С.Мөнхбат: Зорилгогүй хүн сайн хүн, зөв хүн байж чадахгүй. Мөрөөдөж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилго тавьж чаддаг байх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
47 минут 28 секунд

NTV телевизийн бэлтгэн хүргэдэг Лхагвын тойм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын аварга С.Мөнхбат оролцлоо.

-Лхагвын тойм нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Монгол хүн, Монгол ёс, Монгол мөрөөдлийн тухай ярилцахаар бэлтгэсэн. Өнөөдрийн зочин бол Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат аварга хүрэлцэн ирээд байна. Оройн мэнд хүргэе.

-Баярлалаа

-Таны номноос тулгуурлаж асууя. Мөрөөдөл гэдэг хүнийг урагш нь хөдөлгөдөг. Мөрөөдөл байхгүй бол зогсоодог зүйл юм билээ. Та мөрөөдлийг юу гэж хардаг вэ?

-Би сүүлийн үед мөрөөдлийн чиглэлээр нэмж зүйл олж мэдэхийг хүсэж явна. Гадаадын хүний хөгжлийн чиглэлийн номуудад өөр өөрөөр бичсэн байгаа юм. Миний хувьд бол мөрөөдөлгүйгээр хүн урагшлах бололцоогүй гэж боддог. Хүмүүс хий хоосон зорилго тавидаг. Гэхдээ мөрөөдөлгүй зорилго юунд ч аваачихгүй. Зорилгогүй байгаа хүн сайн хүн байж чадахгүй. Зөв хүн ч байж чадахгүй. Сайн дадал суухгүй. Хүн эхлээд мөрөөдөж чаддаг, мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилго тавьж чаддаг, зорилгодоо хүрэхийн тулд сайн дадлуудаар зөв хүн байх оролдлого бий болгож сайжирч байдаг. Хүүхэд байхдаа би маш хүчтэй мөрөөддөг байсан. Хөдөө сумын төвд миний хамгийн том мөрөөдөл бий болсон байх. Манай гэр сумын төвөөс зайтай. Хичээлдээ ирж очих тэр замд мөрөөдөөд л алхдаг байлаа. Ирээдүйн Мөнхбат, 10 жилийн дараах Мөнхбатыг төсөөлж бодож түүндээ амьдарч чаддаг байсан. Гэрийнхээ жорлонд ороод л мөрөөдөөд таг суучихдаг байлаа. Миний тэр мөрөөдлүүд намайг өөр болгосон. Амьдралыг харах өнцөг, маш олон зүйлд нөлөөлсөн. Би 4 хүүхдийн аав болоод хариуцлага хүлээсэн хүн. Хүүхдүүдтэйгээ мөрөөдлийн тухай ярилцаж, мөрөөдөлтэй хүүхдийг бий болгохын төлөө хичээдэг. Ямар нийгэм чухал билээ гэдэг талаар бодож, өөрийнхөө хүүхдүүдийн амьдрах нийгмийг мөрөөдөлтэй зорилготой хүмүүсээр дүүргэх юмсан гэж өөрийнхөө хэмжээнд эрэлхийлж ном бичсэн. Мөрөөдөл гэдэг зүйл өөрийгөө илүү таньж мэдэх боломжийг олгодог. Амьдралынхаа зорилгыг бий болгоход амьдралын хамгийн том түлхүүр бол мөрөөдөл мөн.

-Та бол Монголын үндэсний бөхийн 20 дахь аварга. Аварга болъё гэдэг мөрөөдөл хэзээ эхэлж байсан юм бол?

