Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан. Нар хур тэгширсэн энэ өдөр Сүхбаатарын талбайд төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. Монгол төрийн мандан бадрахын бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугийг төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлдэг уламжлалтай.
Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүлдэг билээ.
Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж, Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл Монгол түмэн шүтэн дээдэлж ирсэн билээ. Их цагаан тугийг мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат барьж байхыг бэлгэдсэн аж.