Энэ мэдээ хуучирсан буюу 2011/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кэмбрижийн стандарт

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 34 секунд

С.Батболд Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хамгийн түрүүнд боловсролын салбарынхантай уулзсан. Уг уулзалтаараа “Монголыг Оюу толгой, Таван толгойгоос илүүтэйгээр Монгол толгой” хөгжүүлнэ гэж олонд түгсэн үгээ хэлсэн билээ. Энэ нь манай улсын хөгжлийн үндэс нь хөрөнгө мөнгө, байгалийн баялаг биш хүн гэдгийг олонд ойлгуулах гэсэн санаа юм. Тиймээс л тэрээр хүний хөгжилд анхаарч боловсролын салбарт Кэмбрижийн стандартыг нэвтрүүлнэ гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байна.

Кэмбрижийн стандартыг нэвтрүүлнэ гэсэн Ерөнхий сайдын санаачилгыг илт эсэргүүцэгчид гарч ирээгүй ч шүүмжлэгсэд цөөнгүй. Тиймээс Кэмбрижийн стандартын талаар тодорхой мэдээлэлтэй болохоор интернетээр аялаж үзэв. Ерөнхийдөө улс үндэстэн бүр ерөнхий боловсролын сургуулийн стандарттай байсан цаг үе түүх болон үлдэж байгаа аж. Учир нь дэлхийн даяарчлал боловсролын салбарыг илүү их хамарчээ. Өнөөдөр дэлхийн улс орнууд бараг хоёрхон стандартаар хичээллэдэг болж. Нэг нь Кэмбриж нөгөө нь Женев. Кэмбрижийн стандартыг улс орондоо нутагшуулсан улс орны тоо 132 болж. Хэрэв манай улс Кэмбрижийн стандарыг баталгаажуулж чадах юм бол 133 биш юмаа гэхэд 140 дотор багтах биз. Харин Женевийн сургалтын системээр Европын голдуу цөөн орон хичээллэдэг. Женевийн стандарт өөрийн тогтсон стандартыг өөрчлөхгүйгээр мөрдөхийг шаарддаг уян хатан биш учир Кэмбрижийнх шиг дэлгэрсэнгүй. Тэгсэн атлаа дэлхийн алдартай сургуулиуд Женевийн стандартыг хүлээн зөвшөөрнө. Харин энэ хоёр системийн алийг нь ч сонгоогүй улсууд өөрсдийн стандарт тогтоох гэж хичээж байгаа хөгжлөөр дорой, үндэсэрхэг үзэл нэвт шингэсэн, эсвэл хаалттай орнууд юм.  

Кэмрбижийн стандарт түгэн дэлгэрсэн шалтгааныг ойлгоход тун энгийн. Уян хатан, тухайн орны онцлогт нийцүүлэн өөрчлөх боломжоор хангагдсан учраас дэлхийн 132 орон амжилттай нутагшуулжээ. Гэхдээ аль ч улс орон энэ стандартыг шууд хуулбарладаггүй. Тийм шаардлага ч тавидаггүй. Тухайн улсын хэл, соёл, түүх, зан заншил, хөдөлмөр, сэтгэлгээний онцлогийг харуулсан заах аргыг Кэмбрижээс авахгүй. Өөрсдийн үндэсний онцлогт тулгуурлан хэрэгжүүлнэ. Харин дэлхийн хэмжээний шинжлэх ухааныг нэг стандартаар заахыг шаарддаг байна. Тухайлбал хими, физик, математик, геометр, философи гээд дэлхийн хаана ч адилхан үздэг нийтлэг хичээлүүдийг Кэмбрижийн стандартын дагуу заахыг чухалчилдаг. Физикийн хичээлийг Англи, Америк, Австрали гээд дэлхийн хаана ч нэг л сурах бичиг, стандартаар үзэх учраас тухайн хүүхэд ямар ч их, дээд сургуульд орсон ерөнхий мэдлэгийн түвшин ижил байх боломжоор хангагдаж байдаг аж. Ийм учраас л Кэмбрижийн стандараар сурсан хүүхдийг дэлхийн бүх их, дээд сургууль нэмэлт шалгалт, шалгуур шаардалгүй шууд авдаг юм. Тиймээс л манай улсад Кэмбржийн стандарт хэрэгтэй нь ойлгогдоно.

Ерөнхий сайдын Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэх санаачилгаар олон улсын хос хэлний сургуулиудыг байгуулж эхлээд байна. Энэхүү хос хэлний сургууль нь Кэмбрижийн стандартад нийцсэн орчинд монгол болон англи гэсэн хос хэлээр хичээллэж байна. Ийм сургуулийг Улаанбаатарын хэмжээнд 3-ийг байгуулаад хүүхдүүдээ сонгон хичээллэж эхэлсэн. Цаашдаа нийслэлийн 9 дүүрэг, бүх аймагт нэг сургуулийг байгуулахаар төлөвлөсөн гэж албаныхан мэдэгдэв. 2017 он гэхэд улсын хэмжээний бага болон ахлах ангиудаа ерөнхийдөө энэ стандартаар хичээлүүлж Кэмбрижийн олон улсын шалгалтын төвөөр үнэлгээ хийлгэхээр төлөвлөжээ. Энэхүү төвөөр хийсэн үнэлгээ нь хангалттай гэж тогтоогдвол манай улсын боловсролыг олон улсын стандартад нийцэж байна гэж дэлхий дахинд зарлана. 

Өнөөдөр Кэмбрижийн стандартаар Орчлон, Американ, Элит, Интернешнл гэсэн манай улсын хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай дөрвөн сургууль хичээллэж эхэлж байна. Эдгээр сургуулийн нэг жилийн төлбөр 6000-8000 ам. доллар. Тэгэхээр хэний хүүхэд сурч байна гэдэг нь ойлгомжтой. Харин Кэмбрижийн стандартыг улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлж, ардын хүүхдийг үнэ төлбөргүй сургаж байна гэдэг нэг том дэвшил. Уг санаачилгыг шүүмжлэгсэд энэ жишээг харьцуулж үзэх хэрэгтэй. Хөрөнгөтэй хүний хүүхэд нь ч, ардын хүүхэд нь ч энэ стандартаар хичээллэх нь шударга явдал. Кэмбрижийн стандарттай хувийн сургуульд хүүхдээ сургадаг мөртлөө энэ стандартыг улсын сургуульд нэвтрүүлнэ гэхэд шүүмжлээд бачимдаад байдаг нь харин шударга бус явдал юм. Өөрөөр хэлбэл миний хүүхэд энэ стандарттай сургуульд мөнгөө төлөөд сурч болно, харин ардын хүүхэд сурч болохгүй гэж хэлэх гээд байгаа санаа л даа. 

Кэмбрижийн стандартыг монголд нэвтрүүлэхэд нэг тулгамдсан асуудал байна. Энэ бол багшлах боловсон хүчин. Хөрөнгө мөнгө, санаачилга, сурах орчин нь байдаг юм байгаа биз. Харин багшлах боловсон хүчин нь хомс байна.    Тиймээс л Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ хичээлийн жилийн нээлтийн үеэр Боловсролын их сургуульд очиж “Үе үеийн багш нар эх орондоо өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан. Та бүхний өмнө ч гэсэн томоохон өөрчлөлт байна. Энэ бол Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэх ажиллагаа” гэж онцлон хэлсэн биз. Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэхэд багш нар л голлох үүрэг гүйцэтгэнэ. Кэмбрижийн стандартыг нэвтрүүлэхтэй холбоотой 5 том зорилт дэвшүүлсний хоёр нь багш нартай холбогдож байна. Энэ зорилтын хүрээнд бүх Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг 5 жил тутам мэргэжлийг нь дээшлүүлэх, давтан сургах, багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх аж. Ингэснээр Кэмбрижийн стандарт цогц утгаараа манайд нэвтрэнэ.

Кэмбрижийн сургуулийн сурагчид үндэсний болон Кэмбрижийн стандартын гэрчилгээтэй төгсөнө. Үндэсний сургалтын гэрчилгээгээрээ өөрийн улсынхаа сургуульд элсэн орно. Кэмбрижийн гэрчилгээгээрээ дэлхийн ямар ч сургуульд элсэн суралцах эрх нь нээгдэнэ. Дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Өрсөлдөх чадвартай, дэлхийн Монгол иргэн гэдэг нь баталгаажина. Энэ л Кэмбрижийн стандартыг зөвтгөх, хүлээн зөвшөөрөх үндэслэл биш гэж үү?      

2011 оны 12 сарын 26

Жагсаалт гаргаж, үг хязгаарлаж, сэтгэгдэл хянах нь шинэчлэл мөн үү
Жагсаалт гаргаж, үг хязгаарлаж, сэтгэгдэл хянах нь шинэчлэл мөн үү
 
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2011/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.