УИХ-ын ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Энэ удаагийн парламентад нийгмийн бүлгүүдийн төлөөлөл олноор сонгогдсон. Ирэх дөрвөн жил гишүүд хэрхэн мэргэжлийн түвшинд, мэдрэмжтэй ажиллаж чадах бол гэсэн хүлээлт бий. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчөөс хууль тогтоох дээд байгууллагад гишүүнээр сонгогдсон таны хувьд салбарын бодлогод хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Би Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 20 гаруй жил ажилласан. Тиймээс Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудал миний хувьд хамгийн ойр зүйл. Нэн түрүүнд хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, цалин орлогыг нэмэгдүүлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах шаардлагатай гэж харж байгаа. УИХ-д суудалтай намуудын мөрийн хөтөлбөрийг ч судалж үзэхэд дундаж давхаргыг олноор бий болгох, бизнесийн таатай орчныг бүрүүлэхэд төр бодлогоор дэмжиж ажиллана гэсэн байсан. Товчхондоо энэ асуудалд нам үл хамааран нэг цэг дээр зорилт нь огтлолцож байгаа нь сайн хэрэг.
Тиймээс миний бие үүнийг голчлон анхаарч "лобби" бүлэг байгуулах санаачилга гаргаж байна. Саналаа Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд уламжлахаар болсон. Нам үл харгалзан лобби бүлэгт гишүүнээр элсэх боломжтой.
Тогтвортой ажлын байрыг бий болгохын тулд цалин, орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Өнөөдөр сарын хөдөлмөрийн хөлсийг 1000-2000 ам.долларт хүргэж байж түүгээр дамжиж өрхийн амьжиргаа сайжирна. Өрхийн амьжиргаа сайжирснаар дундаж давхарга олноор бий болно гэсэн үг. Мэдээж нэг хөшүүрэг нь байгалийн баялгийг тэгш, өгөөжтэй хүртээх явдал.
Нөгөө талаас ажил олгогчид зөвхөн ажлын байраар хангахаас гадна ажилтныхаа нийгмийн асуудалд бодит дэмжлэг үзүүлдэг, урамшуулдаг уян байдал руу шилжих хэрэгтэй байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт амьдралын чанарт суурилсан орон сууцны дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх зэрэг боломжуудыг тусгасан байдаг. Одоо хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгтгэгдэн боловсруулагдаж буй. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэ чиглэл өргөн цар хүрээгээрээ тусах байх.
Эцэст нь энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад иргэдийн амьдралд хэрхэн өөрчлөлт гарснаар ажлуудаа дүгнэх байх. Мэдээж хүлээлт их бий.
-Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажлын хэсэг гаргаад явж буй. Хуульд зааснаар 30 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх учиртай. Гишүүд ЗГ-аас оруулж ирэх мөрийн хөтөлбөрийн төсөл, Улсын төсөвт тодотгол хийх хуулийн төслүүдэд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ? хэзээ танилцуулахаар байна?
-Засгийн газрыг бүрдүүлсэн УИХ-д суудалтай гурван нам эхлээд ирэх дөрвөн жилд хэрхэн хамтарч ажиллах талаараа зөвшилцсөн гэрээгээ хийх ёстой.Гэрээнд үндэслэж намууд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тус бүрийн саналуудаа тусгах байх. Аль намаас хэдэн хувийн санал хөтөлбөрт тусгах агуулгаа хоорондоо зөвшилцсөний дүнд мэдээж гэрээ ёсоор бүрэн эрхийнхээ хугацаанд хамтарч улс орны хөгжлийн ирээдүйн зорилтуудаа хэрэгжүүлээд явна.
УИХ-ын Тамгын газраас гишүүдэд наймдугаар сарын 10-15-ны хороонд ээлжит бус чуулган хуралдахаар байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Хуралдах өдөр нь яг тогтоогүй байгаа. ЗГ-аас гэрээ, мөрийн хөтөлбөрийн төсөл, төсөвт тодотгол хийх хуулийн төслөө хэзээ бэлэн болгож өргөн мэдүүлнэ тухайн үед нь хуралдаан зарлах учиртай. Гэхдээ мэдээж өөрийн тань хэлдгээр хуульд заасан хугацаандаа багтааж оруулж ирэх ёстой. УИХ-ын гишүүдэд хуулийн төслүүдтэй танилцах хугацаа мөн өгөх шаардлагатай болно.
Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хөдөлмөр , нийгмийн хамгааллын асуудлуудад хэрхэн анхаарч, дундаж давхаргыг бэхжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, татварын орчныг уян хатан болгох чиглэлээр хөтөлбөрт хэрхэн туссан байгааг анхаарч ажиллана.
-Та Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчөөсөө чөлөөлөгдсөн үү, дараагийн Ерөнхийлөгчөө хэзээ томилохоор байгаа вэ?
-Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Одоогоор Зөвлөл хуралдаагүй байгаа учраас дараагийн Ерөнхийлөгчийн асуудал яригдах болоогүй байх. Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэдийгээр төрөөс хараат бусаар ажиллах ёстой ТББ ч гэлээ салбарын төлөөлөл заавал УИХ-д байх шаардлагатай гэж хардаг. Тэгж байж Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчныг сайжруулахад илүү сайн түшиц болно гэж бодож байна.
-Тэгэхээр та Үйлдвэрчний эвлэлийн гишүүн хэвээр байх сонирхолтой гэсэн үг үү. Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу?
-Өнөөдөр ЗГ-ын бүтцийн сайд нар бүгд УИХ-ын гишүүн шүү дээ. Өөрөөр хэлбэл бүгд давхар дээлтэй гэсэн үг. Нэг гараараа салбарын бодлогоо зангидаж, нөгөө гараараа ашигтай хуулиа гаргаад батална гэсэн үг. Хууль тогтоох байгууллага, Гүйцэтгэх засаглалын хүчний харьцаа тэнцвэргүй болох эрсдэлтэй. Тийм байхад яагаад нийгмийн бүлгийн төлөөлөл УИХ-д асуудлаа дэвшүүлээд ажиллаж болохгүй гэж.
Шинээр бүрдсэн парламент нийгмийн бүлгүүдийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлж, салбар бүрийн уялдааг хангасан чанартай хууль тогтоомж гаргахын тулд төлөөллүүд асуудлаа гаргаж ярьдаг, мэтгэлцээний зарчмаар хуулийг хэлэлцэж баталдаг болох юм. Тэгэхээр нийгмийн тодорхой хэсгийг төлөөлж дуу хоолой болж ажиллах нь чухал болохоос "кнопчин" байх нь маш хортой үзэгдэл шүү дээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн тухайд нэг дарга дангаараа шийдвэр гаргадаггүй. Хамтын шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага цаашид хэрхэн ажиллах нь Зөвлөлийн гишүүдийн шийдэх асуудал гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа