Туркийн хил дээр Грекийн хамгаалалтад орсон цагаачид. Мягмар гариг
Түлхүүр мэдээлэл
- Грекийн Засгийн газарт дүрвэгчдийг хил нэвтрүүлэхгүй зогсооход Европын холбооноос 700 сая еврогийн ($780 сая) тусламж үзүүлэхээр боллоо.
- Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен "Грек бол Европыг цагаачдаас хамгаалах бамбай" хэмээн хэлэв.
- Турк улс 2016 онд байгуулсан хэлэлцээрээс татгалзаж, цагаачдад тавьсан хоригоо цуцалсан тул Европын холбооны гадаад бодлогын газрын дарга Жозеп Боррелл Туркийн Анкара хотод айлчлал хийнэ.
Грекээр дамжин Европ руу орох хүсэлтэй хэдэн мянган цагаачид Турк-Грекийн хил дээр бөөгнөрч, нөхцөл байдал хурцдаад байгаа билээ. Грекийн засгийн газрын мэдээлж буйгаар өнгөрсөн бямба гаригаас хойш багадаа 24000 хүн Туркийн хилээс Грек рүү нэвтрэх гэж оролдсоныг таслан зогсоожээ.
Тэгвэл Еврокомиссын тэргүүний зүгээс Грекийн тал өөрийн улс руу нэвтрэхийг завдсан цагаачдыг таслан зогсоох арга хэмжээ авч буйг сайшааж, улам хүчтэй өрнүүлэхийг зөвлөсөн байна. Үүгээр зогсохгүй Грекийн Засгийн газарт дүрвэгчдийг хил нэвтрүүлэхгүй зогсооход Европын холбооноос 700 сая еврогийн ($780 сая) тусламж үзүүлэхээр болсныг мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ “Бидний нэн тэргүүний зорилт бол Грекийн гадаад хил дээр дэг журмыг тогтоох явдал юм. Учир нь тус хил зөвхөн Грекийн биш Европын ч хил мөн. Грек бол Европыг цагаачдаас хамгаалах бамбай юм” гэжээ.
Харин Турк улсын хувьд өнгөрсөн баасан гаригт Европ руу дүрвэх цагаачдад тавих хяналтаа цуцалж, цаашид дүрвэгсдийн урсгалыг хязгаарлаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн.
Учир нь Сирид өрнөж буй иргэний дайны үеэр тус улсын баруун хойд хэсэгт олон сая дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх аюулгүй газар байгуулахаар зорьж байсан ч, Туркийн тал их хэмжээний цэргийн хохирол амссан тул хоригоо цуцлах шийдвэр гаргасан.
Тэгвэл Австрийн Ерөнхий сайд Себастьян Курц (Sebastian Kurz) Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоганыг (Recep Tayyip Erdogan) цагаачдыг барьцаалан ашигласан гэж буруутгасан байна. Мөн тэрээр 2015 оных шиг дахин дүрвэгсэд, цагаачдын их урсгалд дарагдахгүйн тулд өөрийн улсын хилийг улам бүр бэхжүүлсэн гэдгээ мэдэгджээ.
Харин Европын холбооны гадаад бодлогын газрын дарга Жозеп Боррелл (Josep Borrell) Турк улс 2016 онд байгуулсан хэлэлцээрээс татгалзаж, цагаачдад тавьсан хоригийг цуцлах шийдвэр гаргасантай холбоотойгоор тус улсын нийслэл Анкара хотод айлчлал хийх гэж байгаа аж.
Дэвсгэр мэдээлэл: Сирийн иргэний дайнтай холбоотойгоор Турк Сир улсаас 3.6 сая цагаач, дүрвэгчдийг хүлээн авсан гэсэн тоон мэдээг НҮБ-аас гаргажээ. Тэгвэл сүүлийн үед ОХУ-ын дэмжлэгтэйгээр Сирийн армийн Идлиб рүү хийж буй давшилтаас үүдэн энэ тоо огцом нэмэгдсэн байна. Улмаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас баасан гарагт шилжих шөнө Сирийн Идлиб мужид Туркийн 36 цэрэг амиа алдсан байна. Тиймээс усан болон хуурай замаар Европ руу нэвтрэхийг зорьж буй Сирийн дүрвэгсдийн урсгалд Турк саад учруулахгүй байх шийдвэр гаргасан. Харин уг шийдвэр нь ЕХ болон Европын зарим орны удирдагчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм.