Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,165 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 752 хэрэг шинээр нээж, 810 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 346, Өмчлөх эрхийн эсрэг 231, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих 124, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 19, Авлигын 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 13, бусад төрлийн гэмт хэрэг 32 байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал:
- Г.С, Н.Г нар нь бүлэглэн 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр олсны төрлийн ургамал буюу хориглосон сэтгэцэд бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, Г.С нь насанд хүрээгүй хүүхдүүдийг тус бодисыг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлж, орон байраар хангаж, улмаар нэр бүхий насанд хүрээгүй хүүхдийг мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах), Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- С.Б, Р.М нар нь бүлэглэн “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Турк Улсаас нэр бүхий иргэнээр дамжуулан захиалж, худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!