Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших үү? үгүй юу? Гэдэг яриа газар авах боллоо. Үүний гол шалтгаан нь Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилээр сонгох үндсэн хуулийн шинэ заалт энэ оны 5-р сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр байгаа юм. Нэг хэсэг нь дахин нэр дэвших эрх нь нээлттэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь боломжгүй гэх тайлбарыг өгөөд байна. Гэвч эцсийн шийдвэрийг үндсэн хуулийн цэц, сонгуулийн ерөнхий хороо гаргана. Одоог хүртэл эдгээр төрийн байгууллагын зүгээс албан ёсоор тайлбар хийж, шийдвэр гаргаагүй байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой үгүй эсэх маргаан гарах болсон нь үндсэн хуулийн ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг наашлуулсантай холбоотой. Энэ саналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гаргасан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлээд байгаа. Мөн ажлын хэсгийн гишүүн судлаач О.Мөнхсайхан ч үүнийг нотолдог. Тамгын газрын дарга нь чухам яагаад 2025 оноос хэрэгжиж эхлэх заалтыг 2021 болгож наашлуулсныг тайлбарлахад бэрх. Ямартай ч Г.Занданшатар, О.Мөнхсайхан нарын тайлбараар бол “хэрвээ Х.Баттулга нэр дэвшиж чадахгүй бол бид буруугүй шүү” гэсэн далд санаа цухалзаж байгаа юм.
Тэгвэл эрх баригчдын дунд Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байх хувилбар үнэхээр яригдаад эхэлжээ. Энэ тохиолдолд МАН бараг өрсөлдөгчгүй болох ба ногоон гэрлээр Ерөнхийлөгчийн мандатыг халааслах боломжтой болно. Ийм зураг гараад ирвэл Ерөнхийлөгчид заавал хүч хаяж ялахын тулд элдэв зовлон, сунгаа бололгүй Ерөнхий сайдын багаас нэр дэвшүүлж шагналын журмаар асуудлаа шийдээд явчихна. Энэ шалгуурыг хангаж байгаа хүн нь Г.Занданшатар болоод байгаа ажээ. МАН-аас нэр дэвших боломжтой 10 хүний нэрс дунд Г.Занданшатарын нэр багтсан бөгөөд оны өмнө өгсөн хэвлэлийн ярилцлагадаа түүнийг нэр дэвшүүлэх асуудлыг судалж байгаа гэдгээ Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нотолсон байдаг.
Одоогоор МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Гэвч тэрээр яг дэвшинэ ч гэхгүй, үгүй ч гэхгүй эцсийн шийдээ хэлэхгүй яваад байгаа ажээ. Экс Ерөнхий сайд С.Батболд “намын нөхөд дэмжвэл нэр дэвшихэд татгалзах зүйлгүй” гэж байр сууриа тодорхой илэрхийлээд байгаа.
Зарим судлаачид манай орны засагллын хэлбэрийг хүчтэй Ерөнхийлөгч бүхий парламентын гэж тодорхойлсон байдаг. Учир нь Ерөнхийлөгч шүүх, прокурор, АТГ-ыг хяналтандаа байлгаснаар хэрэг үүсгэх, таслах бүх процессийг гартаа оруулсан. Мөн бүх ард түмнээс хоёр удаа сонгогддог учраас парламенттайгаа эн тэнцүү легитм чанартай байдаг гэж үздэг.
Тэгвэл шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэг удаа 6 жилээр хязгаарлаж, АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ-аас томилохоор болоод байгаа. Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө томилох Засгийн газрыг УИХ-ын нийт гишүүдийн 50 илүү хувь нь дэмжсэн тохиолдолд огцруулах зэргээр эрх зүйн хувьд нэлээд хамгаалалт сайтай болоод авсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хумьснаар Ерөнхий сайд хэт эрх мэдэлтэй байдалруу орж засаглал хоорондын баланс алдагдах вий гэсэн болгоомжлол ч улс төр судлаачдын дунд байна.
Цаашид Монгол Улс тоглоомын Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайдын засаглалруу шилжиж ҮАБЗ-ийн дор бүх зүйл төвлөрөх эрсдэл өндөр байна. Ийм хувилбарыг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой хүн бол Г.Занданшатар мөн. Тэрээр У.Хүрэлсүхтэй зөрчилдөөд үгийг нь зөрөөд явсан удаа байхгүй. Ерөнхийлөгчийн институтийг Ерөнхий сайдад уусгах ажлыг практикт хамгийн сайнаар хэрэгжүүлж чадах учраас түүнийг нэр дэвшүүлэх хувилбар МАН-ын дотор нэлээд хүчтэй яригдаж байгаа ажээ.