Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнийн АН-ын зарим нөхөд О.Баасанхүүг Сонгинохайрханы нөхөн сонгуульд өрсөлдүүлэхээр “ХУРЦАЛЖ“ эхэлсэн сурагтай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 53 секунд

Монголын улс төр яг одоо түр "амарч" байна, ганцхан гишүүн асан О.Баасанхүүгээс бусад нь. Тун удахгүй намраас улс төр нам нь байтугай ордон нь, ордон нь байтугай төр. Төр нь байтугай ард түмэн нь даахгүй болтлоо “донсолно”.

Гэхдээ бүгд унтаж, хөдөө гадаа тэнэж явахад тэр яагаад зунжин тасралтгүй улс төрийн акц өрнүүлж яваа нь цаанаа учиртай. Эх сурвалжийн мэдээлснээр АН-ын зарим гишүүд О.Баасанхүүг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлье гэдэг байр суурийг илэрхийлжээ. Тэр ч байтугай "хурган" тохироонд хүрсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ хэсэг нөхөд нь яриад О.Баасанхүүг нэр дэвшүүлчихье гээд шийдчих боломжгүй. Нэг хэсэг хүмүүс байтугай, УИХ-ын гишүүдээр зузаатгасан нэг нам нь хүртэл сонгуульд хүнээ дэвшүүлж чадахгүй эрх баригчдын гарыг харсан шүү дээ.

Харин мань хүн өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тасралтгүй улс төрийн акц хийж яваа харагдсан. Хэрэв анзаарсан бол гишүүн асан О.Баасанхүү наадмын өмнөх өдөр ч, наадмын дараа ч, ер нь алхан тутамдаа улс төрийн байр суурийг идэвхтэй илэрхийлж, ирээдүйн улс төрөө эрэлхийлж явна. Итгэхгүй бол сошиал хуудсуудаар нь зочилж “Засгийн газрыг огцрохыг шаардсан лайв”, Ерөнхий сайдыг “муулсан” гаргалгаа нь харж болно. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт намынхантайгаа гарч ирээд УДШ-ийн Ерөнхий шүүгч болон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай холбоотой улс төрийг тун ч дорвиун “хийж” байгаа харагдсан. Ер нь бол О.Баасанхүү “гэрийн даалгавраа” маш сайн гүйцэтгэж байгаа. Нэр дэвшдэггүй юм аа гэхэд ядаж улс төрөөс мартагдахгүй хэмжээнд л биеэ авч явна.

Нөгөө талаасаа нь бодоход хэрвээ С.Эрдэнийн АН-ын хэсэг нөхөд О.Баасанхүүг Сонгинхайрханы нөхөн сонгуульд “сойх” гэж байгаа нь үнэн бол тас хөндлөн буруу сонголт лав биш. Яагаад гэвэл Сонгинонхайрханд МАН-аас нэр дэвших магадлалтай хүнээр Энхбаярын Батшугар нэрлээд буй. Өнгөрсөн сонгуулиар Н.Энхбаяр уг тохирооны төлөө л “зэвсгээ” МАН-д хураалгаж "дагаар" орсон гэж улс төрийн хүрээнийхэн ярилцах болоод удаж байна. Тиймээс Сонгинхайрханд МАН-ын нэр дээрээс босч “барилдах” Н.Энхбаярын хүүгийн өөдөөс МАХН-ын нэр дээрээс хоёр ч удаа гишүүнээр сонгогдож байсан О.Баасанхүүг тавихад буруудах зүйлгүй. Дээр нь О.Баасанхүүг Э.Батшугартай харьцуулахад улстөрчийн хувь үнэлэмж, ерөнхий рам, ранкаараа тун давгүй гэж харьцуулагдана. Мөн зөв зүйлийн төлөө дуугарч чаддаг гэж дэмжигчид их л “хайрладаг” юм билээ.

Муугаар бодоход Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан, МАХН-ыг тастаж авсан цагаас нь хойш намынх нь хамаг л хар бор ажлыг залгуулж, золгуулж нүүр тахалсаар явсан болохоор Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрын эсрэг яаж ажиллах арга барилаа сайн мэдэх хүн гэнэ. Тэдний өнгөтэй өөдтэй болон но-той ноцтой бүхий л асуудлын мань хүн мэдэх ёстой. Хэрэгтэй цагтаа хэрхэн яаж “ашиглах” нь түүний л мэдэх ур ухаан биз.

Ийнхүү ирэх намрын улс төрийн гол асуудал болох нөхөн сонгуульд АН-аас нэр дэвших эрхмүүдийн жагсаалтад О.Баасанхүү гурав дахь хүн болж орж ирлээ. Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ц.Элбэгдорж нарыг нөхөн сонгуульд нэр дэвших магадлалтай гэх улс төрийн шуум явж байсан юм. Эцсийн дүнд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд чухам энэ гурван эрхэм нэр дэвших үү, өөр “шинэ” нэр гарч ирэх үү гэдгийг яг таг тааварлаж чадахгүй. Улс төр гэдгийг онцлох чухам үүндээ л бий. Яриа хэлцэл хийгддэг ч эцсийн дүнд хэн улс төрийн хар зургаа зөв “зурж” эхэлнэ, тэр хүн хожил авдаг билээ. Тиймээс дор бүрнээ сураг ажиг тавьсаар шаргал намрыг хүлээцгээе.

Л.Баяр

Хифүми Абэ: Дүүгээ түрүүлэхийг хараад би ч гэсэн түрүүлнэ гэж бодсон
Хифүми Абэ: Дүүгээ түрүүлэхийг хараад би ч гэсэн түрүүлнэ гэж бодсон
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.