-Намайг хүүхэд байхад аав маань үлгэр зохиож их ярьж өгдөг байлаа. Манайх 8 ханатай гэрт амьдрадаг. Орой унтахаасаа өмнө аавын өвөрт ороод үлгэр сонсдог. Аавын ярьдаг үлгэрүүдэд нусанхай бор хүүхэд том баатар, том бөх болж байгаа тухай байдаг. Хамуутай шарга даага том хурдан морь болж байгаа жишээгээр үлгэр ярьж өгдөг байсан. Өсвөр наснаасаа эхлээд мөрөөдөл дотроо зүүдэлж хонодог. Өөрийгөө тийм сайхан хүн болно гэж мөрөөдөж явдаг. Хонины бэлчээрт байхдаа өөрийнхөө цолыг их дууддаг байсан. Ташуураа барьчихаад л Монгол улсын аварга Мөнхбат гэж өөрийгөө дуудаад л. Тэр цаг үеэс л бөх болох мөрөөдөл бий болсон байх. 10 жилийн сургуульд байхдаа, дээд сургуульд ороход миний бие харьцангуй жижигхэн байлаа. Бөх болох магадлал бага юм шиг ажиглагдаад л байсан шиг байгаа юм. Манай аав ээж ажил мэргэжилтэй хүн болсон нь зөв гэж зөвлөж байсан. Чи бөх болж чадахгүй байх гэсэн эргэлзээ тэдэнд байсан. Би Хилийн цэргийн дээд сургуульд сурч байлаа. Мөн Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурч байсан. Хүн дуртай юмаа зориогүй үедээ тэр бүр амжилт гаргаж чадахгүй, цаг хугацааг хий хоосон өнгөрөөгөөд байдаг юм билээ. Тэгээд 2-р курст миний бөх болох мөрөөдөл рүү чиглэсэн мотивациуд болсон юм. Улсын том цолтой бөхтэй барилдаж үзээд хаях гэдэг юм уу. Тэгээд л бөх болох зам руугаа орсон. Эхлээд эргэлзэж, өөрийнхөө биеийн хүчинд сайн итгэл төрөхгүй байсан. Тийм ч болохоор бусдаас илүү хөдөлмөрлөхөд маш их анхаарсан. Миний мөрөөдөл том болохоор илүү сайн хөдөлмөрлөж, илүү сайн хичээх шаардлагатай гэдгийг ойлгож байлаа. Их бэлтгэл хийж, илүү хөдөлмөрлөсний үр дүнд өөртөө итгэх итгэл маань улам нэмэгдсэн. Монгол улсын начин болоод өөрийнхөө хэмжээнд их баярлаж байсан. Намайг яг начин болох хугацаанд найрааны начин гэдэг ч юм уу эсвэл сайн биш бөх начин болчихлоо гэдэг ч юм уу, намайг бусад бөхчүүдтэй жишиж, дутуу үнэлж байгаа хандлага байгаа нь ажиглагдаж байсныг нуухгүй. Тэгээд би начингаа батлах ёстой юм байна, болж өгвөл ахиулах ёстой юм байна гэсэн зорилготой болж ирсэн л дээ. Дараа жилийнх нь наадамд улсын харцага цол авчхаад улсын заан цолны тухай ер бодоогүй. Улсын начин байсан. Энэ жил улсын харцага болж цолоо ахиулчихсан болохоор хурдан цолоо авах тухай л бодож байлаа. Тиймээс улсын наадамд түрүүлэх, том цолтой зааны даваан дээр өөрийгөө зориулаад ахин барилдах сэтгэл зүй тэр үед дутуу байсан. Харцага болсны дараагаас өөртөө маш их итгэж эхэлсэн. Өөрийн мөрөөдлийн самбартай болсон. Тэр цагаас улсын наадамд түрүүлнэ гэсэн мөрөөдлийг өөрийнхөө эргэн тойрныхонд болоод өөртөө итгүүлж эхэлсэн. Тэр мөрөөдлийн хүч намайг өдий зэрэгт хүргэсэн байх. Монгол төрийн наадамд 10 давж түрүүлээд туг тойроод дэвж байх сэтгэгдэл ямар байсан тухай сэтгүүлчид асуудаг. Миний хувьд би маш олон удаа өөрийгөө аварга болж байгаагаар төсөөлчихсөн, 10 давчихаад ингэж гүйнэ гэж давтдаг. Ерөнхийлөгчөөс шагнал авахдаа ингэж очино гээд төсөөлдөг, бэлтгэл дээрээ давтдаг, бусдад ярьж явдаг байсан. Тэгээд яг улсын наадамд 10 даваад туг тойроод дэвж байхад би өөрийнхөө хийх ёстой зүйлийг л хийж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Тийм ч болохоор надад хөөрсөн баярласан зүйл гарч байгаагүй. Миний тэр мөрөөдөл шиг мөрөөдөж чадсан бөхчүүд амжилтад хүрч байгаа. Сүүлийн үед манай шинэ залуу арслан Э.Батмагнай бас яг ийм мөрөөдөлтэй байснаа наадмын дараа ярьж байсан. Мөрөөдөөд гэртээ мөрөөдлийн самбар хийсэн тухайгаа. Манай О.Хангай аварга бас эхнэртэйгээ мөрөөдлийн самбар хийгээд эхнэр нь хүртэл сэрээхдээ Хангай аваргаа босоорой гэж сэрээдэг байсан гэсэн. Тэгэхээр мөрөөдлийн хүч гэдэг асар их чухал юм билээ.

-Би ч бас ийм нэвтрүүлэг хийе, сэтгүүлч болъё гэж мөрөөддөг байсан. Өнөөдөр мөрөөдлөө биелүүлээд Монгол Улсын аваргатай ярилцаад сууж байна. Сайхан байна. Тэгвэл өнөөдөр манай Монгол Улсад мөрөөдөл гэж юм байгаа болов уу? Гэхдээ ялсан намын дарга улсыг удирдаж байгаагаас өөр. Нийтээрээ хүсэж мөрөөддөг зүйл байгаа болов уу?

- Энэ зүйлийг харсан учраас би явсан газар бүртээ мөрөөдлийн тухай ярьж байгаа. Сүүлдээ хэтэрхий их ярьдаг хүн болчих гээд байх шиг байна. Би бас Монгол төрийг удирдаж байгаа хүмүүсээс асууж үзэж байлаа. Би аав хүнийхээ хувьд хүүхдүүдээ хэн болгох ёстой вэ. Хэрвээ бид хонгилоор явж байгаа гэж үзвэл миний нүдэнд лав гэрэл харагдахгүй байна. Та бүгдийн нүдэнд гэрэл байна уу? Би хүүхдээ хэн болгож хүмүүжүүлэх вэ. Монгол Улсад мөрөөдөл байна уу. Бид яг аль зүгт явж байгаа вэ гээд. Харамсалтай миний асуултад тодорхой хариулт өгч байгаагүй. Энэ асуултыг би олон хүнээс асуух гэж хичээдэг. Хувь хүн бүр мөрөөдөлтэй байх, айл гэр бүр мөрөөдөлтэй байх, тэр олон мөрөөдлийн дундаас улс эх орны мөрөөдөл бий болох ёстой. Магадгүй манай улсын хөгжил дундуур ч гэдэг юм уу ийм байгаа нь үүнтэй холбоотой байж мэднэ. Гэхдээ манай улс эх оронд сайн сайхан зүйлс их бий. Хүн болгон илүү гоё болоосой гэж хүсэж байгаа. Магадгүй Монгол Улс мөрөөдөлгүй, очих цэгээ тодорхойлоогүй учраас иймэрхүү байгаа болов уу. Монгол хүн бүр өнөөдөр бид ингэнэ тэгнэ, алсдаа ийм өндөр хөгжилтэй улс болно гэсэн тэмүүлэлтэй байх ёстой. Гэхдээ ийм зүйл алга байна. Ний нуугүй ярихад. Тиймээс Монгол Улс мөрөөдөлтэй болох шаардлагатай байна. Монгол гэр бүл бүр мөрөөдөлтэй болох учиртай. Хүмүүстэй ярилцахад мөрөөдлийн тухай ойлголт тун бага байдаг. Танай хүүхэд ирээдүйд хэн болох вэ гэж асуухад хүүхдийнхээ мөрөөдлийг мэддэг эцэг эхчүүд цөөхөн байна. Юуны төлөө сургаж байгаагаа ч тодорхойлж чаддаггүй. Монголчууд нийтээрээ л дутуугийн комплекстой гэх юм уу даа. Хүнээс дутуугүй хүн болгоно гэдэг ганцхан тайлбартай. Ийм уралдаан дотор л амьдраад байна. Яг үнэндээ бид хэнээс дутаад байгаагаа ч ойлгодоггүй. Хоорондоо өрсөлдөөд байдаг. Яг хэнээс дутаад юутай өрсөлдөөд яваагаа ч сайн мэдэхгүй. Миний хүүхэд 10 жилийн дараа ийм хүн болно. Би хүүхэддээ оруулж байгаа хөрөнгө оруулалтыг ийм зорилгоор оруулж байгаа гэдгээ харж чадаж байгаа гэр бүл цөөхөн байна. Хүүхдүүдээ сайн сургуульд өгчих юм бол хүүхдүүдээ мундаг болгочих юм шиг төсөөлдөг учраас дэлхийн хамгийн алдартай сургуулиудын нэр барьсан олон сургууль Монголд байгуулагдчихсан. Их өндөр төлбөртэй хувийн сургуулиуд. Гэтэл өнөөдөр яг Монгол хүнийг бэлтгэдэг хөтөлбөртэй сургууль байна уу гэдгийг бодох ёстой. Миний хувьд эх орон маань том мөрөөдөлтэй, тэр мөрөөдлийг ард түмэн нийтээрээ мэддэг болох ёстой юм шиг санагддаг. Үүнтэй уялдсан айл гэр бүл болгон өөр өөрсдийн мөрөөдлөө төлөвлөж амьдрадаг болгох зүйлийг хийхгүй бол өнөөдрийн бидний нийгэм миний ухаан орсон цагаас талцалын хэлбэртэй явсаар л ирлээ. Олон жил ингэж явж байна. Магадгүй улс төрийн намуудын бодлоготой их холбоотой байх л даа. Монголд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа сумд хэчнээн байгаа билээ. Шил дараалаад бүгдээрээ тэмдэглэлээ. 100 жил болсон аймгууд байна. 100 жил хамар хашаа шиг зэрэгцэн суурьшсан энэ олон аймаг сумд нийлээд юу хийж ямар амжилт гаргав гэж өөрсдөөсөө асуух цаг болсон шиг санагддаг. 100 жилээ тэмдэглэж байгаа сумын иргэд хамар хашааныхаа өнцөгт нийлээд ярилцаад суух сандлаа ч хийгээгүй юм билээ. Маш харамсалтай. Нийгэм гэж юу юм бэ. Хамтдаа нэгдэж нийлээд амьдрах ойлголтыг бид сайн авч чадаагүй юм болов уу? Гэрээ гоё байлгахын төлөө бүгдээрээ хичээдэг. Гэхдээ гудамжаа гоё байлгахын төлөө хэн ч боддоггүй. Нийгмээ сайхан болгохын төлөө хэн ч санаа тавидаггүй. Улаанбаатар хотын өнөөдрийн энэ түгжрэл хувь хүн бүрийн аминчхан үзлээс л болж байгаа. Ганцаараа гоё хороололд сайхан амьдрахыг л боддог. Нийгмээ, гудамжаа аюулгүй тохитой болгохын төлөө хэн ч хичээдэггүй. Бүгд дор дороо хувиа хичээгээд төрөөс нэхээд сууж байдаг л болчихлоо.

