Хөдөлмөрин үндэсний нам Оюу толгойн санхүүгийн загварыг сарын дотор боловсруулан, шинэ Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.
Оюу толгой төслийн хувьд 2100 он хүртэл үргэлжлэх мега төсөл бөгөөд төслийн талаар хэт туйлширсан мэдээллүүд гарч байгаа учраас ХҮН-аас ажлын хэсэг байгуулан дээрх загварыг боловсруулахаар болсон байна.
ХҮН-аас өнгөрсөн хугацаанд Засгийн газрууд Оюу толгой төслөөс Монголчуудын хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх талаар бодитой нэг ч алхам хийгээгүй гэж дүгнэж байгаа аж.
Оюу толгойн төсөлд судалгаа, шинжилгээ, тооцоог хийх салбар бүрийн мэргэжилтнүүд нам харгалзахгүй нэгдэж байгаа ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга хэллээ.
Тэрбээр санхүүгийн загвар боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд энэ талаар “Оюу толгойтой холбоотой үндсэн гурван гэрээ бий. Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн, Дубайн гэрээ гэж бий. Оюу толгой төслийн ТЭЗҮ ч мөн гарсан байдаг. 2016 онд Опен Ойл гэдэг компани Оюу толгойн санхүүгийн загварыг хийж, олон нийтэд нээлттэй тавьсан. Энэ санхүүгийн загвар дээр ажиллалаа. Оюу толгой төсөл санхүү, бизнесий загвар, мөнгөөр, ногдол ашгаар, АМНАТ-аар хэдэн төгрөг авах гэж байгааг үзүүлдэг бизнесийн загварыг ярьж байгаа юм.
Энэ том төслөөс ямар хэмжээний ашиг авах талаар хэлцэл хийхийн тулд санхүүгийн загвартай байх ёстой. Засгийн газар загваргүй явж ирсэн юм бишүү гэсэн хардлага төрүүлж байна. Рио Тинто бүх тайлангаа, хөндлөнгийн байгууллагаас санхүүгийн загварыг гаргасан байна. Үүн дээр нь Монгол Улсын Засгийн газар үүн дээр нь коммент тодруулга өгөөгүй гэсэн тайлбарыг хийсэн байна. Том хэмжээний наймаан дээр тооны машингүй очиж байгаа хэрэг. Бид сарын дотор санхүүгийн загварыг боловсруулж, шинэ Засгийн газарт хүргүүлнэ. Нэг засгийн газрын хүлээх хариуцлага биш. 2100 он хүртэл үргэлжлэх төсөл” гэдгийг хэлсэн юм.
Мөн тус намын Хууль эрхзүй хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх “Оюу толгойн асуудалд хэт туйлширсан байдлаар асуудалд хандаж байна. Энэ гэрээг олон улсын гэрээ гэсэн байдлаар тайлбарлаж, арбитрын шүүхэд очвол Монгол Улс яалт ч үгүй балрах юм шиг мэдээллийн төөрөгдөл үүсгэсэн байна гэж үзэж байна. Оюу толгой ХХК бол Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.
ХҮН-аас төслийн гэрээ байгуулсан цагаас хойш хайхралгүй орхисноос үүдэн өнөөгийн нөхцөл байдал үүссэн гэдгийг онцлов.