
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн ЗГ хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит гуравдугаар хуралдааны бэлтгэл ажлын талаар санал солилцлоо. Мөн өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр талын харилцааг Иж бүрэн түншлэл болгон шат ахиулсан нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан үйл явдал байсныг онцлов.

Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, геологи, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 онд байгуулсан Нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл” (Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Увс, Завхан)-ийн явц, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн Монголын талын дарга Ж.Золжаргал болон хоёр улсын холбогдох яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!