Үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн яддаг хоёр улс бий болов. Нэг нь Венесуэль нөгөө нь Монгол. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро шударга бусаар үнэ нэмж ард түмнийг мөлжлөө хэмээн улсынхаа 100 гаруй бизнес эрхлэгчдийг “аавынд” суулгачихжээ. Харин манай Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар хэмээх “ард түмэнлэг” байгууллагын дарга О.Магнай “шударга бусаар өрсөлдөж хэрэглэгчдийг хохироож байна”, “үндэслэлгүй үнээ нэмлээ” хэмээн үндэсний аж ахуйн нэгжүүдийг 100 тэрбум хүргэж торгох төлөвлөгөөтэй юм шиг ажиллаж эхлэв. Хэрэв О.Магнайд Н.Мадуро шиг шоронд илгээх эрх мэдэл байдаг бол аль хэдийнээ үндэсний хэдэн бизнес эрхлэгчдээ “аавынд” суулгачихсан байж мэдэх юм. Даанч ардчилсан улс болохоор эрх мэдлийн хязгаар гэж бий л дээ.
Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадуро ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд үнээ нэмсэн дэлгүүр хоршоод, үйлдвэрлэгчидтэй “ариун дайн” хийнэ хэмээн мэдэгджээ. Харин ШӨХТГ-ын шударга дарга О.Магнай “Тэмцэх хэрэгтэй, ер нь иргэд тэмцсэний эцэст л жаргадаг. Тэмцэгч, халуун цустай ард түмэн бол алддаггүй юм аа” хэмээн андгайлж явсан.
Н.Мадуро улсынхаа бизнес эрхлэгчдээс орлогын татварыг 15-30 хувь болгож авах зорилготойгоор ажиллаж байна. Харин О.Магнай бараа бүтээгдэхүүний үнийг 20-30 хувиар нэмж зарж байгаа аж ахуйн нэгжүүдийг тэрбум тэрбумаар нь торгохоо зарлаж эхлэв.
Ардчилсан улс оронд, Ардчилсан засаг ялсан газарт “Үнийг зах зээл тогтооно” гэсэн ойлголт жишиг бий. Харин Венесуэлд бараа бүтээгдэхүүний үнийг Н.Мадуро, Монголд О.Магнай тогтоодог боллоо. Уг нь Венесуэлийн дэргэд манай улс жинхэнэ ардчилсан өөрсдийнх нь тодотгодогоор “ардчилсан засаглал” бүхий л түвшиндээ ялсан газар л даа. Тэгсэн мөртлөө үнийг тогтоон барих Засгийн газрын бодлого социализмын үеийн “Үнэ тогтоох улсын комисс” шиг ажиллаж эхлэв. Монголчууд бид үнэ тогтоодог системээс салах гэж хорь гаруй жил хичээж байгаа шүү дээ. Харин тэр системийг шүүмжилдэг, ардчилал, зах зээл, шударга ёс ярьдаг ардчилагчид маань тэр системээ эргэн сэргээх гээд байгааг ойлгохгүй юм. Үнийг тогтоон барих гэсэн аргачлал нь үнийн хямралыг жинхэнээсээ бий болгодог гэсэн сонгодог эдийн засгийн онол бий.
Венэсуэлийн ерөнхийлөгч Н.Мадуро “бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн хариуцлагыг хөрөнгөтнүүдэд хүлээлгэнэ” хэмээн мэдэгдсэн байна. Харин О.Магнай дарга үндэсний хөрөнгөтнүүдийг торгох ажиллагааг эрчимтэй явуулж эхэллээ.
Н.Мадуро ард түмнийг шулаад байгаа бизнес эрхлэгчидтэйгээ тэмцэхийн тулд өөрийн харьяалалд Санхүүгийн хямралтай тэмцэх, эдийн засгийн хамгаалах агентлаг байгуулсан. Манайхаар бол ШӨХТГ л юм даа. Тэгээд Ерөнхийлөгч Н.Мадуро ард түмнийг шулж байгаа бизнес эрхлэгчидтэй тэмцэх онцгой эрх мэдлийг өөртөө авах хуулийг парламентаараа батлуулах арга сэджээ. Учир нь уг хууль дэмжигдэхэд нэг санал дутахаар байж. Тэгэхээр нь сөрөг хүчний нэгэн депутатыг авлигал авсан хэргээр ял тулгаж, эргүүлэн татуулаад “аавынд” хийчихэж. Эзгүйрсэн суудалд нь намын гишүүнээ оруулж гар өргүүлээд онгой эрх мэдлийг өөртөө авч чаджээ. Ингээд Н.Мадурогийн эдийн засаг хямраад байгаа, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа буруутнаар бизнес эрхлэгчдийг буруутгах их “аян дайн”-аа үргэлжлүүлжээ.
