Ерөнхийлөгч өчигдөр МАН-ыг тараах захирамжааа өөрийн биеэр Улсын дээд шүүхэд хүргэж, шүүгчидтэй уулзах гэсэн боловч Дээд шүүхийнхэн түүнтэй уулзахаас "бултав".
Тэд ковидын халдвар гарсан учраас хязгаарлалт тогтоосон гэж тайлбарлаж байгаа ч, үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчтэй МАН-ыг тараах асуудлаар уулзахаас зугтсан гэх агуулгыг саарал ордонд ярилцаж байна. Ерөнхийлөгч ч бууж өгөлгүй хязгаарлалт дууссан даруйд нь очиж бичиг баримтаа тайлбарлана гэж хэлүүлснээр асуудал түр өндөрлөв. Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй болсон даруйд түүний томилж, томилуулж байсан хүмүүс яагаад зугтаад, холдоод байна вэ.
Тамгын газрынхаа даргаараа тавьж итгэж ажиллуулсан З.Энхболд анх түүнийг нэр дэвших эрхгүй болгоод эцэст "муудаад" хоёр тийш болсон гэдэг. Дараа нь нэр дэвших эсэхийг нь шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаанаас Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж гэнэт "зугтсан". Дунд суудлын хуралдаанд тооны харьцаа 3/2 гэсэн харьцаатай болоод байсан чухал үед Ц.Нанзаддорж Ерөнхийлөгчөөс нүүр буруулж, "арьсаа" хамгаалсан хачирхалтай. Уг нь бол санал хураахад түүний "хэрэг" их байсан гэдэг. Тооны харьцаа 3/2 байхад шууд нөгөө талд шийд гардаггүй, дахин санал хураалтууд явагддаг талаар хуульчид тайлбарлаж байсан юм. Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч санал болгож Цэцийн гишүүнээр томилуулж байлаа. Гэвч яг хэрэгтэй үед Х.Баттулгадаа туслахаас татгалзсан юм.
Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаас "Ажнай" Д.Бат-Эрдэнэ болон Б.Пүрэвдорж нар чуулганаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх өглөөний хуралдаанд оролцоогүй. Шалтгаантай байсан хэдий ч цар тахалын үед заавал танхимд ирж санал өгөх шаардлагагүй. Хүсэлт гаргаж цахимаар оролцох хуваарьт ороод ганц "хуруун" ажил хийхэд л болох байв. Ингээд бүлэг нь ч бүрэн бүрэлдэж амжихгүй байсан тул АН-ын бүлэг арга буюу сүүлийн санал хураалтад оролцохоос татгалзсан гэж улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. Хэдийгээр 11 гишүүн бүгд оролцоод санал хураалтад нөлөөлж чадахгүй ч ардчилсан Ерөнхийлөгчөө эцсийн мөч хүртэл дэмжсэн гэдэг агуулга маш чухал байлаа.
Ингээд эцэст нь Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилж байсан Д.Ганзориг тэргүүтэй, Дээд шүүхийн шүүгчид бас л түүнээс нүүр буруулж байгаа бололтой. МАН-ыг тараах гэсэн Ерөнхийлөгчийн сүүлийн аткасыг Дээд шүүх нь ер цаашаа дэмжихгүй гэдэг санаагаа өчигдрийн үйлдлээрээ бараг илэрхийлсэн үү гэдэг асуулт улс төрийн хүрээнхэн дунд хөвөрч байна. Мөн зарим албан бус эх сурвалжуудын хэлж буйгаар АТГ-ын дарга нь хүртэл Ерөнхийлөгчтэй уулзахаас "зугтаж" гүйгээд байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл мань хүнийн нэр дэвших эрхгүй болсон даруйд эргэн тойрныхон нь бүгд дараагийн эрх мэдэлтэнг налж, улстөрчид нь дараагийн нэр дэвших хүнийг бараадаж буй бололтой.
Хүчтэй үед бүгд налж, хүртэхийг хүссэн албан тушаалдаа хүрчихээд хүчгүйдээд ирэх цагт нь нүүр буруулах нь хүн чанар талаасаа жаахан тиймхэн л юм.
Г.Лхагваа