УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан.
Хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг хоёр жил тутамд ажиллуулахаар шинээр хуульчилж, зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцох боломжтой байхаар тусгасан байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
“Шүүгчдийг томилохдоо чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж авдаг, үгэнд нь орохгүй бол огноогүй өргөдлийг нь гаргаж ирж, огноо тавьж байгаад явуулчихдаг, өөрөө мэдээгүй байхад ажлаасаа чөлөөлөгдсөн байсан гэдэг ярианууд бий. Би хажууд нь байгаагүй учраас баталгаа, нотолгоотой дүгнэлт хийж чадахгүй байна л даа. Гэхдээ ийм яриа байгаа учраас, томилж байгаа этгээдээс шүүгчийг хараат бус байлгах үүднээс тодорхой заалтууд оруулж байгаа. Тухайлбал,Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид биш УДШ-ийн нийт шүүгчдэд гаргана. УДШ-ийн нийт шүүгч тэр өргөдлийг хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна. Мөн УДШ-ийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон үндэслэлээ олон нийтэд урьдчилж заавал мэдээлнэ гэх заалтуудыг ажлын хэсээс оруулсан. Та бүхэн дэмжвэл батлагдана. Энэ нь урьдчилж өргөдөл бичүүлж авдаг эрсдлээс хамгаалсан хэрэг юм” хэмээв.