Ө.Шижир: АН нэг баг болоод ажиллахад 2028 онд эрх баригч болоход тун ойрхон байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
9 минут 34 секунд

Өнөөдөр АН-ын ҮБХ-ны хурал болохтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй ярилцлаа. Мөн түүний санаачлаад буй Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийн талаар тодрууллаа.

-ҮБХ-ны хуралдаанаар С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэх болон таван дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал дээр танай намынхан хэд хэд хуваагдчихлаа. Та хувьдаа ямар байр суурьтай байгаа вэ?

-2024 онд Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт ороод 2026 оны 1-р сарын 1-нээс хэрэгжихээр болсон. Хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулсан хугацаанд МАН, АН аль аль нь хурлаа хийж даргаа сонгоод, шинэ дүрмээ баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн.

Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн манай намын шинэ дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргыг санал болгох эрх бүхий ганц субьект нь намын дарга өөрөө. Ардчилсан намын дарга хэнээр өөрийн гал тогоогоо удирдуулж, таван дэд даргаа хэрхэн сонгох нь өөрийнх нь бүрэн эрх.

Тэгэхээр намын дарга өнөөдөр ирэх 2028 онд ялалт байгуулахын тулд өөрт нь хамгийн их тус нэмэр болж чадах мөн улс төрийн мэдлэгтэй, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зургаан хүний нэрийг Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргад дэвшүүлнэ байх.

-Жинхлэгдэх магадлал өндөр байгаа С.Баярцогт дээр таны хэлсэн шаардлагуудыг хангах уу?

-Би хүн дээр тухайлж юм ярьдаггүй. Миний хувьд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар намынхаа анхан шатаар явсан, орон нутгийн сонгуульд ялж үзсэн, улс төрийн тодорхой туршлагатай хүнийг сонгох мөн ҮБХ-ны 39-өөс доош насны залуучуудын оролцоог хангаад тавьчихвал сайн л гэж бодож байна. Миний ойлгосноор хэд хэдэн хүн л Ерөнхий нарийн бичгийн даргад яригдаж байгаа юм билээ.

-39-өөс доош насных гэхээр залуу үе гэдгээрээ давуу талтай байж болох ч намын гал тогоог авч явна гэхээр туршлага дутах юм биш үү?

-Үгүй шүү дээ. Манай Ардчилсан намд 39-өөс доош насны хэд хэдэн УИХ-ын гишүүн байна. Аймаг, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан 39-өөс доош насны залуучууд олон байгаа. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга ч байна. Яагаад туршлагагүй гэж. Ажил хийж байж туршлагатай болно шүү дээ.

-Тэгвэл эрх баригчдын эсрэг намаа аваад орох боломж хэр байгаа юм бэ?

-Байлгүй яадаг юм бэ. Өнгөрсөн 10 жилийн улс төрийн, эдийн засгийн байдлыг хар. Одоо Ардын намын хоёр хуваагдсан байдлыг харвал бидэнд маш их боломж байна. Энэ боломжийг ашиглаад нэг баг болоод ажиллахад манай намын удирдлагууд 2028 онд эрх барихад тун ойрхон байна гэж харж байгаа.

-Х.Тэмүүжин гишүүн сөрөг хүчний улс төрийг маш сайн хийнэ-

-УИХ дахь бүлгийн даргын асуудал хойшилсон. Ер нь олонх нь Х.Тэмүүжин гишүүнийг сонгох нь тодорхой болчих шиг боллоо. Тухайн хүнд хэр итгэл үзүүлж байгаа юм бэ?

-Бүлгийн даргад Х.Тэмүүжин гишүүнийг дэмжихээ анхнаасаа илэрхийлсэн. Яагаад гэвэл нэгдүгээрт УИХ-д гурван удаа сонгогдсон, Ардчилсан нам эрх барьж байх үед сайдаар ажиллаж байсан, одоо сөрөг хүчний бүлгийн дэд даргаар ажиллаж байгаа.

Хоёрдугаарт Үндсэн хууль судлаач гэдэг утгаараа намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй, Ерөнхий сайд нь Төрийн гурван өндөрлөгийн индэр дээр суухгүй, гишүүдийн дунд сууж асуултад хариулах ёстой зэрэг хуулиудыг санаачилсан. Тийм учраас Х.Тэмүүжин гишүүн сөрөг хүчний улс төрийг маш сайн хийнэ.

-Б.Пүрэвдорж гишүүн бүлгийн даргын асуудлыг хойшлуулах санал гаргасан гэсэн. Ямар учиртай санал гаргасан юм бэ?

-О.Цогтгэрэл дарга бүлгийн даргаа өгнө гэж ярьж байхад намын зохион байгуулалтын асуудлууд цэгцэрсний дараа өгье гэсэн. Тийм учраас гурав дахь өдөр ҮБХ хуралдсаны дараа бүлгийн даргын асуудлаа ярья гээд санал хураасан.

-Оюутны хөдөлмөр эрхлэлтийг НДШ-ээс чөлөөлснөөр улсын төсөвт дарамт учруулахгүй-

-Дараагийн асуудал бол таны боловсруулж буй Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль. Хуулийн гол зорилго, үзэл санаа нь юу юм бэ?

-Хөдөлмөрийн зах зээлийг харвал боловсон хүчний хомстол бодитоор үүсэж эхэлсэн. Нөгөө талдаа ААН-үүд цагийн хөдөлмөр буюу оюутан залуучуудыг ажиллуулах сонирхол ихтэй байна. Мөн оюутнууд цагийн ажил хийх сонирхолтой болсон. Энгийнээр яривал, танай компани зундаа 1-2 сарын хугацаатай ажлын байр бий болгож болно. Ингэлээ гэхэд тэнд байнгын орон тооны ажилчин хэрэггүй байхгүй юу. Шаардлага хангасан оюутан ажиллалаа гэхэд тэр хугацаанд хоол, унаа, цалин гээд бүх орлогоосоо НДШ, ХХОАТ төлчихөж байна. Ингээд гар дээр 1 сая төгрөг авна гээд бодож байсан оюутан чинь 770-780 мянган төгрөг авч байна. Улмаар санхүүгийн дарамт бий болгож байгаа юм.

Үүнийг чөлөөлчихвөл, оюутнууд нэг сарын хугацаанд 1 сая төгрөгөө бүтнээр нь авна гэсэн үг. Ажил олгогчид ч гэсэн сэтгэл хангалуун байна. Тэгэхгүй бол өнөөдөр байгууллагаас 1 сая төгрөгийн цалин өгөхийн тулд 1 сая 250 мянган төгрөгийн зардал гаргаж байгаа.

Тэгэхээр оюутны хөдөлмөр эрхлэлтийг НДШ-ээс чөлөөлснөөр улсын төсөвт дарамт учруулахгүй, татварын орлого тасалдах ч үгүй.

Нөгөө талаасаа оюутны хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгоод өгчихвөл дараагийн ажлын байрууд дээр туршлагатай хүмүүс гарна. Тэгэхгүй бол одоо бизнесийн болон төрийн байгууллагууд ажил авахдаа “Туршлагатай хүн ажилд авна” гэдэг дээ.

Мөн үүнээс гадна 1-2 сар ажиллаад “Цалингаа авалгүй муриулчихлаа” гэсэн асуудлыг зөндөө сонсож байсан байх. Энэ асуудлыг хуульчилж, хааж өгье гэж байгаа. Ингэснээр оюутнууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөхгүй байх боломж бүрдэнэ.

-Оюутны хөдөлмөр эрхлэлтийг НДШ-ээс чөлөөлснөөр татвар, нийгмийн даатгалын орлого тасрахгүй гэж та хэллээ. Тооцоо судалгаа хэр хийсэн бэ?

-Судалгаа байгаа. Манайхны хийсэн судалгаагаар, 2020 онд 35 тэрбум төгрөг, 2025 онд 51 орчим тэрбум төгрөг цагийн ажил эрхэлсэн хүмүүсийн орлогоос төвлөрсөн байна. Энэ л хөнгөлөгдөнө гэсэн үг. Хөнгөлөгдөөд зах зээлд шууд нийлүүлэгдэнэ. Хамгийн түрүүнд бодоход хадгаламж болж үлдэнэ. Үгүй бол зах зээлд нийлүүлэгдээд, эдийн засгаа тэлсэн арга хэмжээ болно гэсэн үг.

-Энэ хуульд гишүүдийн дэмжлэг хэр байна?

-Эхний танилцуулгыг хийхээс өмнө нэлээн хэдэн гишүүнд хуулийнхаа үзэл баримтлалыг танилцуулсан. Одоогоор 8, 9 гишүүн хамт өргөн барина гэдгээ илэрхийлсэн. Хуулийн боловсруулалтаа илүү сайжруулахын тулд оролцоо сайтай судалгаанууд хийхийг зорьж байна.

-Сөрөг хүчнийг гишүүд хууль санаачлаад, өргөн барихаар УИХ дээр очоод гацчихаад байгаа. Энэ хууль бас гацаанд орох вий гэсэн болгоомжлол байна уу?

-Жишээлбэл, 2025 оны долоодугаар сарын 2-ны өдөр нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байсан. Гишүүд асуулт асууж байх үеэр парламентын уур амьсгал энэ хуулийг дэмжих тал руугаа явчихсан. Гэтэл Засгийн газраас “Бид адилхан хууль өргөн барина. Та нар татчих” гэсэн. Тэр үед би Б.Түвшин гишүүнд “Наадуул чинь хулхидана шүү” гээд хэлээд байхад одоо хулхидуулсан байж л байна.

Одоо арай ч ийм үйлдэл гаргахгүй байлгүй дээ. Оюутан, залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжье, ирээдүйг нь бэлдье гэж байхад улстөржихгүй байх. Надтай хамт өргөн барих гишүүдийн дунд МАН-ын хэд хэдэн гишүүн байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

“Ардчилсан сэргэлт” холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонгогдлоо
“Ардчилсан сэргэлт” холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонгогдлоо
 
“Бариси Их дуулга”-д манай 19 жүдоч барилдана
“Бариси Их дуулга”-д манай 19 жүдоч барилдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!