Н.Наранбаатар: Хувь гишүүд татвараар хамаагүй оролдож болохгүй. Татварын асуудлыг зөвхөн ЗГ-ын бүрэн эрхийн асуудал байхаар өөрчлөх хэрэгтэй

Ангилал
Улс төр Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
26 минут 8 секунд

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатартай Татварын багц хуулийн төсөл болон татвартай холбоотой санаачилгуудын талаар ярилцлаа

-Яг энэ цаг мөчид УИХ дээр ЗГ-аас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төсөл болон татвартай холбоотой зарим гишүүдийн санаачилсан санаачилгууд хэлэлцүүлэгдэж байна. Төсвийн байнгын хороон дээр эдгээр хуулийн төслүүдтэй холбоотойгоор гишүүдийн байр суурь ямархуу байна вэ?

-Татварын хувь хэмжээг өөрчлөхтэй холбоотой зургаан хуулийн төсөл өргөн баригдаад байна. Тодруулбал, дөрвийг нь Засгийн газраас, хоёрыг нь УИХ-ын гишүүдээс. Засгийн газраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Татварын Ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон ХХОАТ-ын тухай хууль гэх дөрвөн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан. Харин Б.Пүрэвдорж нарын гишүүдээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан бол Ж.Баярмаа нарын гишүүдээс ХХОАТ-ын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Төсвийн байнгын хороо өнгөрөгч долоо хоногт эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан боловч хойшилсон. Учир нь өнгөрөгч долоо хоногийн Ардчилсан намын бүлгийн хурлаар эдгээр хуулийн төслүүдийн танилцуулга орох байсан боловч ороогүй юм билээ. Бүлгээрээ зайлшгүй хэлэлцэж байж байр сууриа нэгтгэнэ гэсэн учраас хэлэлцүүлгийг хойшлуулсан. Маргааш буюу Мягмар гарагт байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэнэ. Түүний дараагаар чуулганаар орно.

-Олон нийтийн дунд хамгийн хүлээлт өндөртэй хуулийн төсөл байсан гэдэг утгаараа ЗГ дээр нэлээн "дуншиж" байж орж ирлээ. Г.Занданшатарын Засгийн газрын үед оруулж ирээд буцааж татсан төсөлтэй харьцуулахад энэ удаа оруулж ирсэн Татварын багц хуулийн төслийн хувьд хэр бодит тооцоололтой орж ирэв. Сайжирсан эсхүл дордсон зүйл ажиглагдаж байна уу?

-Өмнөхөөсөө ялгаатай гэж хэлж болно. Ер нь татварын орлогын дийлэнх хувийг НӨАТ, ААН болон ХХОАТ эзэлдэг. Аль аль нь л 20-иос дээш хувь гэж үзвэл нийт утгаараа 50-иас дээш хувиар нөлөөтэй гэсэн үг юм. Жишээлбэл, өмнөх удаад татаж аваад байсан Татварын хуулиар НӨАТ-ын босго 50 сая төгрөг хэвээр, 400 сая төгрөг хүртэл хялбаршуулсан горимоор 1 хувь төлнө гэж тусгасан байсан бол энэ удаа оруулж ирэхдээ босгыг 50 биш 400 сая төгрөг болгосон. Энэ нь иргэд, ААН-үүдийн санал хүсэлтэд үндэслэн тусгасан өөрчлөлт гэж харж байгаа. Дараагийн нэг өөрчлөлт бол иргэн өөрийн орон сууцыг борлуулсан тохиолдолд хоёр хувийн ХХОАТ төлдөг. Үүнийг анх удаа орон сууц худалдаж аваад, 5-аас доошгүй жил тэндээ амьдраад борлуулж байгаа нөхцөлд 2 хувийн татварыг төлөхгүй байх зохицуулалтыг суулгаж оруулж ирсэн. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгтэй тэнцэх орлогыг татвараас чөлөөлөх өөрчлөлт орж ирсэн. Мөн татварын акттай ААН-үүдийн дансыг хаадаг байсныг сая өргөн барьсан хуулиар орлогын 20 хувийг компанид нь үлдээж, 80 хувийг нь авдаг байхаар тусгасан. Энэ мэтчилэн өмнөхөөсөө өөрчлөгдсөн заалтууд харагдаж байгаа.

Засгийн газраас өргөн барьсан дөрвөн хуулийн төслийн хүрээнд 2.2 их наяд төгрөгийн татварын ачааллыг иргэд, ААН-ийн нуруун дээрээс хөнгөлнө гэсэн тооцоолол гарч байна. Байнгын хороогоор хэлэлцээгүй байгаа учраас гишүүд ямар санаа оноотой байгааг одоогоор хэлэх боломжгүй байна. Маргааш хэлэлцүүлэг нь эхлэхээр гишүүдийн байр суурь илүү тодорхой болно.

Нөгөө талдаа хоёр гишүүний өргөн барьсан татвартай холбоотой хуулийн төсөл байгаа. Б.Пүрэвдорж нарын гишүүдээс Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг 5 хувь болгож багасгах хуулийн төслийг өргөн барьсан. Хэрэв үүнийг УИХ дэмжвэл төсөвт нэлээдгүй хүндрэл үүсэх юм. Жишээлбэл, 10 хувийн НӨАТ-ыг 5 хувь болговол төсөвт 4.2 их наяд төгрөгийн цоорхой бий болно гэсэн үг. Энэ хэмжээний татварын орлого дутна гэсэн үг шүү дээ.

Мөн Ж.Баярмаа нарын гишүүдийн зүгээс өргөн барьсан ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгож бууруулах санаачилга байна. Хэрэв үүнийг УИХ дэмжвэл төсөвт 2.7 их наяд төгрөгийн цоорхой үүснэ. ХХОАТ гэдэг чинь онцлог татвар. ХХОАТ нь орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг татвар. Өөрөөр хэлбэл, орон нутаг төсвөө бүрдүүлэх боломжгүй нөхцөлд хүрч очно. Тэгэхээр эргээд төсвөөс орон нутагт татаас өгөх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, нөгөө төсөв дээр үүссэн 2.7 их наядын цоорхойг нөхөхийн тулд дахиад 2.7 их наядын татаасыг орон нутаг руу өгнө гэсэн үг. Эффект нь 5.4 их наяд төгрөг гэсэн үг.

Зөвхөн дээрх татвартай холбоотой зургаан хуулийн төслийн төсөвт үзүүлэх нөлөөг нь авч үзвэл 10 гаруй их наяд төгрөг болоод явчхаж байгаа юм. Иймээс гишүүд маань хэлэлцүүлгийн шатанд алийг нь дэмжих вэ гэдгээ нэлээн сайн ярилцах байх. Татварын хуулиуд дээр ажлын хэсгүүд гарч ажиллан, төсөвт ямар нөлөө үзүүлэхийг судлах байх. Хэрэв 10 их наядын нөлөө үзүүлж байвал ирэх онд шинэ хөрөнгө оруулалт ч хийх боломжгүй, урсгал зардал цалин хөлсөө ч тавих боломжгүй хэмжээнд хүрч очих эрсдэл бий. Яагаад гэвэл одоо бидний батлах гээд хэлэлцэж байгаа Төсвийн хүрээний мэдэгдлээр 2027 оны төсвийн орлогыг 34 их наяд гэж тооцоолж байгаа шүү дээ. Тэгэхээр арав гаруй их наядын цоорхой яригдаж эхэлбэл төсвийн орлогыг 30 орчим хувь нь байхгүй болно гэсэн үг. Энэ 30 хувийн юугаар нөхөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж бид гадны зээл тусламж авах гэж л үзнэ. Гэтэл нөгөө өрийн тааз гэдэг асуудал байна. Цаашилбал төсвийн бүтэц, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлага гээд олон хуулийн агуулга, заалтууд зөрчигдөнө. Төсвийн байнгын хорооны даргын хувьд байж боломгүй л хуулийн төслүүд орж ирсэн гэж харж байгаа. Гэхдээ гишүүд маань ярилцаж байгаад алийг нь үлдээх вэ гэдгээ шийдэх байх.

-Нэгэн зэрэг өргөн баригдсан зургаан хуулийн төсөл гэдэг утгаараа хэрэв УИХ дээр ажлын хэсэг байгуулагдвал хуулийн агуулгууд дээрээ заримыг нь нэгтгээд явах боломж байгаа юу?

-Хуулийн төслөөр хөндсөн болон хөндөөгүй заалтын асуудал яригдана. Нэгэнт өргөн барьчихсан нөхцөлд хөндөөгүй заалтын асуудлыг бид ярих боломжгүй. Миний бодлоор зургаан хуулийн төслийг агуулгаас нэгтгээд явбал хүндрэл учрах байх гэж бодож байна. Татварын өөр хоорондоо уялдаатай 30-аад хууль байгаа шүү дээ. Бүгдээрээ л уялдаа холбоотой байж нийт дүнгээрээ төсвийн орлогын асуудал яригдана. Тэгэхээр ЗГ-аас өргөн барьсан хуулийн төсөл дээр нэг ажлын хэсэг, гишүүдийн өргөн барьсан дээр тусдаа ажлын хэсэг гарч ажиллах болов уу.

-Таны хэлсэнчлэн ХХОАТ бол сум орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой гол татвар. Гэтэл Ж.Баярмаа гишүүний зүгээс орон нутгийн төсөв тасрахгүй шүү дээ гэх тайлбарыг хийсэн?

-Хуулиараа ХХОАТ бол орон нутгийн санхүүгийн гол эх үүсвэр. ААН-ийн орлогын албан татварын 40 хувь нь байдаг. Бусад газар, үл хөдлөх, авто тээвэр болоод өөрөө явагч хэрэгслийн татвар суманд бол малын хөлийн албан татвар зэрэг нь орон нутгийн төсвийг бүрдүүлдэг. Гэтэл эдгээрийн чинь нэгийг нь байхгүй болгочихвол орон нутаг төсвөө бүрдүүлэхэд хүндрэл үүснэ. Бид чинь аль болох орон нутгаа бие даалгая, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болгоё, Өмнөговь, Орхон аймаг шиг болгоё гэж зорилт тавьж яваа. Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хөдөөгийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулъя гэдэг л зорилт шүү дээ. Гэтэл ХХОАТ-ыг 1 хувь болгоод бууруулчихвал энэ зорилтынхоо эсрэг л бодлого болж хувирна шүү дээ. Угтаа бол аль болох аймаг, орон нутгууд маань өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хэмжээний болгоход бодлого чиглэх ёстой. Улсын төсвөөрөө нэг жижиг сумын соёлын төв, тамгын газар, сургууль цэцэрлэг ярьдаг биш түүнийг нь аймаг орон нутаг нь орлогоороо өөрсдөө шийдчихдэг болох ёстой. Харин УИХ томоохон төслүүдээ яриад явчихдаг бол зүгээр байгаа юм. Түүнээс биш УИХ төсөв батлах үед манай тойргийн тэр аймгийн, тэр сумын цэвэрлэх байгууламж, соёлын төв, сургуулийг засах хэрэгтэй байна гэдэг зүйлийг халж, орон нутгийг бие даалгах асуудал руу орохгүй бол болохгүй.

-Төрийн албаны цомхтгол орон нутагт хүнд тусаж байна. Дөрөвхөн хүнтэй сумын соёлын төвийнхөн нь хэнийгээ халах вэ гээд сууж байна-

-Эдийн засгийн нөхцөл байдал ч нааштай бус байна. Гэтэл ийм үед төсвийн хамгийн эмзэг цэг болох татвартай холбоотой заалтаар оролдохдоо эргээд нарийн судалгаа тооцоолол дээр үндэслэн эдийн засгаа бас бодох шаардлага байна. ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах санаачилга дээр л гэхэд 2.7 их наяд цаашилбал 5.4 их наядын төсвийн ачаалал яригдаж байна. Тэгвэл гишүүд татвартай холбоотой хуулийн төсөл оруулж ирэхдээ юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-УИХ-ын гишүүд татварын тухай хуулиудыг өргөн барьдаг. Ийнхүү өргөн барихдаа дандаа татварын хувь хэмжээг бууруулъя л гэдэг агуулгаар өргөн барьж байна. Хэрэв ингээд татваргүй болчих юм бол энэ улс орон чинь цаашид яаж урагшлах хэрэг вэ. Төрийн байгууллагууд, томоохон бүтээн байгуулалтууд чинь яаж явах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль болон бусад хуульдаа тодорхой хэмжээгээр зааж өгөхгүй бол болохгүй байна. Нэг гишүүн нь НӨАТ-ын хууль барьж аваад, нөгөө гишүүн нь Нийгмийн даатгалын тухай хууль барьж аваад, нэг нь Онцгой албан татварын тухай хууль барьж аваад татвараа хасна гээд өргөн бариад явдгийг журамлахаар байгаа юм. Татварын хувь хэмжээг хөдөлгөхтэй холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байхаар өөрчлөхгүй бол хувь гишүүд татвараар хамаагүй оролдож болохгүй. Яагаад гээвл татвар гэдэг чинь өөрөө том систем. Татвар бол эдийн засгийг бүрдүүлэхээс гадна орлогын дахин хуваарилалтыг хийж байдаг механизм учраас нэг нэгээр нь барьж аваад багасгаад байж таарахгүй. Мөн нийгмийн даатгалын хууль ч ялгаагүй. Өнөөдөр Нийгмийн даатгалын сангийнх нь хөрөнгө хүрэлцээгүй, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй нэмээд та бидний татварын мөнгөөр нийгмийн даатгалд жилдээ 2,3 их наядаар нь нэмж өгч байна. Гэтэл хувь хэмжээг нь бууруулчихвал алдагдал бий болж, тэр хэмжээгээрээ улсын төсөвт дарамт ирнэ.

Багш нарын цалин дээр л гэхэд шинэ сайд очоод тооцоолол хийж үзээд, 1.1 их наяд төгрөгийн цалин сох дутах юм байна гээд гаргаад ирж байна. Эрүүл мэндийн ажилчдын цалин ч асуудалтай байна. Ахмадууд маань тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгох шаардлага тавиад жагсаж байна. Үүний тулд 3,4 их наяд төгрөг хэрэгтэй болно. Шинээр байгуулагдаж буй цэцэрлэг, сургууль, эмнэлэг бүр дээр ажиллах хүмүүсийн цалин хөлс, нийгмийн даатгал гээд. Төсөв жилээс жилд нэмэгдэж байдаг. Бид чинь цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ гэчихсэн. Өнөөдрийн нөхцөлд инфляц 10 хувьтай явж байна. Онц эцэст хэд байхыг нь хэлж мэдэхгүй. Тэгэхээр есдүгээр сард ирэх жилийн төсвийг батлахдаа цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцтайгаа уялдуулаад арван хувь гэж л нэмэх нь байна шүү дээ. Ингээд үзвэл тэтгэвэр тэтгэмж л гэхэд дангаараа 10-аад их наяд. Цалин чинь дангаараа 10-ад их наяд. Гэтэл төсвийн 60-70 хувь нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжид явчхаж байна. Гэтэл нөгөө талд татвараар орж ирж байгаа орлогыг нь байхгүй болгоно гэдэг чинь болохгүй л асуудал л даа. Төсвийн бодлогоо том дүр зургаар нь авч үзэхгүйгээр зөвхөн олон нийтэд таалагдах гэж бодлого оруулж ирж болохгүй. Цалин бага байгаа нь үнэн. Нэмэх шаардлага ч байгаа. Гэхдээ бид төсвийнхөө орлоготой уялдуулж байж нэмэхгүй бол болохгүй. Эмч, багш, ШУ-ны салбарын ажилчдын цалинг нэмсэн. Одоо төрийн захиргаа, соёл, төрийн тусгай салбарынхны цалинг нэмж, ойртуулах ёстой. Ингэхэд нэлээдгүй их эх үүсвэр шаардлагатай болно. Нөхцөл байдал ийм байхад татварын хувь хэмжээг бууруулна гэдэг хэцүү.

Мөн Засгийн газраас Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барихдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Аравдугаар сарын 1-нээс НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхээр байсан. Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс буцаан олголтыг дахин нэмэгдүүлэхээр байв. Хэрэв энэ НӨАТ-ын хууль хэрэгжээд эхэлбэл 1.6 их наяд төгрөгөөр төсөв тасарна гэж үзсэн. Тиймээс энэ хуулиа ч мөн адил өөрчлөхөөр болоод явж байна. Бидний өмнө цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэхээс гадна татварынхаа орлогыг ч нэмэгдүүлэх шаардлага байгаа. Гол олж байгаа татвар чинь бидэнд цөөн шүү дээ. Нүүрсний орлого, зэс л байна шүү дээ. Төмрийн хүдэр, ноос ноолуур зэрэг бусад түүхий эдээс олох нь шалихгүй. Тиймээс экспортоо нэмэгдүүлж, орлогоо нэмэхийн тулд төмөр замын гарцаа сайжруулах, ОТ дээрх хэлэлцээр гээд олон талаар л арга хэмжээ авч байна. Улс орны нөхцөл байдал, дэлхий нийтийн эдийн засгийн хямрал дагасан хямралууд ч үргэлжилж байна. Тиймээс бид татварынхаа хувь хэмжээг хасна гэхээсээ илүүтэйгээр одоо байгаа түвшинд нь хадгалж, дарамт өндөр байгаа хэсэгт нь хөнгөлөлт үзүүлээд явах ёстой. Экспортоо нэмэгдүүлээд, төсөв дэх хэрэгцээгүй, үр ашиггүй зардлаа танах хэрэгтэй.

