Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ааваа гэж дуудахад энэ хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болж хувирдаг”

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
13 минут 52 секунд

Өнөөдөр бол “Аав” хэмээх алдрыг аз жаргал, үүрэг хариуцлагатайн цуг дааж яваа хэн бүхний баярын өдөр. Амьдралд тулгарах саад бэрхшээл бүрийг зөвхөн үрийнхээ төлөө туулж гарах тэнхээ тэднийг охид, хөвгүүдийнхээ урьд хэзээ ч сонсож байгаагүй “супер баатар” болгон хувиргадаг биз ээ. Тэгвэл үр хүүхдийнхээ маргаашийг гэрэлтүүлэхийн тулд өнөөдөрт зүтгэж яваа залуу аавуудын төлөөлөл болгон нэгэн эрхмийг онцольё. Тэр бол олны танил дуучин, жүжигчний аль нь биш. Харин өөрийн болоод өрөөлийн олон гэр бүлийг эерэг болгохоор олон олон аавуудыг эгнээндээ нэгтгэсэн ААВ юм.

Түүнийг Түмэнжаргалын Цэнд-аюуш гэдэг. Тэр Нийслэлийн Байгаль орчины газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнгээр ажилладаг төрийн албан хаагч. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Харин түүний гэргий арьс гоо заслын технологич мэргэжилтэй. Т.Цэнд-аюушийг цахим сүлжээнд аавуудын группын админ гэдгээр нь мэднэ.

“Ааваа гэж дуудахад энэ хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болж хувирдаг”

“...Үхэх төрөх адил гэдгийг эхнэрээ төрөх мөчид л нүдээр харж, ойлгосон” хэмээн ярих Т.Цэнд-аюуш эхнэрээ төрөх үед төрөх өрөөнд цуг байсан аж. Тухайн үед ээжийгээ, хань ижлээ, эмэгтэй хүн бүрийг илүү ихээр хүндэлж бишрэх сэтгэгдэл төрсөн талаараа хэлсэн юм. Тэрбээр Хүмүүс анхны хайр гэж их ярьдаг даа. Миний хувьд анхны хүүхдээ өлгийдөн авах мөчид анхны хайр гарч ирдэг гэж ойлгодог. Учир нь аав болох тэр мэдрэмжийг үгээр хэлж чадахгүй юм. Тухайн үед яаж баярлаж, хэр их догдолж байсан бэ гэдгийг илэрхийлэхэд үгийн хүч дутах байх.

Аавууд бид хань ижлээ цаг ямагт хайрлаж, халамжлах ёстой юм байна гэсэн мэдрэмжийг авч байсан даа. Аав болж байгаадаа баярлахын сацуу түүнийг дагасан асар их үүрэг, хариуцлага өөрт минь ирж байгааг ойлгосон” гэсэн юм.

Эцэг болох амархан. Харин аав болох хэцүү гэх үг ч бий. Аав хэмээн дуудуулах нь сайхан ч түүнийг дагасан асар том хариуцлага ирдэг нь цор ганц үнэн билээ. Бид түүнээс аав байхын үүрэг, хариуцлагын талаар асуухад “Эцэг хүний үүрэг, хариуцлагыг хүн бүр л өөр өөрөөр бодож, тунгаадаг байх. Миний хувьд нэг аав эерэг байвал нэг гэр бүл эерэг байна гэж боддог. Тэгэхээр өөрийн үргэлжлэл болж буй хүүхдээ зөвөөр хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд эцэг хүний үүрэг оролцоогоо мэдэрч, илүү эерэг, илүү ЗӨВ байх хэрэгтэй юм болов уу. Аавуудын хамгийн чухал хандлага бол хүүхдүүдийнхээ дэргэд ЗӨВ байж, өөрийнхөө үг үйлдлээрээ үлгэрлэх явдал” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Орой ажлаасаа орж ирэхэд урдаас минь “Аав аа” гэж дуудахыг сонсох мэдрэмж юутай ч зүйрлэшгүй. Түүнээс хүртэх мэдрэмжээр би энэ хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болж хувирдаг. Гэр бүлтэйгээ байх цаг хугацаа, хором мөч бүхэн хамгийн сайхан” гэв.

“Ням гараг бүрийг ГЭР БҮЛИЙН ӨДӨР болгож, цугтаа өнгөрүүлдэг болсон”

Т.Цэнд-аюуш хүүхдүүдийнхээ дэргэд аль болох зөв байхыг эрмэлздэг хэмээж байв. Ингэхдээ хамгийн энгийн алхмаас л ЗӨВ үлгэр дууриалал эхэлнэ гэдгийг онцолж байсан юм. Мөн үүний нэг нь гэр бүлдээ цаг зав гаргах гэдгийг хэлж байлаа. Энэ талаар тэрбээр “Гэр бүлдээ аль болох цаг зав гаргахыг хичээдэг аав нарын л нэг. Гэр бүлдээ ажил амьдралынхаа цаг заваас илүүг гаргадаг. Саяхан л гэхэд манай гэр бүл ярилцаад долоо хоног бүрийн Ням гарагийг гэр бүлийн өдөр болгосон. Гэр бүлийн өдрөөр зөвхөн гэр бүлдээ цаг заваа гаргаж, гар утаснаас хол байж хүүхдүүдтэйгээ цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэхээр шийдсэн. Өнгөрсөн долоо хоногийн гэр бүлийн өдрөөрөө бид байрны гаднах хогоо түүсэн” гэлээ.

