Энэ мэдээ хуучирсан буюу 2013/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уншигчийн сэтгэгдлийг хязгаарлах улс төрийн шийдэл юунд хүргэх вэ?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 33 секунд

Ж.Лхүмбийн хэрэг, сэхээтний төөрөгдөл, баруунтан, зүүнтэн, 37 он эргэн ирэх гэж байна. Энэ бүхний эхлэл болгож иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, дарга даамлыг шүүмжлэх эрх чөлөөг үгүй хийх шийдвэрийг Ардчилсан засаг гаргалаа.

   Ард иргэдийг амарч байх хойгуур хуралддаг болсон Засгийн газар энэ амралтын өдрийн ээлжит хуралдаанаараа нэгэн нууц асуудлыг хэлэлцсэн. Тэр нь интернэт дэх ард иргэдийн санал сэтгэгдлийг хянах! Ард иргэд Засгийн газар, дарга даамлын буруутай бодлого шийдвэрийг шүүмжлэх нь тэдэнд таалагдахгүй байгаа бололтой. Тиймээс л интернэтээр дарга нарыг шүүмжлэх асуудлыг өөрсдийг нь гутааж байна гэж үзээд Засгийн хуралдаанаар нууц асуудал болгон авч хэлэлцээд сэтгэгдэл бичигчдийг олж илрүүлэх үүрэгийг харьяа байгууллагууддаа өглөө.

   Хэрэв дарга нар өөрсдийг нь ямар нэгэн сэтгэгдэл гутаасан гэж үзвэл гомдол гарган шалгуулж эзнийг нь олуулж, хориулж шийтгэл хүлээлгэх юм гэнэ дээ. Саяхан сайд Х.Тэмүүжинг заналхийлсэн эмэгтэйг олж эрүү үүсгэсэн гэдэг шиг. Энэ бол эхлэл. Дарга нар өөрсддөө таалагдахгүй сэтгэгдэл бичсэн болгоныг олуулж хариуцлага хүлээлгээд байвал энэ улсад  1937 он эргэн ирэх болно. 1937 оны алдарт хэлмэгдүүлэлт Монголын нийгмийг бүхэлд нь хардлага сэрдлэгийн мананд живүүлж дарга нарын эсрэг төлөвлөгөө боловсруулсан, дарга нарыг шүүмжилсэн, засгийн эсрэг бодлоготон, зүүнтэн баруунтан, Японы тагнуул, их удирдагчийг шүүмжилсэн, сэхээтний төөрөгдлийн хамсаатан гэх зэрэг зохимол хэргээр хамгийн багадаа 35 мянган иргэнийг цааш нь харуулсан даа. Харин хэлмэгдэгсэдийн тоо өнөөдөр ч гэсэн зөрүүтэй хэвээр байгаа.

   1937 оны их хэлмэгдүүлэлтийг өрнүүлэх, иргэн бүрийн үзэл бодлыг хянах, хязгаарлахын тулд тухайн үед Онцгой бүрэн эрхт Комисс, Тусгай Комисс гэгч байгууллагуудыг байгуулж, асар олон мэдээлэгч, ухуулагч, гүтгэгч, гүжирдэгчийг ажиллуулсан байдаг. Тэгвэл манай Засгийн газар ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг хянах энэ ажиллагааг өргөн хүрээтэй явуулахаар шийдвэрлэжээ. Энэ ажиллагаагаа “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох хэмээх гоё нэрээр халхавчилжээ. Уг системийг бэлэн болгохыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний Дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газарт үүрэг болголлоо.

