Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Өршөөл үзүүлэх тухай" хуулийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж буй. Нийгэмд олон сараар хүлээлт үүсгээд байсан асуудал одоо л хууль болон гарахаар зэхэж байгаа ч олны хүлээлтэд төдий л хүрэхгүй байгаа бололтой. Тиймээс уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буй өмгөөлөгч О.Батсүхээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл тун удахгүй хууль болон гарах гэж байна. Харин уг хуулийн төсөлд та шүүмжлэлтэй хандаж байгаа хүний нэг. Ямар учраас хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа вэ?
-Монгол Улс ардчилсан хувьсгалаас хойш 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад Өршөөлийн хуулийг санаачлан баталж байсан түүхтэй. Эрх зүйн шинэтгэл, онцгой түүхэн ойг тохиолдуулан гарч байсан дээрх хуулиудаар гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн хүмүүсийн 40-50 хүртэл хувийг өршөөж байсан (2009 онд 2440, 2015 онд 3671 ялтныг өршөөн сулласан) атлаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээрх Өршөөл нь арай л чамлалттай байна. Үүгээрээ би бүгдийг нь өршөө гэж байгаа юм биш. Нийгэмд хор уршиг ихтэйгээс гадна үндэсний чиглэж буй үзэл, бодлогод харш Авлигын гэмт хэрэг, Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг, Хүнийг (санаатайгаар) алах, Хүчиндэх (хүндрүүлэх шинжтэй) гэмт хэрэг, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байж болно. Энэ нь ч зүй ёсны асуудал. Харин бусад гэмт хэргүүдийг адилхан өршөөлд хамруулах нь Үндсэн хуулийн үзэл санаа, агуулгад нийцнэ. Тиймд энэ удаагийн өршөөлийн хууль Өршөөл биш болж таарах гээд байна.
-Тэгэхээр энэ удаагийн хууль өмнөх жилүүдийн хуулиудаас муу хууль болж байна гэсэн үг үү?
-2015 онд батлагдаж, 2017 оны долдугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ялын санкцад зорчих эрхийг хязгаарлах ял шинээр хуульчлагдсан. Тухайн үед хууль боловсруулагчид, хууль тогтоогчид бүгд л ам уралдан энэ ялын давуу талыг дурьдаж, бараг л Монгол Улс түүхэндээ шоронжсон бодлогоос салж, хүмүүсийг нийгмээс тусгаарлалгүйгээр цээрлүүлж, бурууг нь ухааруулна гэцгээж байсан. Бүр Хууль зүйн сайд маань энэ ялыг хэрэгжүүлснээр төсвөөс жилд 3 тэрбум төгрөг хэмнэх тухай ярьж, зарим хүмүүс хэмнэсэн мөнгөөр нь юу хийж болох тухай тооцоолол гаргаад амжсан гэхэд хилсдэхгүй. Гэвч уг ялыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсаар 2021 оноос дөнгөж хэрэгжүүлж эхлээд байгаа. Тэгэхээр энэ удаагийн Өршөөлд хамрагдах гээд байгаа хөнгөн ялтай гэх 16.7 хувь маань үндсэндээ хорих ял авахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх бүрэн боломжтой байсан боловч төр уг ялаа хэрэгжүүлэх боломж өгөөгүйгээс шалтгаалан хорих ялаар шийтгүүлсэн хүмүүс болж таарах гээд байгаа юм.
-Алдаагаа залруулсан хууль гэх гээд байна уу?
-Угаасаа хорих ялаар шийтгүүлэхгүй байж болох байсан хүмүүст сонголтгүйгээр хорих ял оноочихсон тул одоо өршөөл эрж, Өршөөлийн хууль гаргаж байгаа ч юм шиг. Тэгээд ч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль 50 сая төгрөгний хохиролтой бол хүндрүүлэх шинж болон зүйлчлэгддэг. Нийгэмд инфляцийн түвшин ихсэж, мөнгөний ханш унаж байгаа цаг үед бол 50 сая төгрөгний хохиролтой гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэдэг бас ял шийтгэлийн хүнд төрөлд хамаарна. Гэтэл эдгээр нь өршөөлд хамрагдах боломжгүй тул үйлдсэн гэмт хэрэг, зөрчлөөсөө хамаарч ялгаварлан гадуурхагдаж байгаа юм. Үйлдсэн гэмт хэрэг, зөрчлөөр нь ялгаварлан гадуурхаж өршөөл үзүүлэх нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй юм. Хэрэв төр маань үнэхээр л өршөөл үзүүлж байгаа бол ялгаварлал үзүүлэлгүйгээр өршөөх хэрэгтэй. Бусад улс орнууд өршөөл үзүүлэхдээ ял эдэлж байгаа хүмүүстээ ижил тэгш өршөөгдөх боломж олгодог байхад манай улс үйлдсэн гэмт хэрэг, зөрчлөөр нь ялгаварлан гадуурхаж байна. Тиймээс яг үнэндээ энэ батлагдан гарах гэж байгаа өршөөлийн хуулийг өршөөлийн хууль гэж үзэхэд хэцүү.
-Гэхдээ ковидын хүнд цаг нөхцөлд өршөөлийн хууль цагаа олсон хууль гэж үзэх хүмүүс байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч бөөгнөрөл үүсэх, элдэв эрсдэлээс сэргийлэх учиртай гэж мэдээлсэн?
-Одоо манай нийгэмд үүсээд буй цаг үе их онцлогтой, бүр маш их онцлогтой буюу хүнд үе тохиож байна. Улс төрийн нөхцөл байдал ч яахав үргэлж л онцлогтой, хэрүүл тэмцэлтэй байдаг хойно. Харин иргэд ингэж их бухимдалтай, цөхөрч байсан үе ховорхон. Дэлхий дахинд тархаад буй аюулт цар тахал ковид-19 өвчин нийгмийг тэр чигт нь бухимдал цөхрөлд оруулж байгаа юм уу, эсхүл төр засгийн шийдвэр нь бухимдуулаад байгаа юм уу гэдэг нь ялгагдахгүй болсон цаг үетэй бид нүүр туллаа. Аюулт өвчинтэй тэмцэж байгаад өөрөө өвдчихсөн эмчид сарын цалин гэж бодож олгосон цалин нь зарим нэгний хувьд нэг удаагийн хоолны үнэд хүрэхгүй байгаа талаар цахим орчинд шуугиж байхад нэг хоригдолд өдөрт 6000-8000 төгрөг хоолны зардал гаргадаг гэх юм. Хууль зүйн сайдын танилцуулгад 2021 оны зургаадугаар сарын 28-ны байдлаар хорих ангид нийтдээ 4175 хоригдол байгаа талаар дурьджээ. Тэгэхээр энэ хүмүүсийн өдрийн хоолонд 25,050,000-33,400,000 төгрөг, сард 751,500,000-1,002,000,000 төгрөг, жилд 9,018,000,000-12,024,000,000 төгрөг хоолонд нь зарцуулж байна гэсэн энгийн тооцоолол хийж болохоор байна.
Эмч нартаа өгөхөөс гар татаад байгаа мөнгөө хорих байгууллагад хоригдож буй хоригдлуудын өдрийн хоолонд нь зарцуулж байгаа мөнгөнөөс хэмнээд гаргачихвал эдийн засгийн энэ хүнд үед байж болох л санаа.
-Энэ хуулийн төсөлд допинг хэрэглэсэн бөхчүүдийг өршөөх асуудал их шүүмжлэл дагуулж байна. Үүнийг та хуульч хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?
-2015 оны Өршөөлийн хууль гэмт хэргийн ял болон захиргааны шийтгэлээс чөлөөлж байснаараа тухайн үедээ их онцлогтой байсан. Тэгвэл 2021 оны гэх тодотгол зүүх Өршөөлийн хууль маань Үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаан өршөөн сэргээнэ гэх агуулгаар чимэг зүүлт хийгээд амжсан байна. Барьцаж байгаа юм биш л дээ... Гэхдээ энэ хүртэл өргөн хүрээнд хамарч болж байгаа юм бол бүтэн хоёр жил үйл ажиллагаагаа хязгаарлуулж, элдэв төрлийн татвар, хураамж, түрээс зэрэг хүнд ачаанаас болж сөхөрч байгаа эдийн засгаа бодоод татвар, нийгмийн даатгалын төлбөрөө төлж чадахааргүй болсон бизнес эрхлэгчдэдээ ч бас өршөөл үзүүлэхэд болохгүй нь юу байхав. Угаасаа Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжоор барилдах эрхээ хасуулсан хэдхэн нэр бүхий бөх л байгаа. Тэд нарт зориулж хууль гаргаж байхаар нийт аж ахуй, бизнес эрхлэгчдэдээ өршөөл үзүүлэх нь илүү нэр төрийн хэрэг болно.
Үндсэн хуульд зааснаар өршөөл үзүүлэх нь хууль тогтоогчийн онцгой бүрэн эрхийн нэг юм. Өршөөл нь Ерөнхийлэгчийн бүрэн эрхэд хамаарах уучлал биш учраас хууль болон батлагдан гардаг. Тэр утгаараа тодорхой хэн нэгэнд биш нийтэд чиглэсэн байх, нийтийн хүсэл зоригт нийцэх зэрэг “хууль”-ийн шинжийг өөртөө хадгалж бүх нийтэд үйлчлэх ёстой. Хууль угаасаа бүх нийтэд ялгаварлалгүйгээр хамаарах учиртай тул бусад эрх зүйн үйлчлэлтэй акт, хэм хэмжээнээс хүчин чадлын хувьд илүү байдаг.
Тиймд энэ удаагийн Өршөөлийн хууль нь зарим нэгний хувьд л үйлчлэх тул жинхэнэ утгаараа Өршөөлийн хууль гэж үзэх боломжгүй.
Б.Золбоо