- Бид уг нь их азтай улс түмэн. Иргэний дайн алга байна. Газар нутгийн маргаан алга байна. Гэвч эв нэгдэл гэдэг зүйл байна уу гэдэг талаар нийтээрээ бодох шаардлагатай болоод байгаа. Бүх салбарт бодох ёстой. Бөхийн салбарт ч ялгаагүй. Бизнесийнхэн ч бас адилхан. Монголд эв нэгдэл гэж зүйл байна уу?

-Хүн болгон мэдэж байгаа байх. Та бид хоёр шиг бас ярьдаг л сэдэв болов уу. Бид суурь шалтгааныг нь олж засахгүй бол болохгүй. 2000 хүнтэй жижигхэн сум. 2 нам мянга мянгаар нь хуваагаад авчихсан. 1 сумын иргэд биш 2 намын иргэд амьдрадаг. Дэлгүүрээ хүртэл хуваагаад авчихсан. Ах дүү хамаатан саднаараа хүртэл тэр намынх гээд хуваагдчихсан. Ийм байдалтай олон жил явлаа. Бид нэн түрүүнл эв нэгдэлтэй болоод Монгол хүний үнэ цэн үнэлэмжийг бий болгохгүй бол манай нийгэмд Монгол үндэсний баатар хүн алга. Үлгэрлэн даган дууриагч байхгүй. Өнөөдөр би эрэгтэй хүүхдээ яг хэн шиг хүн болгохоо мэдэхгүй байна. Эмэгтэй хүүхдээ хэн шиг болгож өсгөх юм бэ? Бидэнд загварчилгаа үнэхээр их дутагдаж байгаа. Би улс төржих гээд байгаа юм биш. Гэхдээ адгийн энэ сумын улс төрийг байхгүй болгох сон гэж хувьдаа боддог. 4, 4 жилийн циклтэй сумын иргэд намд хуваагдаж талцаж өдийг хүрлээ. Сонгууль болохоор эндээс нэр дэвшиж байгаа хүмүүс очоод сумын иргэдийг талцуулж ачиж авч явчхаад талцал хуваагдлыг нь улам нэмээд л байдаг. Ингээд нэгдэж нийлж чадахгүй байгаа нь сумын хөгжлөөс ч гэсэн ингээд хойш нь татаж байна. Сумын төвийн сургуулийн дээврээс ус гоожих нь, хана нь эвдрэх нь, довжоо бутраад унах нь төрийн хийх ажил. Тэр дундаа тэр сумд ажилладаг төрийн албан хаагчдын үүрэг.

