
Сошиал орчинд хүүхдүүд нэг нэгнээ дээрэлхэж зодох, зүй бусаар харьцах, ёс бус үг хэллэг хэлэх, улмаар нэгнийгээ гэмтээсэн бичлэг тавигдах бүрд эцэг эхчүүд хүүхдүүдээ "Миний хүү хэн нэгэнд дээрэлхүүлж байх вий дээ, зодуулсан юм биш байгаа, шоглуулсан байх вий" гэж л боддог. Харин "Миний хүү хэн нэгнийг дээрэлхсэн юм биш биз дээ. Зодсон бол яах вэ. Миний хүү бусдаас мөнгө нэхсэн дээрэлхэгч нь байх вий дээ" гэж хэзээ ч боддоггүй. Гэтэл таны хүүхэд үеийнхнээ дээрэлхдэг нь байвал та яах вэ?
Нэг жишээ дурдъя. Нэгэн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэлзүйч цагдаагийн байгууллагатай хамтран "365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе" аяны хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар лекц уншжээ. Хэдэн өдрийн дараа сэтгэлзүйчийн өрөөнд сургуулийнх нь урдаа барьдаг онц сурлагатны нэг, урлаг спортын тэргүүний сурагч ахлах ангийн охин орж ирээд асуудлаа ярьжээ. Тэрбээр "Би бүх хичээлдээ жигд сайн сурдаг. Бүх хичээлийнхээ даалгаврыг сайн хийдэг. Олон найз нөхөдтэй, тэдэндээ байнга тусалж, ойлгохгүй хичээлийг нь зааж, зөвлөж тусалдаг байлаа. Гэвч аав маань архины хамааралтай. Хэд хэдэн удаа сургууль дээр согтуу ирж миний нэрийг дуудан сургуулийн гурван давхраар орилж хашхирч явсан. Эхний 1, 2 удаад хүүхдүүд нэг ч их тоогоогүй. Харин олон дахин давтагдаад иртэл "Чи архичны хүүхэд, танай аав архичин" гэж хэлээд нийлэхээ больсон. Надаас туслалцаа авахаа ч больсон. Намайг сургуулийн коридороор явахаар бүх хүүхдүүд над руу харж жиг жуг ярилцаж байгаа нь мэдрэгддэг. Нөгөө олон найз минь бүгд байхгүй болсон. Одоо би сургуульдаа явахыг хүсэхээ больж байгаа. Хичээлдээ бага багаар муудаж, хүүхдүүд намайг муулж байх вий гэхээс айдаг болсон" хэмээн ярьжээ.
Хэн нэгнийг далдуур муулж шоолох нь чамайг сайхан харагдуулахгүй. Хүүхэд аав, ээж, бие хаа, царай төрх, амьдралын боломжоо сонгож төрдөггүй. Бид бие биеэсээ ялгаатай. Тэр ялгааг ойлгож, хүндэтгэх нь зүйтэй. Хэн нэгнээс илүү гарахад хичээл зүтгэл хэрэгтэй болохоос биш бусдыг далдуур муулж, шоолох нь чамайг амжилтад хүргэхгүй. Тиймээс өөрөөсөө бусад хүмүүстэй харилцахдаа өөртэйгөө харьцаж байгаа юм шиг, чи өөрөө ямар харилцааг хүсдэг яг л тэгж харилцаж байгаарай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!