Ардын намын экс дарга тангараг өргөж намаа орхисны дараа хэн халааг нь авч тамга атгахыг МАН байтугай, Монгол амьсгаа даран хүлээв. Эцэст нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтний “зурсан” зураг биелэлээ олж, Л.Оюун-Эрдэнэ намын даргаар томилогдож үйл явц хэсэг завсарлав.
Одоо л жинхэнэ улс төр өрнөнө. Гэхдээ илүү том улс төрийн чимээ намраас дуулдаж эхлэх бол түүнээс урьтаж “ялзартлаа” дарагдсан Элчин сайдуудын томилгоог МАН урагшлуулахаар санал нэгдсэн бололтой. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын “шахааны” хүмүүсийг элчингээр явуулахгүй дангаараа томилох гэсэндээ элчингүүдийн томилгоог бүтэн жил гаруй хав дарсан. 2017 онд батлагдсан Дипломат албаны тухай хуулийн дагуу 4 жил улсаа төлөөлсөн нийт 10 гаруй Элчин сайдуудын хугацаа аль хэдийнээ дуусгавар болоод буй.
Ингэж царцаасны цаад учир нь хуучин хүний томилгоог эсэргүүцэхээс гадна шинэ Ерөнхийлөгч, шинэ намын дарга нарынхаа тааллыг дагах гэсэнтэй шууд холбоотой. Одоо нэгэнт бүх зүйл шийдэгдсэн учир Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “толгойлж” өөр хүн, өөр намын оролцоогүйгээр Ардын нам дангаараа Элчин сайдуудын томилгоог намынхаа боловсон хүчний хүрээнд хийнэ. Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиараа Монгол Улсаас гадаад улс, НҮБ-ын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн бүх асуудал Ерөнхийлөгчөөр эцэслэн шийдэгдэхээр зохицуулагдсан. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын эрх мэдлийг нэг атганд базаж буй МАН-ынхан энэ удаад Элчин сайдуудаа томилж явуулахад цаг алдаад байх зүйлгүй. Тохирсон нэрсийг ЗГ нь өргөн бариад, УИХ дээр дэмжээд, Ерөнхийлөгч нь ёсчлоод л дуусгана.
Тиймээс Ардын намынхан дунд ойрын өдрүүдэд элчин сайдуудын томилгооны сураг дуулдаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан, сүүлд Шадар сайдаар ажилласан Ө.Энхтүвшинг Франц руу, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвыг ХБНГУ руу, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү, одоо Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Н.Анхбаярыг Австрали руу явуулахаар тохирсон гэх мэдээлэл байна.
Сонирхуулахад, Д.Тэрбишдагва өмнө нь 2002-2004 онд ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. Германд боловсрол эзэмшиж, ажиллаж хөдөлмөрлөж байсан нэгэн. Харин ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улаан ОХУ-д Элчингээр томилогдохоор яригдаж байгаа гэнэ. Одоо ОХУ-д элчингээр ажиллаж байгаа Д.Даваа нь экс Ерөнхийлөгчийн хүн юм. Тэрбээр, Ерөнхийлөгч Х.Баттулгын Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх байсан. Тиймээс ОХУ зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой элчин сайдууддаа ач холбогдолгүй болсон бусдын “хүн”-ийг удаан суулгахгүй нь ойлгомжтой. Хэрвээ Ч.Улаан явдаггүй юм аа гэхэд ОХУ-д суух Элчин сайдын томилгоонд яригдах бүрэн магадлалтай.
Мөн аль улсад Элчин сайдаар суух нь тодорхойгүй ч тохироогоо нам дотроо хийж яваа улстөрчдийн нэрс ч эхнээсээ сонгогдож эхлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван болон УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан А.Ундраа нар хугацаа нь дууссан элчин сайдуудын оронд томилогдож очихоор “бэлтгэлээ” базааж буй сурагтай.
Эдгээр нэрсийг харахад зарим нөхдүүдийг элчин сайдаар явуулж улс төрөөс үдэн гаргаж өгч буй. Мөн хэл амнаас холдохыг хүссэн залуусын хүслийг биелүүлсэн. Магадгүй бүр дэвшүүлэн зайлуулах байдлаар улс төрөөс “холдуулж” буй ч хүмүүс харагдаж байна.
Г.Лхагвадорж