Гэтэл тэнд хүүхдээ сургадаг нэг иргэн өөрийн сэтгэлээр тэр сургуулийг засъя гэж боддоггүй.Танай довжоо нураад уначихсан байна бага дээр нь засчихаач гэхээр нэг даргыг ирэхэд үзүүлж байгаад төсөвт суулгуулна гэж ярьдаг. Уг нь бага дээр нь засчихвал хамаагүй бага зардлаар засаад додомдоод авчих бололцоо байдаг. Нам дагаж яваад дарга болох л хүсэлтэй яваа хүмүүс өөрсдийгөө үнэндээ олохгүй байна. Хөдөө очно, багийн дарга, багийн хурдын дарга, сумын дарга, сумын хурлын дарга. Ямар ч олон дарга байдаг юм. Дарга гэж дуудуулах дуртай. Очих сум болгон яг ийм дүр зурагтай. Суманд амьдардаг ээж аавууд хүүхдүүддээ зориулаад ганц сагсны шийд хийж чадахгүй хэмжээнд нэгдэж нийлж чадахгүй болжээ. Бүгдээрээ л хүүхдийнхээ төлөө ажиллаж яваа. Тэрийгээ ялархаж хүлээж авдаг. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй хүнээс дутаахгүй хүн болгочихно гэдгээс өөр зорилго байхгүй. Миний номын үзэл санаа энэ. Өнөөдөр бид эрүүл мэндээ хүртэл төрд даатгачихсан. Төр үнэгүй эмчилж өгөх ёстой гэж ханддаг. Бид эрүүл мэнддээ эзэн болж чадахгүй байгаагаас маш олон өвчнийг оройтсон үед нь мэдэж байна. Гэр орондоо эзэн байж чаддаггүй, аав гэдэг үүрэгтээ эзэн байж чаддаггүй эрчүүд олширч байгаа болохоор гэр бүл салалтууд өсөж хайр дутуу өсөж байгаа хүүхдүүд их болж байгаа шүү дээ. Бид гэр бүлдээ, хань ижилдээ, нийгэмдээ, өөртөө эзэн байх, цаашлаад улс эх орондоо эзэн байх сэтгэл их дутаж байна. Би энэ талаар ном бичээд очсон газар бүртээ ярьж хамтдаа бүтээх юмсан гэдэг зүйлийг ярих гэж оролдож явна.

-Таны ярьж байгаа энэ хэв шинжүүд зорилгогүй үндэстний хэв шинж юм билээ. Бид ер нь бүгдээрээ нэг тийшээ харах зорилготой эсэхийг хайя гэж бодлоо. Та даган дууриах загвар болох хүн хэрэгтэй талаар ярилаа. Өнөөдрийн нийгэмд бусаддаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн ээ дээ мөн цөөхөн байна. Тэгвэл бид яаж бусдыгаа хүлээн зөвшөөрдөг болох юм бэ? Үндэсний бөхийн салбарт ч харагддаг. Нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал.

-Манай үндэсний бөхийн салбарт нэгийгээ хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл бусад салбарынхнаас арай илүү ойлгомжтой. Талбай дээр гарсан бөх өөрийнхөө өндөр нам, өргөн бүдүүн ямар байхаас үл шалгаалан ур чадвар, уран мэх, хүч чадлаараа өрсөлддөг. Тиймээс надаас илүү уран мэхтэй, надаас илүү хүч чадалтай учраас илүү цолонд хүрсэн гэдгийг нь бүгдээрээ харсан болохоор бид цолыг нь хүлээн зөвшөөрч чаддаг. Нийгэм бүх зүйлийг бүгдийг хуульчлах гээд бүгдийг нэг талд овооруулаад байна шүү дээ. Хэчнээн олон хууль байгаа юм мэдэхгүй. Бид тэдгээр хуулийг зөрчсөнийхөө дараа л мэддэг. Уг нь бид бичигдээгүй хууль шиг соёлтой байсан ард түмэн. Хэм хэмжээ ёс зүйгээ ойлгодог. Өнөөдөр яриад байгаа тэр жудгийг соёлоороо амьдралдаа нэвтрүүлчихсэн ард түмэн юм билээ. Нийгмийн энэ өрсөлдөөний үед бид олон давуу талаа гээсэн. Хэм хэмжээний тухай ойлголт энэ нийгэмд улам бүр багасаж байна. Бидний уламжилж ирсэн энэ давуу тал соёлд маань байгаа. Эрийн 3 наадамд ч бий. Бөх хүн гэж ямар хүнийг хэлээд байгаа юм бэ? Монгол бөхийн цаана Монгол эр хүн гэж яригдана. Монгол эр хүн гэж ямар хүн байх талаар тодорхойлолт ч өнөөдөр алга байна. 20-р зуунд Монгол эр хүнийг гудиггүй, гүндүүгүй, хээгүй эр хүнийг Монгол эр хүн гэж дүгнэдэг байсан бол өнөөдөр эдгээр тодорхойлолтууд хоцрогджээ. Аливаа улс үндэстнүүдийг харахаар уламжлалт соёлоо авч хөгжиж ирсэн байгаа юм. Харин манайх бүх зүйлийг гаднаас хайгаад байгаа шүү дээ. Миний хувийн бодол. Үндэснийхээ спортыг хоцрогдсон гэж харж байгаа хүмүүс ч цөөнгүй. Монгол эр хүний мөн чанар ямар байх ёстойг хэвшүүлэх ойлголт үндэсний бөхөд бий. Дотоод мөн чанар нь ямар байх ёстой юм, сэтгэл зүй нь ямар байх билээ гээд. Намайг жоохон байхад айлд эрэгтэй хүүхэд төрөхөд бөх болно гэж бүгд л бэлгэшээдэг байсан. Энэ нь бүх хүүхдүүд бөх болохдоо биш бөх сэтгэлтэй хүүхдүүдийг бэлддэг арга ухаан нь монголчуудад байсан юм байна гэж харж байгаа. Үндэсний бөх маань нийгмээ дагаад гажуудаж байгаа олон зүйл бий. Ний нуугүй хэлэхэд. Гаднах бие бялдарын хувьд үнэхээр сайхан хөгжиж байна. Тэгвэл доторх сэтгэлийн хүч ямар байгаа юм бол. Дотоод сэтгэлийн хүч муу байгаа учраас Монгол бөхөд допинг гэдэг зүйл яригдаж байна гэж би боддог. Энэ бол бөх сонирхогчдыг гонсойлгох, бөх сонирхогчдыг үргээх хандлагатай болсон. Чи бөхийн өргөөрүү орохдоо алсын хараа гэсэн бичиг харж байсан уу?

-Харж байгаагүй шүү

-Аливаа байгууллага алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл гэдэг 3 зүйлийг батлах ёстой гэсэн. Миний бодлоор үндэсний бөхөд ийм зүйл хийгдээгүй байна. 10 жилийн дараа Монгол үндэсний бөх ямар байх ёстой юм, 20 жилийн дараа Монгол үндэсний бөх ямар байх ёстой юм. Өнөөдөр бөх болно гэж мөрөөдөж суугаа бяцхан хүүхдүүдийг тухайн цаг үед бөхийн холбоо хэрхэн бэлтгэх, хэрхэн хүлээн авахаа бэлдэх ёстой юм болов уу гэж би боддог. Манай үндэсний бөхийн холбооны алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилго нь юу юм гээд асуухад бас үнэхээр хэлэх зүйл байхгүй шүү. Байдаг бол бөхийн өргөөнийхөө үүдэнд өлгөх хэрэгтэй. Ядахнаа бөхийн өргөөндөө Монгол бөх гэж ийм ийм хүнийг хэлнэ гэдэг тодорхойлолт хүртэл байх хэрэгтэй. Ний нуугүй ярихад.

-Танд тодорхойлолт байна уу?

-Хувийн тодорхойлолт гэхээсээ илүү хоорондоо энэ зүйлээ ярих хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа юм.

-Таны харж байгаагаар шинэ зуунд ямар Монгол хүн байж энэ цагийн шалгуурыг давж гарах юм бэ?

-Хиймэл оюун ухаан, технологи яаж хурдтай өөрчлөгдөж байна гэдгийг бүгдээрээ харж байна. Би бол дэлхийн хүн гэдэг тодорхойлолтод дургүй. Миний хувийн бодол. Монгол хүний бие физиологи, сэтгэл зүй онцлогийг тодорхойлох ёстой. Улс үндэстэн болгон өөр шүү дээ. Физикал азиаг нийтээрээ үзсэн байх. Тэнд тэр хурдан шийдвэр гаргах чадвар, бие фиозиологийн хувьд, тэвчээрийн хувьд гээд өндөр хөгжилтэй улс орнуудын хүмүүсийн хооронд маш өөр өөр ялгаатай зүйлүүд анзаарагдаж байсан. Бид өөрсдийнхөө соёл, дархлаа, онцлогоор хамаарч үнэт зүйлээ төлөвшүүлж зөв хүмүүсийг төлөвшүүлэх нь чухал байна. 10 жилийн дараах дэлхий маш өөр болно гэж харж байгаа. 10 жилийн өмнөх дэлхий өөр байсан шүү дээ. Хүн хоорондын харилцаа улам багасна. Гадуур гарч хоол идэх, хүмүүстэй хамтран ажиллах улам багасаж байна. Эрэгтэй хүн байх хэв шинж алдагдаж байна. Эмэгтэй хүний хэв шинжүүд ч өөрчлөгдөж байгаа. Дэлхий дээр төрөлтүүд багасаж байна. Яриад байдаг онцгүй хүмүүс олширч байгаа.

-Гадна биеэрээ бөх болчихож. Гэтэл сэтгэл зүйгээр хэрхэн бөх болж төлөвшиж том цолны хэмжээнд очих ёстой юм бэ?

