Энэ мэдээ хуучирсан буюу 2012/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улсын гадаад харилцаанд ан цав үүслээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 49 секунд

    Ардчилсан намынхан төрийн бүх эрх мэдлийг гартаа авлаа. Нийгмийн салбар бүрийн удирдлагуудыг сольж, өөрчлөлт шинэчлэлт хийнэ хэмээн тунхаглаж байна. Гэвч тэдний болчимгүй үйлдэл, сүржин мэдэгдэл, бодлогогүй алхамууд Монгол улсын гадаад харилцаанд сэв суулгаж ОХУ, БНХАУ-ын төдийгүй гурав дахь хөршүүдийн харилцааг хүйтрүүлэх боллоо. Ялангуяа “Ардчилалын баатар”-ын В.И.Лениний хөшөөг буулгахдаа хэлсэн үг эх орны хилийн зурвасыг аль хэдийн давж гарчээ. Улсын баатрын хэлсэн үг, Ардчилсан засаглалын бодлогын талаарх хэвлэлийн мэдээ, нийтлэлийг тоймлон үзвэл улс орны гадаад харилцаанд халгаатай нөхцөл үүсчихээд байгааг дүгнэж үзье.


BBC: (Mongolia capital Ulan-Bator removes Lenin statue. 2012.1014) Монголын нийслэл Улаанбаатар хотод байрлаж байсан Владимир Ленины хамгийн сүүлийн хүрэл хөшөөг буулгалаа. Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл 10 минутын илтгэлдээ нөхөр коммунистыг “алуурчин” хэмээн дуудсан юм. Тэрээр “Монголчууд социалистуудын гараас амь мултарч нээлттэй нийгмийг бүтээж байна” хэмээн хэлсэн.

Eurasianet.orj: (Mongolia: Russians Hang on Through Post-Soviet Change.2012.11.09) Зөвлөлтийг үндэслэн байгуулагчийн Монгол дахь хамгийн сүүлийн хөшөөг буулгах ажиллагааг тийм ч олон хүн сонирхсонгүй. Тэдний дунд байсан цөөхөн оросын нэг, дунд эргэм насны, түүхийн багш Сергей Смолов "Тэд өмнөх түүхээ баллах гэж оролдож байна. Энэ нь өнгөрсөн үеийнхнийхээ алдааг л дахин давтаж байгаа хэрэг. В.И.Ленин болон түүний хөшөө Монголын түүхийн нэг хэсэг. Хэвээр нь хадгалах хэрэгтэй байсан юм. Би үүнийг коммунизмын эсрэг гэхээс илүүтэй Оросын эсрэг хандлага хэмээн харж байна" гэв.

Zindaa.mn: (Хадны завсар хавчуулагдсан Монгол. 20126.11.07) Түүх сөхвөл одоогоос 100-гаад жилийн өмнө Сайн ноён хан Намнансүрэн Орос улстай гэрээ хийж байжээ. Санктпетербургийн гэрээ хэмээгддэг уг гэрээнд Монголын дотоод асуудлыг Орос улстай зөвшилцөнө гэж тусгасан аж. Гэтэл В.И.Лениний хөшөө буулгахтай зэрэгцэн Оросууд Санктпетербургийн гэрээг сөхөж гаргаж ирсэн гэх. Төд удалгүй Монголд нийлүүлж буй шатахууны үнээ Оросууд 49 ам.доллараар дахин нэмлээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ унаж байгаа хэдий ч “Роснефть” компани Монголд зориулж үнээ нэмж байгаа нь зах зээл дээрх худалдаж байгаа нөхцөлтэй хамаагүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт төмөр замын цаашдын хөгжлийн чиг хандлагыг гаргахдаа Засгийн газар Төмөр замын цаашдын бүтээн байгуулалтад ОХУ оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан байна…Лениний хөшөөг буулгасан болон төмөр замын асуудлаас болж бензин шатахууны үнэ өссөн гэхэд үгүй гэх газаргүй ажээ… Лениний хөшөөг буулгахад Оросууд 100 жилийн өмнөх гэрээг сөхөн гаргаж бензин шатахуунаараа боомилж байгаа өнөө үед Хятадын коммунист намын талаар Улаанбаатар хотын даргын хэлсэн үг Хятад Монгол хоёрын харилцааг хүйтрүүлж байна. 

