Энэ мэдээ хуучирсан буюу 2013/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсаалт гаргаж, үг хязгаарлаж, сэтгэгдэл хянах нь шинэчлэл мөн үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 26 секунд

   Би сэтгэгдэл бичдэггүй бас уншдаггүй. Гэхдээ хэрэглэж болохгүй гэсэн 700 гаруй үгийн жагсаалтыг хараад гэнэтхэн сэтгэгдэл бичмээр санагдчихлаа. Төрийн тэнэглэлд алергитах эрхээ үндсэн хуулиар олж авснаа гэнэтхэн саналаа. Нөгөө “хориотой модны жимс амттай” гэдэг л энэ байх даа.

        Засаг төр маань шинэчлэлийн гэсэн дүрдээ итгэчихээд бүх л юмыг шинэчлэх гээд байх шиг. Хэлдэг хараалыг маань хүртэл шинэчлэх гэж зүтгэлээ. Би хэлэх гэсэн санаагаа хэдэн ч янзаар хувирган хэлж чадна. Угаасаа монгол хэл баян болохоор нэг үгийг хичнээн ч янзаар илэрхийлэх боломжтойг одоогийн төрийн удирдлагууд ойлгохгүйг далимдуулаад хөөрхөн бизнес хийх орон зай байгааг ч харлаа.

     Тэр хэрэглэж болохгүй гэсэн 700 гаруй (сүүлдээ 200 болсон гэж залруулсан) үгийг хичнээн ч мянга болгож бичээд сэтгэгдэл бичээд зуршсан нөхдүүдэд дамлан зарах юмсан. Жишээлбэл “хүүхэн” гэдэг үгийг сэтгэгдлийн дор бичиж болохгүй гэж хорьсон гэх юм. Дарга нар өөрсдийнхөө эхнэрүүдийг хүүхэн гэж дуудуулах дургүй зөвхөн мисс, хатагтай гэж ард түмнээр хэлүүлэх гээд байгаа санаа л даа. Гэтэл ард бид чинь хүүхэн гэдэг үгийг үгийн сангаасаа авчихаар нас тогтсон эсвэл идэрхэн эмэгтэйчүүдээ авгай, чавганц эсвэл эмээ гэж хэлэх л болж байна даа. Мөн “Мангуу” гэдэг үгийг хязгаарласан гэх юм. Дарга нарыг мангуу гэж хэлэхэд яадаг юм.

    Мангуу байтугай шийдвэр гаргаж манийгаа доромжилж байна шүү дээ. Мангуу гээд бичиж болохгүй энэ үгийг нь бараг л мянган янзаар илэрхийлэх хүмүүс бий. “Боов” гэсэн үгийг бичихийг хорьсноос болоод “Өгөөж чихэр боов” гэж үндэсний үйлдвэрлэлийнхээ нэрийг бичиж чадахгүйд хүрэх нь. Бичих дээрээ тулвал боов гэдэг үгийг түмэн янзаар илэрхийлэх боломжтойг захын залуу хэлээд өгнө дөө. Ийнхүү хараалын үгийг засаг төр маань 700-аар хасах гэсэн биш 7000 болгоод нэмээд өгчихлөө. Юун хошин шог. Юун Арго. Алергитахын зэрэгцээ сайхан хошин шог үзээд сайхан л байлаа.

Энэ хошин шийдвэр нь  сайхан Монгол хэлийг минь хорьж цагдахад хүргэв. Бас Монгол хэлийг эвдэх боломжийг ч олгов. Нэгэнт хориглож байгаа үгийг багахаан өөрчилж хэлээд хэвшүүлээд байх боломжтой. Жишээ нь “лалар” гэдэг үгийг хорьсон гэж шуугив. Тэгвэл лалар гэж хэлж болдоггүй юм бол үүнийг жаахан өөрчлөөд л лалка, лалы, лал, лаларышка, лаларуудоо, лалам, лалу гээд илэрхийлээд байхад санаа нь ойлгогдоод байгаа биз. Ингээд байвал Б.Ренчин гуайн хэлсэн аялгуут сайхан монгол хэлний яруу тунгалаг чанар хаачих вэ? Ардчилсан засгийн үед алдагдсан “ш, тэй” гэж тайлан тавих уу?

Ард түмний хэлж ярихыг хязгаарлах гэсэн засаг төрийн энэ мунхаг шийдвэр төрд биднийг ямар хүмүүс төлөөлж байгааг харууллаа. Бас аливаа зүйлийг хэтрүүлэхээр ямар их нугалаа завхрал гардагийг үзүүлээд өгнө дөө. Харин нэг сайн талтай нь сайтуудын сэтгэгдэл уншиж зарим нэгнийг хөөрхөн дөгөөдөг ТВ-9 телевизийн “Монгол Коммент” гэж нэвтрүүлгийг л үзэх юмгүй болгож орхих нь дээ.

Заримдаа ч үнэхээр бичүүлсэн хүн битгий хэл уншиж байхад хөндлөнгөөс яс хавталзмаар, санаа зовмоор, өөрөө үзээд юу гэсэн бол, энэ хүмүүс арай дэндэнээ гэж бодмоор сэтгэгдэлүүд байдаг гэсэн л дээ. Тэглээ гээд ард түмний хэлж ярихыг хааж боох нь угаасаа утгагүй. Ард түмний хэлж ярих бол тэдний ухамсарын, ёс суртахууны л асуудал. Үг хэлээр ойлгоцлоод тайлбарлаад шийдэцгээх асуудлыг хууль дүрэм ярьж хорьж цагдах нь үнэхээр болхи шийдэл юм. Одоогийн МАН-ынхныг мөн ч их муугаар хэлдэг байсан даа. Харин ч тэд хаа очиж бид нарыг мууллаа, биднийг хараалаа гэж ард түмний хэлэх үгийг хязгаарлах гэж зүтгэж байгаагүйг бүгд мэднэ. С.Баяр, С.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж доромжлуулаад л тэсээд суудаг байсан биз дээ. Тэд ард түмний санал сэтгэгдлээс айж байсангүй. Харин энэ засгийнхан өөрөөр үзнэ шүү гэж хэл соёлыг маань шоронд хийх гэж үзлээ.

Дарга нар, алба хааж байгаа хүмүүс угаасаа доромжлуулахаар өөрсдөө тэмүүлээд байгаа улс. Тэдэнд доромжлуулахгүй байх эрх бас бий. Зүгээр л төрийнхөө ажлыг өгчих хэрэгтэй. Тэгэхэд л болоо. Нэгэнт л түмнийг төлөөлж төрийн ажлыг хийнэ гээд байгаа бол бас ард түмнээсээ сайн муу үг олныг сонсох ёстой. Хэрэв тэгж чадахгүй, зөвхөн магтаалын хуурай үг сонсоно гэж зүтгэвэл энэ ардчилал биш. Шинэчлэлийн засаг бүр ч биш! Эсвэл жагсаалт гаргаж, жагсаал цуглаан хийхийг хориглож, үг хязгаарлаж, сэтгэгдэл хянаж, өрсөлдөгчидөө хорьж, зөвхөн магтаал сонсож, эхнэрүүдээ миссээр нь цоллуулж шинэчлэлийн хувьсгал хийх гээд байгаа юм болов уу даа. Энэ тэгээд шинэчлэл мөн үү?

2013 оны 3 сарын 18

Магнай ба Мадуро
Магнай ба Мадуро
 
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх хурал болж байна
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх хурал болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2013/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.