-Өнөөдрийг хүртэл Монголчуудад байдаг. Бөх хүнтэй таарвал гар барих, бөх хүнийг гэрээрээ оруулаад гаргах. Энэ бүхэнд Монголчууд маш их бэлгэшээдэг. Бөх хүн бие бялдарын хувьд, хүч чадлын хувьд бусдаас илүү байгаа учраас энергийн хүч гэж үздэг. Тийм болохоор бөх хүн айлд орохоор тэр айл гэрийн энерги засагддаг. Эрт дээр үед лам хар багатай байх үед нутгийнхаа бөх дээр очиж заслаа хийлгэдэг байсан тухай олон түүх домог байдаг шүү дээ. Түүний улбаа өнөөдрийн бидний амьдралд байгаа нь бөх хүнтэй уулзахаараа бэлгэшээж байгаа энэ хандлага. Айгаад уйлаад байгаа хүүхдийг нутгийнхаа бөх дээр аваачаад шороон дээр унагуулаад авдаг, өвдөж хавдаад салахгүй байгаа хүн бөх дээр очоод биеэ засдаг дом бий. Энергээ засаж буй хэлбэр юм уу даа. Ийм олон арга байсан юм билээ. Монгол бөх хүн өөрөө Монгол хүн, тэр дундаа Монгол эрх хүн байхын үлгэр жишээг бөхчүүд авч явдаг байсан юм билээ. Тийм ч учраас бөхчүүдийг хулгай хийхгүй, муу юм хийхгүй гээд хүн бүр итгэж хүндэтгэж хайрлаж ирсэн байдаг. Гаднаа хүчтэй бөхчүүд их байна. Тэгвэл дотоод хүчтэй бөх хэд байгаа бол. Чи бөх харж байгаа л байх. Монгол төрийн маш дээгүүр цолонд барилдаж байгаа бөхчүүд допингийн асуудалд орооцолдож байна. Би үүнийг буруу зүйл гэж харж байгаа. Монгол төрийн наадмыг гутааж байгаа хэрэг. Монголын ард түмнийг хуурч байна. Хамт өрсөлдөж байгаа бөхчүүдийнхээ боломжийг хулгайлж байна. Ийм хүмүүс дотоод сэтгэлгээнийхээ хувьд бөх болж чадаагүй гэж би хэлнэ.

-Өөрийгөө хуурч байгаа бас 1 хэлбэр байх шүү?

-Тийм. Өөрийгөө хуурч байна. Бөхөд байх ёстой тодорхойлолттой болчихвол бага наснаасаа бөх болох багачууд тэр тодорхойлолтод нийцэхийн төлөө хичээнэ. Өнөөдөр алдаа гаргаж, өв соёлоо муухай харагдуулж байгаа, түүхийг хүртэл гажуудуулж байгаа бөхчүүд Монгол үндэсний бөх гэсэн тодорхойлолтыг мэдэхгүй учраас тэр наадамд түрүүлж бай шагналыг авах гэсэн ахархан бодлоор хөдөлмөрөө товчлох гэсэн оролдлого хийж байгаа хэрэг гэж бодож байгаа. Өв соёл, ард түмнээ өөрийгөө хуурч байна. Өв соёл, утга учрыг нь тодорхойлж өгөх ёстой, төр бөхийн холбоо нь тэр чухал ажлаа бас орхигдуулсан хэрэг л дээ. Морь нь хүртэл уралдаж чадахаа байсан. Эрлийз гэдэг шалгуураар морьдыг хасаж эхэлсэн явдал Монгол төрийн наадмыг үнэхээр муухай харагдуулж байгаа нь үнэн. Бид эрийн 3 наадмынхаа бодлогыг тодорхойлоод хуульчлаад тодорхой болгочихвол цаашаа хөгжихөд илүү хялбар болох болов уу гэж боддог.

-Та шашны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд билгийн ард түмэн. Хятадууд бол аргын ард түмэн. Бид аливаа зүйлсээ бэлгэшээдэг соёлтой. Монгол эр хүн хүч чадалтай бяр тэнхээтэй болж байгаагаа байгаль дэлхийтэйгээ холбон үздэг. Ер нь сайхан байгальтай газраас сайхан бяр тэнхээтэй бөхчүүд төрөх нь элбэг шүү.

-Шашинд муйхраар итгэх явдал их байх шиг?

-Би бас анх барилдаж эхэлж байхдаа сайн ламд хандаж л байсан. Миний мэдэх нэг бөх ламдсан чинь сайн цолтой мундаг бөх болно гээд хэлчихсэн. Тэгээд улсын наадамд 5-ын даваан дээр манай Ч.Санжаадамба аваргатай таарчихаж. Ч.Санжаадамба одоо яаж унаж өгөх юм бол доо гээд хүлээгээд байсан гэдэг. Яг л шашинд тэгэж муйхраар хандах нь элбэг байна. Монголд анх шарын шашин орж ирж байхад Монголчууд мөн чанарыг нь мэддэг байсан. Би ч гэсэн анх шашныг ид шидтэй ч юм болов уу гэж боддог үе байсан. Харин сүүлд шашны тухай сайн ойлголттой болсон цагаасаа сэтгэлийн хүч тэнхээгээ нэмэхэд асар их нэмэртэй хүчин зүйл юм байна гэж боддог болсон. Хэн юу хүсэж байна түүнд зориулсан зүйл аливаа юманд бий шүү дээ.

