Ковидын халдвар авсан иргэн харьяаллын бус гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай явдал өнгөрсөн хагас сайн өдөр боллоо. Чингэлтэй дүүрэгт амьдардаг, Баянзүрх дүүргийн харьяалалтай түүнийг түргэн тусламж, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Энэрэл эмнэлгийн ажилтнууд харьяаллын бус хэмээн бие бие рүүгээ түлхсээр эцэст нь талийгаач Энэрэл эмнэлгийн үүдэнд амиа алдсан юм. Уг хариуцлагагүй, сэтгэлгүй, дэндүү харгис гэмээр үйлдлийнхээ төлөө Монголын эрүүл мэндийн байгууллагынхан НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Гэвч олон нийт ач холбогдол багатай гурван эмнэлгийн даргыг ажлаас нь чөлөөлснөөр асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй гэдгийг сошиалд тасралтгүй илэрхийлсээр байна.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, өргөдлөө өгөх талаар засгийн түвшинд ярилцсан гэнэ. Одоохондоо шууд өргөдлөө өгөхгүйгээр нөхцөл байдлыг түр ажиглахаар талууд ярилцсан гэх мэдээлэл ч байна. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь яалчгүй С.Энхболд сайд байсаар ирсэн. Саяын асуудалтай холбоотойгоор олон нийт Эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн байгууллагаас улам бүр хариуцлага нэхэж эхэллээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд бараг томилогдсон цагаасаа л хүчгүй, улс төрийн повергүй гэх шүүмжлэлийг улстөрийн хүрээнийхэн болон олон нийтээс хүртэж эхэлсэн. Тэгвэл С.Энхболд сайдын үед Эрүүл мэндийн яамны удирдлагууд хоёр хуваагдаж, ажил явуулахад туйлын төвөгтэй байгааг ч зарим эх сурвалжууд өгүүлж байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар нь дотроо дэд сайд М.Баттүвшинтэйгээ таарахгүй, зөрчилдөх болжээ. Мөн дээрээс нь улс төрийн ямар нэгэн хүч байхгүй цэвэр мэргэжлийн талдаа, улс төрийн туршлагагүй, зангараг байхгүй эмнэлгийн дарга нарыг томилсон нь уг яамны ажлыг унагахад “түлхэц” болж байна гэж үзэх хүмүүс байгаа аж. Ер нь ковидын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт нөхцөл байдал муудаж байгааг Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагын унхиагүй, шийдэмгий бус, тодорхойгүй, хариуцлагагүй байдалтай холбож үзэх нь зүйн хэрэг. Тэр ч байтугай Эрүүл мэндийн яамны удирдлагуудын шийдвэр, шийдлийг бусад эмнэлгийн дарга нар хүлээж авахгүй, ихэнх тохиолдолд санал зөрөлдөх асуудал тогтмол гарах болсон гэнэ.
Ямартаа ч Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяалал ярьж бие бие рүүгээ түлхэж хаалттай хаалга татуулсаар байгаад анхны тусламж авч чадалгүй нас барсан иргэний асуудалд тун удахгүй хариуцлага хүлээх бололтой. Хэрвээ Ерөнхий сайд, Засгийн газар уг асуудалд нэн яаралтай анхаарал хандуулж, “туг” тахих хүнээ гаргаж ирэхгүй бол нийгмийн стресс, бухимдлыг дийлэхгүй эцэстээ кабинетаараа огцрох аюул ч тулгарч мэдэхээр байна. Дөнгөж төрсөн ээжийг эмнэлгээс халаад, гэрийн шаахтай гаргасны төлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч улс төрд шинэ жишиг тогтоосон. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагын хариуцлагагүй, сэтгэлгүй үйлдлээс болж эмнэлгийн гадаа нас барсан иргэний асуудалд Ерөнхий сайд хэрхэн хариуцлага ярихыг хамтдаа харцгаая.