Манай улсын зүгээс Ковид-19 вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Оросын холбооны улсаас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур бусад эмнэлгийн хэрэгслүүд нийлүүлэх тал дээр хүсэлт тавихаар төлөвлөж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан багийг ОХУ руу илгээхээр бүрдүүлж буй тухай ЭМЯ мэдээллээ.
Мөн манай улсад Германаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг ирж, ХӨСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүд дээр ажиллаж, оношилгоо эмчилгээний заавар зөвлөмж өгч байгаа юм байна. Үүнээс гадна ЭМЯ маргааш Туркийн онгоцоор ирэх ДЭМБ-ын нийлүүлж буй ачааг хүлээж авах бэлтгэлийг ажлыг хангаж байна гэлээ.
ЭМЯ-наас архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, тав хүртэлх насны хүүхдүүд, байнгын эм хэрэглэдэг хүмүүс зэрэг эрсдэлт бүлгийнхний судалгааг маш сайн гаргаж, тусгай зөвлөмж өгөх чиглэлд анхааран ажиллаж байна гэсэн юм. Одоогийн байдлаар вирусын сэжигтэй тохиолдол илэрсэн 461 хүнийг ажиглалтад аваад байгаа аж.
Монгол улсын хувьд одоогоор ковид-19 вирусын тохиолдол бүртгэгдээгүй. Гэвч манай улсад халдвар нэгэнт орж ирвэл тогтоон барихад хүчин мөхөсдөнө гэдэг нь тодорхой тул иргэдийг яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу сайтар урьдчилан сэргийлэхийг уриаллаа.
Ковид-19 вирусын эсрэг дэлхийн улс орнууд өөр өөрсдийн гэсэн өвөрмөц арга хэмээ авч байна
Шинэ коронавирусын өвчлөл дэлхийн улс орнуудад өөр өөр байдлаар тархаж байгаа тул улс орнууд өөрсдийн гэсэн өвөрмөц арга барилаар тэмцэж байгаа гэлээ. Тухайлбал:
Европ, Арабын орнууд мэндчилгээнийхээ зан заншлыг өөрчлөх зөвлөмжийг ард иргэддээ өгч байгаа аж. Тэврэх, үнсэх, хамраараа шүргэлцэх, гар барьж мэндлэхээс зайлсхийж, үргэлж нэг метрийн зайнаас мэндчилэхийг зөвлөжээ. Мөн ажлын байр, албан тасалгаандаа ч нэг метрийн зайтай сууж ажиллахыг зөвлөсөн байна.
Харин Польш улс парламентдаа санал тавьж зөвхөн 6 сар, Ковид-19-ийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хууль батлахаар төлөвлөж байгаа юм байна.
Мөн Арабын Нэгдсэн Эмират улсад өнөөдрөөс эхлэн 4 долоо хоног сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
Тэгвэл Сингапур улс Иран, Өмнөд Солонгос, Итали улсуудад зорчсон түүхтэй хүмүүсийг өөрийн улсдаа нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэхүү арга хэмжээгээ улам өргөтгөж, тэдгээр улсад аяласан иргэдийг Сингапур улсаар дамжих буюу транзит нислэг хийхийг хоригложээ. Мөн тэдгээр улсаас ирсэн өөрийн улсын иргэд болон байнгын оршин суугч иргэдээ гэртээ 14 хоног сайн дураараа тусгаарлагдахыг анхааруулсан байна.
Харин Тайланд улсын зүгээс Япон, Герман, Өмнөд Солонгос, БНХАУ, Сингапур, Франц, Итали, Иран зэрэг улсуудыг халдварт өвчний голомт хэмээн үзэж, энэ улсаас ирсэн ямар ч хүнийг өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлахыг зөвлөж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарч явахыг хоригложээ.
Тэгвэл Иран улсын хувьд парламентийн 23 гишүүн нь ковид-19 вирусын халдвар авсан нь батлагдсан. Тиймээс тус улс парламентийнхаа хуралдааны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар завсарлуулсан байна.
Дэлхий даяар хувийн хамгаалах хэрэгслийн нөөц хомсдож байна
ДЭМБ-аас хагас сая гаруй багц хувийн хамгааллын хэрэгслийг 27 оронд хуваарилаад байгаа аж. Гэвч дэлхийн хэмжээнд бээлий, амны хаалт, нүдний шил, нэг удаагийн халат, өмсгөл зэрэг хувийн хамгаалах хэрэгслийн нөөц багасаж байгаа тул одоогоос 40%-иар нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцжээ. Тиймээс иргэдийг хувийн хамгаалах хэрэгсэлд үрэлгэн хандахгүй байх, зүй зохистой хэрэглэхийг уриалсан байна.