Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим наадам хийх шийдвэрийг Засгийн газар гаргасан хэдий ч иргэд, олон нийтийн эсэргүүэлтэй нүүр тулсан тул нэг жилээр хойшлуулсан. Гэвч цахим наадмын нээлт хаалтын контентод 650 сая төгрөгийг зарцуулж байгаа талаар найруулагч Г.Цоггэрэл мэдээлж байсан удаатай. Тус "Би монгол хүн" наадмын хөтөлбөрийн ерөнхий найруулагчаар "Херо" энтертайнментийн захирал Б.Баатар ажилласан. Гэвч наадмын нээлт иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. Үүнтэй холбогдуулан найруулагч Доржийн Золбаяр өөрийн цахим хуудаснаа тус наадмын хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Би Монгол хүн" наадмын хөтөлбөрийн талаар хүмүүс янз бүрээр бичиж байна. Би ч хэдэн үг хэлье.
Ноднин Херогийн Баатарын хийсэн наадмыг зурагтаар үзээд огшиж, сайхан санагдаж байсаан. Энэ жил хийнэ хийхгүй гэсэн хавчлага дор ямар ч байсан хийжээ. Хамгийн гол нь ноднингийнхоос ялгарах юмгүй шахам болсон нь сэтгэлд дундуур санагдлаа. Үзэгчид ч шинэ соргог зүйлийг хүссэн нь олон хүний постноос харагдаж байна.
Баатар бол авъяастай хүн. Хамгийн гол нь боловсролгүйдээ л ажлууд нь төгс болохгүй байгаа юм. Би залуудаа "Германд боловсрол үнэгүй байдаг юм байна. Хаяг нь байгаа шүү" гэхэд минь "Яах юм! Би алж байна ш дээ" гэж амыг таглаж байсан юм. Херогийн реклам, клипнүүд үнэхээр гоё сайхан дүрслэлтэй боловч ямар ч логикгүй байдаг. Жаахан логиктой зохиолтой л болгочихвол үнэхээр сайхан болмоор санагддаг. Зүгээр л "Ингэвэл саак байна..." гээд л хийдэг нь харагддаг. Ямар ч бүтээлийг хийхэд судалгаа чухал. Гэтэл зүгээр л харагдах талыг нь баримталж ажилладаг нь харамсалтай.
Ер нь урлаг гурван янзаар хөгжиж байх шиг.
1. Хүмүүс ийм юм л хүсэж байна.
2. Хүмүүст ийм юмыг л хүргэе.
3. Хүмүүс тэнэг. Ийм юм байдаггүй л байхгүй юу. Ийм л гурван үзлээр урлаг бүтээд байх шиг. Мань мэт нь хоёр дахь үзлээр хүмүүжсэн. Харин хошин урлаг болон Херо студи маань нэг дэхь үзлийг баримталж мөнгийг дээдлээд байх шиг.
Хамгийн гол нь кино урлагт урлаг судлаач нар байхгүй болсны гор гарч байна даа. Урлаг судлаач нар дүгнэлт гаргаж түүнийг нь уран бүтээлчид чиг шугамаа болгож ард түмнийг дагуулан гэгээрүүлэх ёстой юм л даа. СУИС-ын Соёл Урлаг Судлалын хүрээлэнд ганц ч кино судлаач байдаггүй. Бий болгооч гэж хэлээд ч дийлээгүй. Одоо залуучууд ямар судалгаагүй, он цаггүй кино хийдэг болоод байна. Судалж толгойгоо зовоохгүй шууд л хийсвэрлээд л... Яг үүний жишээ нь саяын наадам. Хожим үлдэх өв соёл бүтээж байна гэдгээ үл тоох болжээ. Яамаар ч юм бэ дээ СОЁЛЫН ЯАМ минь.
Эцэст нь хэлэхэд би найзууд шиг наадам хийж чадахгүй ээ. Наадам хийнэ ч гэхгүй. Киногоо хийж сурах гээд л ядаж байна даа" хэмээжээ.