Н.Мадурог ерөнхийлөгч болсны дараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд бизнес эрхлэгчид буруутай, 00 ийн цаас дусахад үйлдвэрлэгчид хариуцлага хүлээнэ, бизнес эрхлэгчид хуйвалдаж байна, ард түмнийг шулж байна, бүх бизнесийг төр хяналтандаа авья, төрийн компаниудыг байгуулья гэх мэт үй түмэн “алтан санаа” гарсан талаар ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлж ард түмнийхээ саналыг бахархалтайгаар хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл ШӨХТГ-ын дарга О.Магнай “өмнө нь манай байгууллагад жилд 200-300 өргөдөл, гомдол ирдэг байсан гэсэн. Гэтэл сая 2013 оны эхний улирлын байдлаар гэхэд манайд 900-гаад өргөдөл, гомдол ирээд байна” хэмээн баяртайгаар ярьсан. Ирж байгаа өргөдлийн ихэнх нь бизнес эрхлэгчдийг буруутгасан, үгүйсгэсэн, үйл ажиллагааг нь хориглохыг хүссэн, шударга бус өрсөлдөөн гаарсан талаар байгаа л даа.
Н.Мадуро газрын тос, уул уурхай, эм бэлдмэл, хүнсний худалдаа, сүлжээ дэлгүүр, эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэтээр бүхий л салбарт гараа дүрж хошуугаа нэмж төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг байгуулна, нийгэмчилнэ гэх мэтээр ард түмний эрх ашгийг хамгаалагчийн дүрд хувирч байна. О.Магнай ч гэсэн дэлгүүр худалдаа, нефть, харилцаа холбоо, агаарын тээвэр, такси үйлчилгээ, хүнсийн үйлдвэрлэл, их дээд сургууль, барилга, авто засвар гээд оролцохгүй салбар алга. Н.Мадуро болоод О.Магнай хоёрын ойлголтоор үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид “ард түмний эсрэг гэмт хэрэгтэн”, “шударга бусаар баяжигчид”, “мөлжигчид” болон хувирлаа. Харин ард түмэн бизнес эрхлэгчдийн бодлогоос болон “ядууран хоосрогчид”, “алхам тутамдаа хохирогчид”, “шударга бус үйлдлийн золиос бологчид” болов. О.Магнай ч Н.Мадура ч ийм байдлаар манай үеийн баатар болохыг хичээж байна. Асар их ард түмэнлэг болж ойлгогдож байна. Алга ташуулах гэж, ард түмнээс үнэлгээ авах гэж түүнийхээ золиосонд бизнес эрхлэгчдийг гаргаж байна. Эцсийн үр дүн нь ард түмэнд асар их халгаатай гардаг. Ийм үйлдлийг хөгжөөн алга ташиж байсныхаа хариуг ард түмэн л амсаж ирсэн дэлхийн түүх бий.
Ардчиллыг тогтоогч шударга даргын дүр эсгэж бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг боомилж болохгүй. Эцсийн дүндээ бизнес эрхлэгчид гэдэг бол энэ улсын эдийн засгийн тусгаар тогтнолынх нь баталгаа. Бид асуудал бэрхшээлтэй байлаа гээд улс орныхоо эдийн засгийн тусгаар байдлыг устгаж болохгүй.
Н.Маудро бол социалист нийгмийн удирдагч учраас түүний үг үйлдэл ямар байх нь ойлгомжтой. Харин О.Магнай капиталист нийгэмд социализм байгуулах гэж бизнесийн эрх чөлөөг алдагдуулж байна. Ардчилагчид маань сонгогдох хүртлээ ардчилсан байдаг. Сонгогдсоныхоо хойно коммунист болон хувирч байна. О.Магнай ШӨХТГ-ын дарга болохдоо “Эгэл ардын нуруу тэнийх сайн цаг ирж байна” хэмээн бичиж байсан. Тэгвэл одоо эгэл ардын нуруу тэнийсэн үү? гэж асуух цаг боллоо.
2013 оны 11 сарын 19