Зөв хүн электорат эвслээс УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонглуульд өрсөлдөж буй Б.Найдалаа морьтой сонгуулийн сурталчилгаа хийж олны "нохой шуугиулав". ХҮН-ыг дэмжигчид тэдний эл үйлдлийг дэмжихээсээ илүүтэй, сошиал орчинд шүүмжилж харагдав. Шатахууны хомстол үүссэнийг далимдуулан энэ мэт улиг болсон хуучны поп аргаар сонгуулийн сурталчилгаа хийх нь гишүүн асан С.Жавхлангийн тактикийг санагдуулам.
"Эх орноо хөгжлийн шинэ шатанд дэвшүүлэх эрдэм мэдлэг, шинэ эрч хүч, хүсэл тэмүүлэл, зөв ирээдүйг нээх зөв хүмүүсийн нэгдэл, шинэ цагийн мэргэжилтнүүдийн хүчтэй баг. Монгол Улсын өнөөгийн хямрал, ужиг асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, Монголоо монголоор нь хадгалж, дэлхийн Монгол болгон хөгжүүлэх бодлого хөтөлбөр бидэнд бий" хэмээн нэр дэвшигч Б.Найдалаа сурталчилгааны сэтгүүлдээ бичжээ.
Угтаа ХҮН-ын залуус цахилгаан машин хөлөглөдөг хэмээн өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулийн үеэр ярьж байлаа. Шатахуунаас үл хамаарах цахилгаан автомашин хөлөглөдөг хэрнээ морь унан сурталчилгаа хийх хэрэг байв уу. Эрх баригчид шатахуунаар асуудал орсон даруйд цахилгаан машин нь мөн адил унтарч, мориор гангарах тактик барих зохимжгүй. ХҮН-ын бусдаас ялгарах онцлог шинж нь эдийн засаг, хуулийн мэргэжлийн суурьтай залуус парламентэд шинэ уур амьсгал оруулж, хөгжлийн бодлогыг үе үеийн эрх баригчдаас өөр өнцгөөр тодорхойлох байлаа.
Гэтэл УИХ-д хоёр дахь суудлаа авахаар өрсөлдөж буй ХҮН-ынхан сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ өмнөх үеийн гаргасан алдааг давтаж, ололтоосоо ухарч суух нь харамсалтай. "Ужиг асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл бидэнд бий" хэмээн сонгуулийн сурталчилгаандаа буулгасан Б.Найдалаа УИХ-д суудал авсан ч өнөөх л С.Жавхлан, Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нараас орох вий.
О.Жаргалбаяр