-Ер нь төсвийн зардлыг танах тал дээр байнга шахуу л ярьдаг шүү дээ?

-Тийм ээ. Төрийн байгууллагын зардлаас хэмнээд байх зүйл үлдсэнгүй дээ. 2026 оны төсвийг батлахдаа ЕТГ-аас эхлүүлээд сумын тамгын газар хүртэл бүх урсгал зардлыг нь 15 хувиар хассан. Төрийн албаны орон тоог 9 хувиар хассан. Тойрогтоо ажиллаж байхад цөөхөн дөрөвхөн хүнтэй сумын соёлын төвийнхөн нь хэнийгээ халах вэ гээд сууж байна. Эрүүл мэндийн төв нь 9-хөн хүнтэй. Бас л хэнийгээ халах вэ гээд сууж байна. Орон тооны цомхтгол хүндээр тусаж байна. Бензин шатахуун, бичиг цаас гээд бүгдийг нь хасчихсан. Аймгийн төв рүү хүүхдүүдээ олимпиад, уралдаан тэмцээнд авч явах гэхээр мөнгө төгрөг төсөв байхгүй. Ер нь нөхцөл байдал хүнд л байна. Юм бол төр данхгар байна, цомхтго гээд байдаг. Яг бодит байдал дээр очихоор хүнд л байна.

-ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах санаачилга дээр үүсэх 2.7 их наяд төгрөгийн эх үүсвэрийг төрийн албан хаагчдыг 40 хувиар цомхтгох эсхүл Туулын хурдны зам тэргүүтэй төслүүд дээрээс нөхөх боломж байна гэдгийг хэлж байна лээ?

-Иргэдэд "Би та нарын төлдөг татварыг багасгана" гэж хэлэхэд гоё сонсогдоно шүү дээ. Гэхдээ энэ чинь ардаа эдийн засгийн тооцоололтой байх ёстой. Татвар багасгаж байгаа бол түүнийг юугаар нөхөх вэ гэдэг асуудал байх ёстой. "Туулын хурдны зам"-тай холбоотой хөрөнгө чинь нийслэлийн бонд шүү дээ. Өнөөдрийн нөхцөлд төсвөөс хамааралгүй гэсэн үг. Хэрэв татвар хасна гэж орж ирж байгаа бол тооцоогоо л сайн хийх хэрэгтэй. Хассан дүнгээ хаанаас оруулах вэ гэдэг тооцолол нь байх ёстой.

-Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай-

-УИХ-аар Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн Гадаад зээллэгтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Өмнө унасан хуулийн төслөөс ялгаатай нь нийслэл дээр хэрэгжиж байгаа "Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалтыг хасаад оруулаад ирлээ. Та эл хуулийн төслийг, өрнөсөн улс төрийн үйл явц дээр нь ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Хувь гишүүний хувьд, өмнө оруулж ирсэн гурван төслийг гурвууланг нь л явуулах ёстой гэж бодож байгаа. Тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Эрдэнэбүрэнгийн УЦС л гэхэд баруун таван аймгийн цахилгааны асуудал. Газрын том боловсруулах үйлдвэрийн тухайд нефть бүтээгдэхүүний хараат байдлаас 50 хувь салах боломж. Сэлбэ дэд төвийн ажил ч сайн явж байгаа. 10 мянган айл сайхан амьдрах боломж. Энэ агуулгаараа аль аль төслийг нь л явуулчих хэрэгтэй гэдэг бодолтойгоор дэмжсэн. Гэхдээ унасан. Засгийн газраас яаралтай горимоор эхний хоёр төслийг оруулаад ирж байна. Дэмжигдээд явах байх. Сэлбэ дэд төв дээр нийслэлтэй холбоотой асуудлыг хэлэлцүүлгийн явцад гишүүд нэлээдгүй хэлж байсан. Төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгаад явах нь зөв байх.

-Тэгэхээр гадаад зээллэгийн асуудал энэ хуулийн төслөөр нэг талдаа гараад явах болов уу гэсэн хүлээлт байна?

-Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа 74 төсөл байгаа. Түүнд 13 их наяд төгрөг байна. Үүнийгээ хурдтай ашиглая, хугацааг нь богинсгоё, бүтээн байгуулалтаа түргэсгэе л гэж байгаа санаа. Төсвийн тухай хуулиар гадаад зээлийн хязгаарыг тавьчхаад байгаа. Жишээлбэл, 2026 онд 1.2 их наяд төгрөг гэж хязгаар тавьчхаад 13 их наядыг ашиглах боломжгүй болчхоод байгаа юм. Тэгэхээр л хугацаа нь хойшлоод байгаа юм. Улмаар зээл нь байгаад байдаг. Түүндээ хүү төлөөд яваад байгаа юм. Энэ хүү арван жил үргэлжилбэл 100 гаруй тэрбум төгрөгийн хүү болно. Нөгөө зээл өгсөн улсууд нь "Та нар зээлээ түргэн аваад ашиглаач ээ. Нэн хөнгөлөлттэй зээл өгчхөөд байхад яагаад ашиглахгүй байгаа юм бэ" гэдэг асуудлыг тавьдаг. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС төдийгүй Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгч компаниуд нь ажлаа хийсэн ч цалин хөлсөө авч чаддаггүй байдал үүсэж байна. Ингэж л хамаг юмаа гацаагаад байна. Тиймээс энэ төслүүдээ төсвийн лимитээсээ гаргаад, тусад нь хэрэгжүүлье л гэж байгаа юм. Нэг удаагийн хууль гэсэн үг. Хүмүүс хоёр төсөвтэй болох гэж байна гэдэг зүйлийг ярьж байна лээ. Энэ хоёр төсөл чинь хэрэгжиж дуусах үед тухайн нэг удаагийн хуулийн төсөл ч дуусна.

-Ирэх зургаадугаар сард төсвийн тодотголыг өргөн барина гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. Төсвийн тодотголын тухайд?

-Энэ талаар хүмүүс их асууж байгаа. Төсвийн тодотгол орж ирэх байх. 2026 оны төсвөө өнгөрөгч оны 11 дүгээр сарын 14-нд төсвөө баталсан шүү дээ. Тухайн үед Ойрх Дорнодын нөхцөл байдал, шатахууны хомстол, инфляц, үнийн хөөрөгдөл гэдэг зүйл байгаагүй. Энэ нь гэнэтийн сорилт, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан хямрал дэлхий нийтээр явагдаж байна. Үүнтэй уялдуулаад төсвөө тодотгодог байя, тодорхой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авдаг байя гээд Төсвийн хүрээний мэдэгдлийг дагалдуулж өргөн барьсан хоёр хуулийн төслийн нэг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлт. Энэ дээр Төсвийн хүрээний мэдэгдэл баталснаас хойш гурван сарын дотор тодотгол хийж болохгүй гэх заалтыг авах гэж байгаа юм. Хуулиараа Төсвийн хүрээний мэдэгдэл зургаадугаар сарын 1-ний дотор батлагдана. Хэрэв дагасан хууль батлагдвал зургаадугаар сарын 1-нээс хойш төсвийн тодотголоо хийх бололцоотой болж байгаа. Өнөөдрийн нөхцөлд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Боловсролын салбарын цалин одоо батлагдсан хэмжээгээрээ явбал ирэх намар цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрч очно. Тэгэхээр бид төсөвтөө зохицуулалт хийж, 1 их наяд төгрөгийг ийш тавихаас эхлүүлээд асуудал их байна. Засгийн газар төслүүдээ эрэмбэлж байгаа байх. Орлогоо олдог, зарлагаа нөхдөг төслүүдээ эхэлж явуулах байх. Хоёрдугаарт, Хэмнэлтийн тухай хуулиар тавдугаар сарын 31-ний дотор гэрээгээ байгуулаагүй хөрөнгө оруулалтын ажлуудыг дараа жил рүү шилжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр худалдан авах ажиллагаа нь хугацаандаа багтаагүй ажлуудын үлдэгдэл хэд байх нь вэ гэдэг чинь тодорхойгүй байна. Үүнэс хэдэн төгрөг гарч ирэх вэ гэдгээ харна. Энэ мэтчилэнтэй уялдуулаад ЗГ, Сангийн яам тооцооллоо хийгээд оруулж ирэх байх.

Ярилцсанд баярлалаа

Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
 
С.Мөнхчулуун: Төсвийн мөнгө уйлдаггүй ч би уйлмаар байна. Сумын төв тойрсон замаар яах гээд байгааг ойлгохгүй юм
С.Мөнхчулуун: Төсвийн мөнгө уйлдаггүй ч би уйлмаар байна. Сумын төв тойрсон замаар яах гээд байгааг ойлгохгүй юм
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!