УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
УИХ-аас баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүх байгууллага нь Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой ч УИХ-ын хэт олонхиор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэсэн эрх баригч нам, улстөрчдийн зүй бус зорилгоос болж, хууль гажуудсан гэж үзэн, Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2021.01.27/ Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцээд “хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн байна.
Хоригийг буцаахын өмнө дээрх асуудалтай холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Шүүхийн хуулийн 44.2-т Ерөнхийлөгч хориг тавьсан. Тус заалтад “ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,УИХ, Засгийн газрын гишүүд прокурор, шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд заавал тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын 3 өдрийн дотор өгөх үүрэгтэй” гэж заасан. Энэ заалтыг миний бие санаачлан оруулсан. Учир нь шүүхэд хамгийн их нөлөөлдөг хүмүүс улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг. Тэр дундаа Засгийн газар, УИХ-ын гишүүд шүүгчтэй уулзахдаа тодорхой хязгаарлалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл, уулзахдаа гэрчтэй уулзах ёстой. Гэрчгүй уулзвал өөрсдөө Цэцэд очих заалт оруулж өгсөн. Үүнд яагаад хориг тавьсан юм. Хэн шүүгчтэй гэрчгүй, тэмдэглэлгүй уулзах гээд байгаа юм.
Ажлын хэсэг:
Та хоригийн агуулгыг буруу ойлгосон байна. Ерөнхийлөгч 44.2 дахь заалтын сүүлчийн өгүүлбэрт хориг тавьсан. Та хуулийн төсөл боловсруулахдаа бүх шатны шүүгч нар хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэлэлцэх явцдаа албан тэмдэглэлгүйгээр уулзах боломжийг үлдээсэн учраас хориг тавьсан. Түүнээс биш эхний өгүүлбэрт огт хориг тавиагүй. УИХ-ын хууль зүйн байнгын хороо үүнийг хүлээж авахгүй байгаад бас гайхаж байна