24tsag.mn: (Хятадууд Э.Бат-Үүлийг өөрсдөөс нь албан ёсоор уучлал гуйхыг шаарджээ. 2012.11.08) Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн сард Лениний хөшөөг буулгах шийдвэр гаргаж, түүний дагуу буулгасан билээ. Энэхүү ёслолынхоо үеэр тэрбээр үг хэлэхдээ алдаа гаргачихаж. Тэрбээр “Хятадын Коммунист нам олон сая хүний амийг хядсан…” хэмээсэн юм. Гэтэл энэ үгэнд Хятадын Засгийн газрын нүд, чихэнд хүрч, бухимдлаа илэрхийлэхэд хүргэсэн байна. Тийм ч учраас БНХАУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун  Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа Хятадын Засгийн газрын даалгавраар уулзах хүсэлт гаргасан тухайгаа тайлбарлаад “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед танай улс байтугай барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээгээд Э.Бат-Үүл даргын хэлсэн үгний талаар Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН-ыг албан ёсоор байр сууриа илэрхийлэхийг шаарджээ. Түүнчлэн сүүлийн 20-оод жил “Бүгд найрамдах Хятад ард улс нь Монгол Улсын болон Ардчилсан намын дотоод хэрэгт оролцож байгаагүй  бөгөөд бүрэн эрх, тусгаар тогтнолд нь үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн” гэдэг сануулгыг ч өгсөн аж. Мөн тус улсын Гадаад хэргийн яам Бээжинд суугаа манай улсын Элчин сайдын яаманд энэ талаар албан шаардлага хүргүүлсэн байна.

  В.И.Лениний хөшөөг буулгах нь буруу байсан уу? Бидний өвөг дээдэс В.И.Лениний хөшөөг үзэл суртлыг нь түгээн дэлгэрүүлэх гэж босгоогүй. Харин Монголыг тусгаар улс болгоход оруулсан хувь нэмэр, санаачилгыг нь үнэлж босгосон гэдгийг хэн ч ярисангүй. В.И.Ленин Монголыг тусгаар улс болгох гэж ихээхэн зүтгэл гаргаж байсныг нь олон дахин хэвлэгдсэн ботиудаас нь уншиж болно. Тэрээр “Монголыг эзлэн авах явдлыг буруушааж байна”, “Өнөөдөр Монголд буюу Туркийн Армянд дээрэм хийх балмад бодлогыг Хаант засгийн газар өгөөмрөөр санхүүжүүлж байна”, “Их Оросын ажилчин бид засгийнхаа газрыг Монгол, Туркестанаас зайл гэж шаардах ёстой”, “Бид Монгол, Перс, Энэтхэг, Египетчүүдтэй ойртон нийлэхийг бүх хүчээрээ чармайх… ингэхийг өөрийн үүрэг, өөрийн эрх ашиг гэж үзэж байна… Машин хэрэглэх хөдөлмөрөө хөнгөвчлөхөд, ардчилал, социализмд тэдний шилжихэд нь туслахыг бид хичээнэ”, “Оросын ажилчин, тариачин бид их Оросын биш…(Монгол, Перс мэтийн) нэг ч газар нутаг буюу колонийг хүчээр барьж байлгахгүй” хэмээн өөрийн байр суриа илэрхийлжээ. Түүгээр ч зогсохгүй В.И.Лениний толгойлж байсан Зөвлөлт засгийн газар 1919 онд Монголын ард түмэнд хандаж тунхаг гаргасан. Уг тунхагтаа: “Үүнээс хойш Монгол улс нь өөртөө эрхт тусгаар нэгэн орон мөн… Монгол улс тусгаар тогтносон орны ёсоор Бээжин, Петерград хоёроос асуулгүй аливаа олон улстай шууд харилцан нэвтрэлцэх эрхтэй болсон явдлыг… Монгол үндэстний улсад чухам мэдэгдэн тунхаглахын хамт, манай Орос улстай даруй харилцан нэвтрэлцэж элчин явуулан эрх чөлөөт Монгол улсын төлөөний хүмүүсийг манай улаан цэргийн өмнөөс тосон илгээх ажаамуу” хэмээн бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл В.И.Ленин Монголын тусгаар тогтнолыг бий болгож, хүлээн зөвшөөрүүлж хувь нэмрээ оруулсан юм. Энэ их үйл хэргийнх нь төлөө Монголчууд түүнд зориулж хөшөөг нь босгосон. Харин Э.Бат-Үүл баатар маань түүнийг “алуурчин” хэмээн цоллохдоо улсынхаа гадаад харилцаанд хор хохирол учруулах “хийтэй үг” олныг хэлжээ. Хоёр хөршөөсөө гадна бид гуравдах хөршөө ч гомдоожээ. Үүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн яриа гэрчилнэ. 

News.mn: (УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гэрчийг хэрэгт татдаггүй. 2012.10.30) ...энэ оны эхнээс Японы ЭСЯ-наас Монгол Улсын ГХЯ-нд амаар болон бичгээр дөрвөн удаа гомдол гаргасан байгаа. Түүний хууль эрх зүйн гарц юу байна гэж ярилцах гэж очсон юм...Монголын талаас Японы газар нутаг дээр хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан байж болзошгүй байна. Энэ асуудлыг тодруулж хариу мэдэгдээч” гэж Монголын талд хандсан. Н.Энхбаяр даргатай холбоотой телевизийн тоног төхөөрөмжийн асуудлаар гүйцэтгэх ажил явуулсан байж болзошгүй гэж Японы тал үзэж байгаа юм билээ.
  Тайлбар: УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн энэ ярианаас үзвэл манайд хамгийн их тусламж үзүүлсэн Япон бас гомдолтой байгаа аж. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг яллахдаа Япончуудаас TV 9-ийн тоног төхөөрөмжийг үнэгүй авсан, татвар төлөөгүй гэж буруутгадаг. Өөрөөр хэлбэл бид Ерөнхийлөгч байсан хүнээ яллахдаа Япончуудыг “авлига өгөгч” хэмээн хэлчихсэн бололтой. Үүнд нь Япончууд ихэд эмзэглэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дуулиант телевизийн тоног төхөөрөмжийн асуудлаар удаа дараа тодруулга авахыг хүссэн бичиг илгээсэн ч тусыг эс олжээ.

“Өдрийн шуудан” сонин: (Монголын улс төр америк ая дангаар эгшиглэсний хариу биш биз-?2012.11.05) Н.Алтанхуягийн Засгийн газрынхны хувьд америк араншин, ая занг илүүтэй сонирхож байгаа. Ямар сайндаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Би ОХУ-д төгссөн хүмүүсийг дэмжихгүй хэмээн” ил цагаан хэлж байв. Америкжсан энэ мэт хандлага “ах нарт” таалагдахгүй байгаа ч юм бил үү. Эдүгээгийн Ерөнхийлөгч, Их Хурлын эрхэм спикерээсээ эхлээд холын Америкт номын дуу сонсч сэм авгын хоолноос хэдэн жил хороосноороо бахархах дуртай улс. Ийм болохоороо газар зүйн хөршүүдээсээ илүүтэй тэдний зүрх сэтгэлд холын америк ойр байдаг бололтой юм.

Тайлбар: Хууль зүйн эрхэм сайд яахаараа ОХУ-д боловсрол эзэмшсэн хүнийг дэмжихгүй гэж ил цагаан зарладаг билээ. Ингэж яривал Монголын хамгийн олон хүн ОХУ-д боловсрол эзэмшсэн. Тэднийг дэмжихгүй гэдэг бол наад утгаараа ОХУ-д боловсрол эзэмшсэн олон зуун хүнээр тохуурхаж байгаа хэрэг. Цаад утгаараа Оросын боловсролыг үгүйсгэж байгаа хэлбэр. Нэгэнт хөрш их гүрнийхээ боловсролын тогтолцоог төрийн сайд нь ингэж үгүйсгэхээр “ах нар” юу гэх бол? Одоо ч гэсэн манай олон зун залуус ОХУ-ын тэтгэлэгээр бас хувийн зардлаар сурч байгаа. Тэдэнтэй яаж харьцах бол?

   Үүний зэрэгцээ Өвөрхангай аймгаас сонгогдсон МАН-ын хоёр гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүйгээс болж улс төрийн тогтворгүй байдал үүссэн. Энэ үед МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд дайран орсон. Тэгэхэд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд туршлагатай дипломатчийн хувьд ноцтой үг хэлсэнийг төдийлөн анзааралгүй өнгөрсөн. Юу хэлснийг тоймлон дурдъя.

УИХ-ын гишүүн С.Батболд: “Та нар Засгийн эрхийг авсан, сонгуульд ялсан гээд эрдээд байх шиг байна. Сөрөг хүчнийхээ дуу хоолойг тоож сонсохгүй байх шиг байна. Биднийг дэлхийн олон улс орон анхааралтай ажиглаж байгаа. Та бүхэн маань биднийг үгийг тоохгүй байж болно. Гэхдээ улс орныхоо гадаад нэр хүндийг бодож байна уу? Сөрөг хүчнээ юман чинээнд бодохгүй байгаа хүмүүсийг гадаад улс орнууд яаж хүлээн авах вэ? Сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсохгүй байгаа хүмүүс гадаад орнуудын харилцаанд яаж хандах вэ? Манайд олон хөрөнгө оруулагчид байгаа. Тэд үйл явцыг ажиглаж байгаа. Сөрөг хүчнийхээ үгийг сонсохгүй болж эхлэвэл манай улсын гадаад нэр хүндэд л муу юм болно” гэсэн утгатай үг хэлсэн юм.

Дүгнэлт: Ийнхүү Монгол улсын гадаад харилцаанд ан цав үүсэх олон үйл явдал болсныг хэвлэлийнхэн сануулсаар байна. Бид АН-ыг улс орноо хөгжүүл гэж сонгосон болохоос биш улс орныхоо хувь заяагаар тоглох эрхийг тэдэнд өгөөгүй. Улс эх орныхоо гадаад харилцааг өргөжүүл гэсэн болохоос хумиатах гээгүй. Олон улс дахь нэр хүндээ нэмэгдүүлж чаддаггүй юмаа гэхэд батагаажуулах бодлого боловсруулаач гэсэн. Гэтэл эрх мэдэлдээ халуурсан ардчилагчид маань гадаад харилцаандаа сэв суулгаж хоёр, гурав дахь хөршийнхөө харилцааг хүйтрүүлэх боллоо.

2012 оны 11 сарын 16

 

Уншигчийн сэтгэгдлийг хязгаарлах улс төрийн шийдэл юунд хүргэх вэ?
Уншигчийн сэтгэгдлийг хязгаарлах улс төрийн шийдэл юунд хүргэх вэ?
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2012/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.