүй нөлөө, архи дарс, мансуурах, донтох, амархан өдөөгдөж сөрөг зан төлөвтэй болох, гэмт хэрэг үйлдэх, өртөх шалтгаан болж байдгийг хэн бүхэн мэднэ. Наймдугаар сарын 07-ны бямба гарагийн орой л гэхэд 11 настай хүүхэд 13 настай охины биед мэсээр халдаж амь насыг нь бүрэлгэсэн. Мөн долоон настай дүүг нь мэсээр хүнд гэмтээсэн хэрэг гарлаа. Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор хутгалуулж амиа алдсан 13 настай охины ах ergelt.mn сайтад өгсөн ярилцлагандаа, “Хохирогч хүүхдүүд маш хэцүү нөхцөлд амьдардаг байсан. Хохирогч хүүхдүүдийн ээж нь архины хамааралтай учир тэднийг анхаарч, асардаггүй байсан” гэдэг үгийг хэлсэн байдаг. Тэгвэл олон нийт бага насны хүүхдийн онц ноцтой гэмт хэрэг, хэдэн удаа хутгалж амь насыг нь хохироосон, хэрэг болсон газар гэх мэт сенсааци хөөсөн мэдээлэлд автаж асуудлын гүнийг хэн ч ухахыг хүссэнгүй бололтой. Гэтэл асуудлын уг үндэс нь өнөөх архидалт, гэр бүл салалт, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадаагүй томчуудтай холбогдож байна. Манай нийгэмд архидалт ямар хэмжээнд байгааг, ямар үр дагаварт хүргэж байгааг харж болно. Гэр бүлийн харилцаа ариун нандин байх хэрэгтэй биш гэж үү. Гэтэл архины хамааралтай аав ээжийн золиос нь гэнэн цагаан хүүхдүүд болж байгаа нь эмгэнэлтэй.
Хүнд хэцүү гэр бүлд өссөн хүүхдүүдийн 50 шахуу хувь нь нийгмийн хамгийн хүнд БУРУУ ЗАМААР хүмүүждэг
Үүнтэй холбоотойгоор манай сайтад сэтгэл судлаач Я.Батхүүгийн өгсөн ярилцлагад: "Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаа нь гэр бүлийн хүмүүжилтэй салшгүй холбоотой. Гэр бүлийн хүмүүжил бол анхдагч суурь юм. Хүнд хэцүү гэр бүлд өссөн хүмүүсийн 50 хувь нь шахуу нийгмийн хамгийн хүнд элементүүд буюу алуурчин, биеэ үнэлэгч, хулгайч, хар тамхичин болдог. Үлдсэн хувь нь өөр замаар явдаг. Дорнодод болсон хэрэг байна. Энэ бол гэр бүлийн хүмүүжил маш муу байсан хүүхдүүд гэж таамаглаж хэлж байна. Хүүхдүүдээ анхаардаггүйгээс болж хүүхэд нь гэмт хэрэгт холбогдож байж болзошгүй. Хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүйгээс болж хүүхдүүд дутуугийн мэдрэмж авдаг байсан байж болзошгүй.
Мөн өөр нэг зүйл нь манай нийгэм хэт замбараагүй байна. Төрийн бодлого асар буруу явж байна. Жишээ нь, телевизүүдээр гарч байгаа кинонууд бүгд алаан хядаан, зодоон нүдээнтэй. Ийм юм үзэж байгаа хүүхэд зөв бурууг ялгадаггүй асуудлыг ингээд шийддэг л гэж ойлгоно. Нийгэм хэтэрхий бохир хатуу байна” хэмээсэн юм.
Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг шүү дээ. Хүүхэд юу харна түүнийг л дуурайдаг нь жам юм. Хүүхэд согтуу хүн харчихаад дараа нь найз нөхөдтөйгөө наадахдаа дуурайж байхыг бид олонтаа харсан. Хөлчүүүрсэн нийгмийн улаанаараа эргэлдсэн нүднээс хүүхдийн уйлж суугаа дүр зургийг арчиж хаях хэрэгтэй. Архи уухгүй байлаа гээд үхсэн хүн байхгүй. Архи угаад үхсэнийг нь, архи уугаад ар гэрээ, амьдралаа,үр хүүхдээ үрэн таран хийснийг нь л харин сонсож байна. Тартагтаа тулсан нийгмийг архинаас салгах, энхрий бяцхан үрсээ өнгөтэй өөдтэй байлгах төр засгийн оновчтой бодлого чиглэл л хэрэгтэй байна.
Бид ямар ирээдүйг хүсэж байна вэ
Цагаан цаасан дээр ариун нандин үгийг сэтгэл бахдам бичдэг болохын тулд өнөөдөр л бид үр хүүхэдтэйгээ ойрхон байж архи дарсны хэрэглээг багасгах нь зүйтэй. Ядаж амралт зугаалга, гэр орондоо наргиж цэнгэхдээ архидаж суудгаа болох хэрэгтэй. Зөв үлгэр дуурайл, урмын үгсийг тэдэнд харамгүй хайрлаж байцгаая. Хүүхэд бүр аавыгаа ажлаас ирэхэд тосоод гүйдэг, ээж нь тортой хүнсээ цуглуулахад дэмнэн тусалдаг тийм л гэр бүлийн ариун нандин зүйлийг хүсдэггүй гэж үү.
Тэгвэл энэ цаг мөчөөс эхлээд хүүхэд бүрийн энэ хүсэл биелж, тэр хүслийг нь мянга, мянган эцэг эхчүүд биелүүлж өгөөсэй.