Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа ч өдгөө 80 орчим улс ямар ч вакцингүй байна. Дэлхийн хэмжээнд нийт 1.1 тэрбум хүнийг 11 төрлийн вакцинд хамруулсан үзүүлэлттэй байгээ гэж ДЭМБ мэдээлжээ. Манай улс нийт хүн амынхаа 38 хувийг вакцинжуулсан үзүүлтээр нэлээд дээгүүр байрт орж байгаа. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод огт вакцинд хамрагдаагүй 450.0 мянган хүн байгаа гэсэн статистик мэдээллийг ЭМЯ-наас гаргасан. Нийт иргэдийн дунд жирэмсэн, суурь өвчтэй, харшилтай буюу тусгай заалттай иргэдийн тоо вакцин хийлгэх боломжтой хүмүүстэй харьцуулахад цөөн. Гэтэл “Хятад вакцин хийлгэхгүй, Орос вакцин хийлгэнэ” гэсэн хүлээлтээр маш олон иргэд вакцинжуултанд хамрагдахгүй байгааг мэргэжилтнүүд ярих болсон. Мөн нийт хүн амын 7 хувь буюу 230.0 орчим мянган хүн огт вакцин хийлгэх сонирхолгүй байна гэсэн судалгааг ЭМЯ-наас гаргажээ. Албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачид “вакцин бүр өөр өөрийн гэсэн давуу, сул талтай. Гэхдээ аль нэг вакцинаас үүссэн ноцтой өвчлөл, нас баралт гараагүй. Тиймээс олдож байгаа вакциндаа цаг алдалгүй хамрагдах нь цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн зөв арга зам” гэж зөвлөж байна.
Гэтэл зөвхөн Орос вакцин хийлгэнэ гэсэн хүлээлттэй олон мянган иргэн байгаа нь цар тахлыг давахад саад болж, нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулах өдрийг улам хойшлуулсаар байна.
Тэгвэл Орос вакцин 100 хувь хамгийн вакцин гэж хэлэх аргагүй гэдгийг зарим баримт мэдээлэл батлах боллоо. Тодруулбал Бразил Улс дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн Спутник-В вакциныг хэрэглэхээс татгалзсан байна. Энэ талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, доктор, профессор, дархлаа судлаач, гавъяат багш Г.Батбаатар өөрийн твиттер хуудсаараа “Бразил улс Sputnik V вакцинаас татгалзахаар болсон байна. Учир нь энэ вакцинд үржиж олшрох чадвартай аденовирус (replication adenovirus) зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгааг тогтоожээ (вакцинд 0 байх ёстой атал 5000 хүртэл байсан гэнэ). Science magazine web site, Apr. 30, 2021,”гэж жиргэжээ.
Бразил улс Sputnik V вакцинаас татгалзахаар болсон байна. Учир нь энэ вакцинд үржиж олшрох чадвартай аденовирус (replication adenovirus) зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгааг тогтоожээ (вакцинд 0 байх ёстой атал 5000 хүртэл байсан гэнэ).
— Батбаатар Гүнчин (@GunchinBatbaat1) May 3, 2021
Science magazine web site, Apr. 30, 2021,
Тус сэтгүүлд бичсэнээр Бразилын эмийн агентлаг Жонсон энд Жонсон, Астра Зеникагийн вакцинд мөн ижил төрлийн туршилт хийсэн боловч аденовирус илрээгүй гэжээ. Харин ОХУ-ын тал үүнийг үгүйсгэж хэт яарсан, асуудлыг нухацтай судлаагүй дүгнэлт гэж үзэж байна. Гэсэн хэдий ч гамалеягийн завод тус вакциныг турших явцад аденовирус 100 гэж зааж байсан гэсэн баримт ил болжээ. Бразилын эмийн агентлаг “туршилтаар аденовирус илэрсэн байхад яагаад вакцин гаргаж авах аргаа өөрчлөөгүй вэ гэж эм үйлдвэрлэгчдээс асуусан. Гэтэл үүнийг хийхэд маш их хугацаа орохоор байсан” гэж ОХУ-ын холбогдох судлаач ярьсан тухай баримтыг ч тус сэтгүүлд дурдсан байна. Харин зарим судлаачид үүнийг ноцтой асуудал үүсгэхгүй. Спутник вакцин хямд, тээвэрлэлт, хадгалалтын нөхцөл нь энгийн, дархлаа тогтоох чадвар өндөр байгаа учраас бидэнд хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа ажээ.
Аденовирус нь \RCA\ хүнээс хүнд халдварладаг, амьсгалын замын нийт өвчлөлийн 10 орчим хувийг үүсгэдэг. Тодруулбал амьсгалын зам, нүд, ходоод гэдэс, шээс дамжуулах замын гадаргуун салтс мембраныг гэмтээж өвчлүүлдэг ажээ. Манайхны ярьж заншсанаар гүйлгэдэг гэдэсний ханиад, нүдний ханиад зэргийг үүсгэдэг түгээмэл вирус аж.