Тэгээд цахим сайтуудын мэдээллийн дор оруулж буй иргэдийн сэтгэгдлийг хянаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сан, үүрэн холбооны операторуудын хэрэглэгчийн мэдээллийн санд үндэслэн тухайн санал, сэтгэгдэл оруулж буй хэрэглэгчийн мэдээллийг бүртгэлжүүлээд хар данс хөтлөөд байх бололтой.
Монголын интернэт сэтгэгдэлүүд замбараагүй байгаа нь үнэн л дээ. Нэрээ нууцалсан ушигчид улс төрч бүхнийг идэж уусан авлигалчин мэтээр гүтгэн бичдэг. Бас олны танил охид бүсгүйчүүд, эрхэм дээдсийн гэргий нарыг янхан гэж гүтгэж гүжирддэгийг ч бараг л бүгд гадарлана. Тиймээс интернэт мэдээллийн доорх санал сэтгэгдлийг хоёр хэсэгт хуваан авч үзэх хэрэгтэй.

Нэгд, энэ бол манай нийгмийн толь тусгал. Бид ямар нийгэмтэй, ямар амьдралтай, ард түмэн нь ямар санал сэтгэгдэлтэй байгаагийн илэрхийлэл.
Хоёр, бусдыг гүтгэж гүжирдэж кайф авдаг нийгмийн нэг бүлэг бий. Тэд лидерүүд, олны танил эрхэмүүдийн үзэл бодол, сайхан амьдралд атаархагчид. Энэ бол нийгмийн өвчин юм. Аль ч нийгэмд ийм өвчин, үзэгдэл байдаг. Энэ бүхнээс айж эмээж бүхнийг хомроглон шалгаж хянах, түүгээр дамжуулан бүх ард иргэдийг айлган сүрдүүлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах нь ардчиллын зарчим хэм хэмжээнээс хазайсан шийдэл болно.

Гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдэл үйлдвэрлэгчдийг олох тогтолцоог бүрдүүлэх нэрийдлээр иргэдийн үзэл бодол, намын харьяалал, асуудалд хандах хандлага, хэзээ ямар сайт уншсан, ямар сэтгэгдэл үлдээсэн гээд үйлдэл бүрийг нь хянахыг зөв зүйтэй санал яав ч биш. Бас аль байгууллага, аж ахуйн нэгжийнхэн дарга нарын шийдвэрт яаж хандсаныг ч мэдэж авна. Дараа нь аль нэгэн тендер, төсөлд тухайн аж ахуйн нэгжийнхэн шалгарахад танай ажилчид итгэл төрүүлэхүйц байр суурьтай биш, дарга нарыг тэгж, ингэж шүүмжилсэн гээд нөгөө хар дансныхаа мэдээллийг яриад өгөхгүй ч байж мэднэ. Хувь хүмүүсийг бол тэр даргын ярилцлагын дор тэдний өдөр тийм сэтгэгдэл үлдээсэн байна лээ гээд цочиж унатал өмнөх юмыг нь сануулж айлгадаг болох цаг ирэхийг үгүйсгэхгүй. Ийм тогтолцоог бүрдүүлэхээр хэсэг бүлэг хүн ажиллаж байна. Энэ бүхнийг гардан гүйцэтгэхэд асар их хардлага, сэрдлэгэ, гүжир гүтгэлэг, нугалаа завхарал гарч айдас хүйдэсийн мананд живих вий дээ. Ийм үед бусдыг гүтгэн гүжирдэгчид, олон жилийн атаа хорсолдоо автагсад  үнэд ордогийг өнгөрсөн үеийн түүх харуулна.

Ард түмнийхээ санал дэмжлэгээр, ардчилалын нэр барьж гарчихаад ард түмний шүүмжлэлээс айж, магтаал сайхан мэдээгээр амьдрахыг хүсдэг дарангуйлагчид шинээр төрж байх шиг. Бид чинь ингэхэд баривчилсан, хянасан, хориглосон, торгосон, хязгаарласан ямар л нийгэмд амьдраад байдаг болчихов доо.

2013 оны 1 сарын 7

 

Формула 1 ба Ухаалаг засаглал
Формула 1 ба Ухаалаг засаглал
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2013/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.