Энэ жилийн ЭЕШ-ыг ирэх долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулна. Ингэхдээ 18 нас хүрсэн сурагчдыг дархлаажуулалтад хамруулах бөгөөд 18 хүрээгүй хүүхдүүдийг хэрхэх эсэх боломжийг судалж байгаа аж. Мөн коронавирусийн халдвар авсан сурагчдад тусгай өрөө бэлдсэн бөгөөд шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллана гэж БШУЯ-наас мэдээлсэн.
Арванхоёрдугаар анги төгсөгчдийг ЭЕШ-д бэлдүүлэхээр энэ сарын 17-ноос танхимаар хичээллүүлэх шийдвэр гарсан билээ. Иймд төгсөх ангийн сурагчдад давтлага өгөх үеэр сургуулийн зүгээс халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахин ажиллаж байгааг сурвалжиллаа.
-СУРАГЧИД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР МӨРДӨЖ БАЙНА-
Бид эхлээд хотын төвд байрлах 23 дугаар сургуулийг зорилоо. Биднийг очиход сурагчдын давтлага тарсан байсан бөгөөд сургууль дээр багш, жижүүрээс өөр хүмүүс харагдсангүй. Тиймээс тус сургуулийн ойролцоо байрлах 24 дүгээр сургуулийг зорив. Сургуулийн үүдэнд очиход эмч болон жижүүр багш нар сурагчдад хүн хоорондын зайгаа сайтар баримтлах ёстойг хэлж анхааруулж байлаа. Улмаар халуунаа шалгуулсан сурагчид гараа ариутган дотогш нэвтэрч, нэг ангид 10 хүрэхгүй сурагч зайтай, зайтай сууцгаажээ. Мөн сурагчид тус танхимд 2-3 цагийн хугацаанд хичээллэх аж. Анги танхимд 15 минут болоод агаар сэлгэлт хийж байгаа тухай жижүүр багш ярилаа. Сурагчид хичээлдээ суухдаа тогтмол халуунаа хэмжүүлж, хувцас ариутгах төхөөрөмж ашиглана. Гэрээсээ авчирсан даавуун уутанд гадуур хувцсаа хийж ангийнхаа хойно өлгөөд, хичээл дуусмагц өмсөөд явдаг байна. Сургуулийн зүүн шатыг дээш өгсөх, баруун шатыг доош буух нэг чиглэлд оруулах нь халдвар тархах эрсдэлийг багасгаж, сурагчид хоёр гурваараа нэг газар удаан зогсохгүй байх нөхцлийг бүрдүүлсэн байлаа.
-СУРАГЧ ХАЛУУРСАН ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАХ ӨРӨӨНД ОРУУЛЖ, ЭЦЭГ ЭХИЙГ НЬ ДУУДНА-
Сурагчдаас халдвар илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөө
Сурагчид хичээлдээ суухдаа тогтмол халуунаа хэмжүүлж, хувцас ариутгах төхөөрөмж ашиглана.
Нийслэлийн 24 дүгээр сургуулийн эмч Ц.Цэнддоо “Төгсөх ангийн 150 гаруй хүүхэд байгаагаас ихэнх нь идэвхтэй давтлагад хамрагдаж байна. Нэг анги 10 хүүхэдтэйгээр өглөөний 08:40 цагаас эхлээд сонгосон хичээлийн дагуу давтлага явагддаг. Хүүхэд халуурсан тохиолдолд тусгаарлах өрөөнд оруулж, эцэх эхтэй нь холбоо барих арга хэмжээ авна. Үүний тулд ариутгах хэрэгсэл, халууны шил, амны хаалт зэрэг хэрэгтэй зүйлсийг бэлдсэн “тусгаарлах өрөө” гаргасан байгаа. Сурагчид өөрсдөө бохир салфетка, амны хаалт хаях жижиг ууттай явдаг. Ариун цэврийн өрөөгөө гар угаах шингэн, ариутгагч зэргээр хангаж, өдөр бүр цэвэрлэгээ хийж, ариутгаж байна. Давтлага дууссан даруй анги танхимд агаар сэлгэж, жавелионы уусмалаар ариутган нойтон цэвэрлэгээ хийдэг. Мөн анги бүрт агаар цэвэршүүлэгч байрлуулсан. Багш нарын хувьд дийлэнх нь хоёр тун вакциндаа хамрагдсан. Өвчний шалтгаанаас болж хамрагдаж чадаагүй багш нар хичээл эхлэхээс өмнө эхний тундаа хамрагдсан тул давтан тунгаа хийлгэхээр хүлээж байгаа. Сурагчдад халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хичээллэх нөхцөл бүрдүүлэхийн тулд арваад хоногийн өмнөөс бэлдэж эхэлсэн” гэлээ.
-ТӨГСӨХ АНГИЙН ХҮҮХДҮҮД САНААЧЛАГААРАА ДҮРЭМТ ХУВЦАСТАЙГАА ИРДЭГ-
Хүүхдүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сануулж мөрдүүлэх үүднээс ширээ бүрт хэвлэж наасан байлаа. Хүн хоорондын зайг баримтлах үүднээс хоёр ширээг нийлүүлж нэг хүүхэд суухаар зохион байгуулсан нь зөв шийдвэр байсныг сургуулийн эмч багш нар онцолж байв.
Багш
Сурагчдад давтлага өгч буй багш “Хүүхдүүд хичээлдээ идэвхтэй хамрагдаж байна. Ирэх ёстой байсан бүх хүүхэд ирсэн. Давтлага авах хүсэлтэй хүүхдүүд өөрсдөө цагтаа ирээд, халдвар хамгааллын дэглэмээ бариад хичээлдээ оролцдог. Манай сургууль ч өндөр түвшинд зохион байгуулж байна. Заавал дүрэмт хувцас өмсөж ир гэж заагаагүй ч төгсөх анги болоод ч тэр үү сурагчид өөрсдөө санаачлагаараа өмсөөд ирдэг” хэмээв.
Үүний дараа бид Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургуулийг зорилоо.
Сургуулийн хаалгаар цөөн хүүхдүүд хичээлдээ суухаар яаран гүйж байлаа. Үүдэнд жижүүрлэн суух багш нарт нэг нь анги нэрээ бичүүлэх зуур нөгөө нь халуунаа хэмжүүлж, гараа ариутгаж зогсов. Сурагчдад шаардлага тавих, хүн хоорондын зайг бариулах үүднээс давхар бүрт жижүүр багш нар ажиллаж байв. Энэ үеэр сургуулийн эмч бидэнд халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиулж байгаагаа тайлбарлан тусгаарлах өрөөгөө сонирхууллаа.
-18 ХҮРСЭН ХҮҮХДҮҮДИЙН ЗАРИМ НЬ “PRIZER” ВАКЦИНДАА ХАМРАГДСАН -
Нийслэлийн 5 дугаар сургуулийн эмч Д.Дэлгэрцэцэг “Хуучин жижигхэн ангид тусгаарлах өрөө гаргасан байсныг болиулж илүү зайтай өрөөг сонгон тохижуулсан. Хэрвээ хүүхдээс халуурах, үнэр амт мэдрэгдэхгүй болох, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авах зориулалттай өрөө юм. Өмнө жил гадаадад халдвар гарч эхлэхэд бид тусгаарлах өрөө гаргаж ажилласан. Төгсөх ангийн 139 хүүхэд өглөөний 08:00 цагаас эхлэн давтлагандаа суудаг. Сургуулийн эмчийн хувьд “ковидын тэмдэглэгээ” гэж тусад нь хавтас нээж тэмдэглэл хөтөлдөг байгаа. Сургуулийн гадаад, дотоод орчинд жавелионы уусмалаар өдөрт гурван удаа ариутгал хийж, агааржуулдаг. Ширээ хоорондын зайгаа бариад нэг ангид 10 хүүхэд хичээллэж байгаа.
Нийслэлийн 5 дугаар сургуулийн эмч Д.Дэлгэрцэцэг
Нийт 16 ангид сурагчид хичээллэж байгаа тул 2 цаг тутамд цонхоо онгойлгож, цэвэрлэгээ хийдэг. Сурагчдыг хоорондын зай бариулах үүднээс шалан дээр тэмдэглэгээнүүд нааж, орох гарах урсгал шийдсэн. Бид онлайнаар эцэг эхчүүд, багш нартай холбогдон зөвлөмж өгдөг. 18 хүрсэн хүүхдүүдийн зарим нь “Prizer” вакциндаа хамрагдсан. Нэг л хүүхэд халдвар авах юм бол сургуулийн үйл ажиллагаа зогсох тул маш сайн анхаарч ажиллаж байна.
Сурагчдаас халдвар илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөө
Манай сургуульд Чингэлтэй дүүргийн вакцинжуулалтын ажил хийгдэж байсан тул эмчийн хувьд хүүхдүүд хичээллэх боломжтой болтол ариутгал халдваргүйтгэл хийж ажилласан. Хүүхдүүддээ завсарлагаа бүрээр “үглэх” ажилтай болсон. “Тараад шууд хариарай”, “битгий бөөгнөрч гүйгээрэй”, “хоолойгоо зайлж дархлаагаа дэмжээрэй” гэж хэлж сануулдаг. Багш ажилчдын хувьд вакцинд хамрагдалт маш сайн. Зөвхөн багш гэлтгүй сургуулийн ажилчид, үйлчлэгч нараа хүртэл дархлаажуулалтад хамрагдахыг уриалсан” гэлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р сургууль
Удаан хугацаанд уулзаагүй багш сурагчид хөл хөөр ихтэй байв. Ангийн багш нар сурагчдад “гэртээ шууд хариарай”, “битгий ойрхон яв, зайгаа бариарай” хэмээн зааварлаж байлаа.
-НЭГ ХҮҮХЭД 7 ХОНОГТ 3 ЦАГИЙН ДАВТЛАГА АВЧ БАЙНА -
Халдвар хамгааллын дэглэм болон сурагчдын ирцийн талаар тус сургуулийн сургалтын менежер А.Болдмаа “Зөвлөмж ирсэн өдрөөс хойш халдвар хамгааллын дэглэм барих нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Өмнө нь манай сургууль PCR шинжилгээний цэг байсан. Тэр нь татан буугдаад ариутгал хийснээр сургалтын үйл ажиллагаанд орсон байгаа. Үүнээс өмнө манай сургуулийн төгсөх ангийнхны хичээлийг 5 дугаар сургууль юмуу 23 дугаар сургууль дээр зохион байгуулалтаа хий гэж зөвлөж байсан. Шинжилгээний цэг хэвээр ажилласан бол сурагчдаа өөр сургууль дээр давтлаганд суулгах шаардлага гарах байлаа. Нийт 116 төгсөх ангийн сурагчтай. Давтлага өгөх 19 багш нар бүгд вакциндаа идэвхтэй хамрагдсан.
Нийслэлийн 50-р сургуулийн бүрэн дунд боловсролын сургалтын менежер А.Болдмаа
Хүүхдүүдийг 3 цагаас илүү хичээллүүлэхгүй байх гэсэн заавар ирсэн тул нэг хүүхэд 7 хоногт 3 цагийн давтлага авч байна. Сурагчдын давтлаганд хамрагдах байдал сайн байгаа. Жижүүрлэх багш нарын хуваарь, хичээлийн хуваарь, халдвар хамгааллын зөвлөмж, ЭЕШ өгөхөд хэрэгтэй зүйлсийг бичиж үүдний хэсэгт байрлуулсан” гэв.
Сурвалжлагын төгсгөлд:
Нийслэлийн сургуулиуд өөрсдийн боломжоор халдвар хамгааллын заавар зөвлөмжийг сурагчиддаа мөрдүүлж, халдвар тархах эрсдлээс сэргийлж байгаа нь харагдав. Үүнд, сургуулийн давхар бүрт жижүүр багш гаргах, тусгаарлах өрөө бэлдэх, сургуулийн шатнуудыг нэг урсгалтай болгох зэрэг ажлуудыг нэрлэж болно. Гэвч дан ганц сургууль дээр хүүхдүүд хоорондын зай барих, гараа ариутгах зэргээр хамгаалах нь хангалтгүй санагдаж байв. Сургуулиас гадуур амны хаалтаа авахгүй, олуулаа бөөгнөрч, удаан хугацаанд зогсохгүй байхыг эцэг эхчүүдийн зүгээс анхааруулах нь зүйтэй юм.
С.Хонгорзул
Гэрэл зургийг Г.Цэнд-Аюуш
Фото зургууд:
Нийслэлийн ерөнхий боловсролын 24-р сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р сургууль