“Нийгмийн сайн сайхан бүхний эхлэл нь аавууд учраас аавуудын группийг үүсгэн байгуулсан”

Цахим сүлжээнд ээжүүдийн группуудын үйл ажиллагаа, тэнд өрнөх яриа хөөрөө ч өөр байдгийг хэн хүнгүй мэднэ. Харин энэ байдалд нийгэмд дутагдаж буй аавуудын дуу хоолойг илүү тодоор хүргэхээр Т.Цэнд-аюуш гурван жилийн өмнө аавуудын группийг цахим сүлжээнд үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл хугацаанд 100 мянга гаруй аавыг эгнээндээ нэгтгэн нийгэм рүү хандсан олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн юм. Бид түүнтэй аавуудын группын талаар хэсэг ярилцав.

-Аавуудын группын гишүүд нэгдэж хийж байгаа зүйлсийг харахад их идэвхтэй харагдсан. Олон ч гишүүдтэй юм билээ. Ер нь анх яагаад аавуудын группыг үүсгэж, тэднийг нэгдэх ёстой гэж бодсон юм бэ?

-Аавуудын группийг анх үүсгэн байгуулах болсон бяцхан түүх бий. Одоогоос гурван жилийн өмнө ЗГ-аас хүчирхийллийн эсрэг аян зарлаж, аяны хүрээнд тухайн тойрог бүрээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь аймаг, дүүрэг бүртээ хүчирхийлэл гэж юу вэ гэдэг яриа хийх ажлыг зохион байгуулсан. Тухайн ажлын багт би орсон. Сэлэнгэ аймагт очихдоо авсан нэг мэдрэмж байдаг. Манай нийгэмд аав хүний үнэлэмж яагаад ийм бага болчихсон юм бэ гэх мэдрэмжийг авсан. Яагаад хар бараан зүйл бүрийн ард эрчүүд, аавууд яригддаг болчихсон юм бэ гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Учир нь Сэлэнгэ аймагт нэгж бүр дээр очих шаардлагатай болж 3-4 хоног ажилласан. Тэр өдрүүдэд олон хүүхэд, эмэгтэйчүүдтэй уулзаж, ярилцаад явж байхад яригдаж байгаа хүчирхийлэл бүрийн цаана аав гэдэг хүн байсан учраас тэр мэдрэмжийг авсан байх л даа.

Үүний дараа хотод ирчихээд байж байхда цахим сүлжээнд ээж, эмэгтэйчүүд нэгэн нийлж цэцэрлэгийн өргөтгөл барьж улсад хүлээлгэн өгсөн гэх мэдээг хараад тэднийг маш их хүндэлсэн. Урьд бие биеэ таньдагүй байсан ээж, эмэгтэйчүүд зөвхөн цахим сүлжээнд нэгдэн нийлж үр хүүхдийнхээ төлөө зоримог алхмыг хийж чадаж байхад аавуудын оролцоо хаана байна гэж бодсон. Миний хамгийн түрүүнд бодсон зүйл бол цахим сүлжээнд аавууд, залуусын нэгдэл байгаа эсэхийг хайж үзсэн явдал. Анх нийгмийн сайн сайхан бүхний эхлэл нь аавууд учраас аавуудын группийг үүсгэн байгуулж байсан түүхтэй.

-Их сонирхолтой түүх байна. Нийгэмд ээжүүдийн нөлөөлөл, орон зай л их байан санагдана. Аавуудын группийн хамгийн гол зорих шугам юу байсан бэ?

-Магадгүй Улаанбаатар хотын аль нэг гудамжинд миний охин явж байхад хэн нэгэн залуу цохиод унагаачихаж мэдэх тийм л нийгэмд амьдарч байна. Хүүхдүүд нь “Аав аа, ээж ээ багш цагаан шугамаар гар гэсэн” гэдгийг хэлэхэд яарч байна гэх шалтагаар зам хөндлөн хүүхдээ чирээд гарч байгаа эцэг, эхчүүд ч байдаг. Яагаад энэ мэт нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийг аавууд нэгдэн нийлж залруулж болохгүй гэж, үр хүүхдэдээ зөв үлгэр дууриалал үзүүлж чадахгүй гэж бодсон учраас аавуудын группээр олон нйит рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх дуртай байдаг. Группын маань 114 мянган аав зөв зүйл дээр нэгдэж, тусалж дэмжиж, хамтран зохион байгуулж ирсэн.

-Өнгөрсөн хугацаанд нийгэм рүү хандсан хэчнээн үйл ажиллагааг зохион байгуулсан бэ. Аавуудын группийн сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцвал?

-Өнгөрсөн хугацаанд Аавуудын группынхэн 30 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Тухайлбал, “Байртай аав, ээж” гээд хөтөлбөрийн хүрээнд нэгэн залуу аав, ээжийг байртай болгосон байна. Аавууд ээжүүддээ зориулж улсын хоёрдугаар төрөх эмнэлэгт төрөх ор бэлэглэж байлаа. Түүнчлэн одоогийн байдлаар аав, ээжээ харамсалтайгаар алдсан хоёр хүүхдэд хашаанд нь байшин барьж өгч байгаа бөгөөд ажил дуусах шатандаа яваа. Аавуудын группынхны зохион байгуулсан том, жижиг гэлтгүй бүх л арга хэмжээ, үйл ажиллагаануудаар бахархах дуртай. Энэ бүхнийг цугтаа зохион байгуулдаг аавууддаа талархал илэрхийлье.

-Таны анх ярьж байсан нийгэм дэх аавуудын, басхүү эрчүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг хүссэн болов уу?

-Ажил амьдралынхаа болон гэр бүлдээ зориулах цагаасаа илүүчилж, нийгэм олон нийт рүү чиглэсэн ажлуудаа аавуудын группынхэнтэйгээ хийх дуртай байдаг. Энэ зүйлийг үнэхээр дурлаж хийдэг. Учир нь, хэн нэгэн гэр бүлд тусалж, өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэх, Туул гол дагуух хогийг түүлээ гэх мэт ямарваа нэгэн ажлыг аавуудын группынхэн зохион байгуулахад нийгэмд хэзээ ч Цэнд-аюуш яасан мундаг юм бэ гэж ярьдаггүй байхгүй юу. Үүний цаана аавууд нэгдэн нийлж, нийгмийнхээ сайн сайхны төлөө ямар зүйлсийг хийж чадаж байна вэ гэдгийг хүмүүст харуулж чадаж байгаа учраас магадгүй нийгэм дэх аав гэдэг хүний үнэлэмжийг өсгөхөд бага ч болтугай нэмэр болж байгаа гэж боддог.

“Би одоо ч аавынхаа хэлж буй үгс, хийж байгаа үйлдлээс суралцаж явдаг”

Бид аавуудын баярын энэ өдөр түүнээс аавтайгаа холбоотой дурсамжаасаа хуваалцахыг хүслээ. Т.Цэнд-аюуш аавынхаа талаар ийнхүү ярьсан юм. “Аав хэмээх үнэ цэнэтэй бөгөөд хариуцлагатай “алдрыг” зүүсэн хүн бүрт аавуудын баярын мэндийг хүргэе. Би өнөөдрийг хүртэлх хугацаанд ааваараа нэг ч удаа зодуулж үзээгүй. Загинуулж байсан тохиолдол маш цөөхөн. Аав минь бүх зүйл дээр надад хамгийн зөв үлгэр дууриалал болсон хүн. Надтай бага байхаас минь бүхий л зүйлээ цугтаа хийдэг байсан. Машин засахдаа тэр байтугай жижигхэн ус буцалгагч засахдаа хүртэл надтай хамт хйидэг байсанд нь их баярладаг байсан. Одоо ч аавынхаа хэлж буй үгс, хйиж буй үйлдлээс үргэлж суралцаж байдаг.

Анх гэр бүлээ зохиох гээд эхнэрээ аав, ээждээ танилцуулж байх мөчид аавын надад хандаж хэлсэн үг толгойноос ер гардаггүй. “Миний хүү, чиний сонгосон амьдралд чи өөрөө хамгийн их хариуцлагатай байх ёстой. Өөрийн чинь хийсэн сонголт бүрд аав, ээж хоёр нь ямар ч үг хэлэхгүй, 100 хувь хүлээн зөвшөөрөх болно. Хамгийн гол нь илүү их хариуцлагатай байгаарай” гэж захиж байсан нь одоо ч санаанд тод” гэлээ.

Харин ярилцлагын төгсгөлд бид түүнээс үр хүүхэддээ үлдээх нийгмийг ямар байгаасай гэж хүсдэг талаар асуухад “Үгээрээ, үйлдлээрээ зөвөөр үлгэрлэдэг байх нийгмийг үр хүүхэддээ үлдээхийн төлөө зорьж яваа. Ингэж байж миний, чиний үр хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах болно. Айл бүрийн ноён нуруу болсон эцэг хүн хүүхдүүдээ зөвөөр хүмүүжүүлж чадвал бидний үр хүүхдийн амьдрах нийгэм, ирээдүй илүү гэгээтэй аз жаргалтай байх юм болов уу гэж бодож байна” гэсэн юм.

Бургаснаас зүүгдэж байсан хоёр хүүхдийг аварчээ
Бургаснаас зүүгдэж байсан хоёр хүүхдийг аварчээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.