
Хятад, Монголын хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын худалдааны чөлөөт бүстэй танилцжээ. БНХАУ-аас авдаг барааны 80 хувь нь Эрээний боомт, чөлөөт бүсээр дамждаг. Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын гурван бүс одоогоор ажиллаж байна. Тухайлбал Хөх хот, Манжуур, Эрээн хотын чөлөөт хуурай замын худалдааны бүс юм. Эрээн хотын салбар бүс нь цогц хэлбэрээр хөгжиж, гурван улсын худалдааны гол коридир болохоор 18 га бүс нутагт байгуулагджээ. Хоёр улсын хоорондын иргэдийн зорчигч хөдөлгөөний 70 гаруй хувь, Монгол руу зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг Эрээн хотын хуурай замын хилийн боомт, чөлөөт бүсээс Монгол Улс татан авдаг.
Тухайлбал, Монгол Улстай худалдаа хийхээс гадна Монгол, Оросоор дамжуулан Европын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гол боомт болон хөгжиж байна. Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал цэг болгох бодлогыг БНХАУ-ын засгийн газрын зүгээс хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү чөлөөт бүсэд 48 аж ахуйн нэгж уул уурхай, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал гэсэн салбараар ажиллаж байна. Энэхүү чөлөөт бүсээс Монгол, Орос, Европт бүтээгдэхүүн борлуулах бодлогыг барьж ажиллахын зэрэгцээ БНХАУ-ын дотоод зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх ажээ.
Эрээн хотын чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад 1.5 тэрбум юань хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Цаашид Замын-Үүдийн чөлөөт бүстэй нягт холбоотой ажиллаж, бүтээгдэхүүний худалдааг өргөжүүүлэх хүсэлтэйгээ тус бүсийн удирдлагууд тодотгож байв. Эрээн боомт нь Авто замын боомтын хоёр дахь терминалыг оруулж, зорчигч болон ачаа тээврийн урсгалыг салгаж, үр ашигтай ажиллагааг дээшлүүлжээ. Тус авто замын боомтоор жилд 6 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болгохоор зорин ажиллаж байна. Мөн Тяньжинь боомт, Таншань боомт зэрэг усан боомтуудтай хуурай замын болон далайн боомтын уялдаа холбоог бэхжүүлж, “төмөр замын нэвтрэх хүчин чадлыг өсгөх" загварыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Монгол, Орос руу чиглэсэн Олон улсын агаарын замын сүлжээг өргөжүүлж, нисэх онгоцны ачаа тээврийн боломжийг ашиглаж, олон улсын агаарын тээврийн шинэ маршрутыг Эрээн хотын чөлөөт бүс дээр тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж ажиллаж эхэлжээ. БНХАУ нь 23 худалдааны чөлөөт бүс ажиллуулж эхэлсэн бөгөөд Өвөр Монголд гурван чөлөөт бүс ажиллаж байгаа юм. Мөн Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд монголд ашиглагддаг цахим төлбөр тооцооны хэрэгслүүдийг Эрээнд ашиглах боломжтой болгох ажлыг эхлүүлжээ. Эрээн хот Салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулж жилд 2.3 сая квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Өвөр Монголын баруун бүст эрчим хүчээ нийлүүлж, тус бүсийг эрчим хүчээр хангадаг байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!