
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт “Жавхлант-Орд” ХХК-ийн нүүрсний уурхайн чиглэлд харуул А нь долдугаар сарын 8-ны 05:00 цагийн орчим тус компанийн Хамгаалалтын албаны дарга Н-тай утсаар мотоцикл эвдэрсэн, унаа явуулах боломж байна уу гэж ярьснаас хойш сураггүй болсон тухай дуудлага долдугаар сарын 9-нд бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “Жавхлант-Од” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран сураггүй алга болсон 51 настай харуул А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч долдугаар сарын 10-ны өдрийн 10:57 цагт сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т “Гүдгэрийн тал” гэх газраас тухайн иргэний цогцсыг олжээ. Цогцсыг тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.