Манай үндэсний бөх шашин шүтлэг талдаа их анхаардаг учраас наадмын талбай дээр их юм болно. Тэр зүйлийг зөв таних, мөн чанарыг нь ойлгох, шашнаар дамжсан бэлгэдлийн чанарын ёс заншлыг мэддэг байх нь чухал.

Хөдөөнөөс хүүхэд орж ирээд бөх болох гээд бэлтгэл хийхэд үндэсний бөхийн дасгалжуулагч сонгохдоо бөх хүн болгодог сэтгэлзүй, хөдөлмөрийн үр шимийг мэдүүлдэг хүнээс зугтаад маш хурдан хугацаанд тариа тариад, том булчинтай болгодог багш руу тэмүүлдэг болсон байна лээ. Тэр хүмүүс нь бөх хүний дотоод сэтгэлзүйг мэддэггүй учир чи хүчтэй болсон, наад бөхөө гараад ал, хая гэж буруу маягаар хурцалдаг.

-Яалт ч үгүй хүчтэй болчихно л доо?

-Гэтэл тэр хүмүүсийн бөхийн дэвжээн дээр гарч ирж байгаа үлгэрлэл, хүндлэл, хэм хэмжээний асуудал бүгдийг өөрчилчихдөг. Манай үндэсний бөхийн бөхчүүдийг бэлтгэдэг багш нар цөөрсөнтэй холбоотойгоор бөхийн гажуудлууд гарч байна. Гэхдээ манай Өсөх-Ирээдүй харцгаас авхуулаад яг энэ чиглэл дээр ажилладаг олон багш нар гарч ирж байгаа юм билээ.

-Нэг ийм зүйл байна л даа. Мөрөөдөөд, зориод түүндээ хүрч чадахааргүй, гэрт нь галгүй, мөнгөгүй, сургуульдаа явж чадахгүй тэр хүмүүс яаж мөрөөдлөө биелүүлэх юм бэ. Бид нар энд сайхан мөрөөдлийн тухай ярьж байж болно. Гэхдээ амьдрал арай өөр байгаа. Тэр дундаас яаж мөрөөдлөө олох вэ?

-Гуталгүй хүүхэд гутлаа л мөрөөднө гэдэг үг бий. Энэ цаг үеийн хүмүүс мөрөөдөл гэдэг зүйлийг бэлэн юман дээрээс босгоод явахаас илүүтэйгээр хэцүү амьдрал дотроос мөрөөдлийг бий болгоод бусдад нөлөөлдөг хүмүүс их. Магадгүй тэр хүний гэр бүл мөрөөдөлгүй, зорилгогүй учраас тийм амьдралтай байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Миний хувьд хүн бүр том мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг. Түүндээ хүрэхийн тулд маш олон зам, аргуудыг сонгодог. Гэхдээ яах ч аргагүй нийгмийн асуудал бий. Ямар ч байсан хүн бүр мөрөөдөх ёстой, зорилготой байх ёстой.

Ядуу хүн мөрөөдөж болохгүй, бололцоогүй айлд төрснөөрөө тэр хүүхэд мөрөөдөж болохгүй гэдэг зүйл байх ёсгүй. Тиймээс мөрөөдөл гэдэг зүйл бол дотроо мөрөөдөж байгаа, зорьж байгаа зүйл.

Би өөрийнхөө мөрөөдлийг ярихдаа Зайсан толгойн жишээг авч ярих дуртай. Би өөрийнхөө мөрөөдлөөс ухрах, амжилтаасаа болоод том мөрөөдлөө хойш нь тавьсан үе бий. Тэр үед манай найз хэлж байсан юм. “Чи бөх гээд Зайсан толгойн орой дээр гарахгүй, яагаад талаас нь буух гээд байгаа юм бэ” гэж хэлээд 2-лаа Зайсан толгой дээр гарч байсан юм. Энэ нь миний мөрөөдлийг улам илүү хүчтэй болгож өгч байсан шиг өнөөдөр улс орны бодлогоор болон боловсролоор мөрөөдлийн талаарх ойлголтыг олгож байх ёстой гэж боддог.

-Аварга болно гэдэг мөрөөдөл Баруунтуруун сумын бор хүүд байсан байна. 2011 оны наадмаар түрүүлж аварга болсныхоо дараа дахин 10 жилд талд нь би түрүүлнэ гэдэг бодол байсан юм билээ. Тэгэхээр аварга болсны дараах мөрөөдөл, зорилго нь юу байсан бэ?

-Би одоо харж байна. Би 27 настай байхдаа улсын аварга болж байсан. 37 нас хүртэл 10 жил байна. Би хамгийн залуугаараа хамгийн том цолтой бөх боллоо. Олон жилийн хугацаанд зууны манлай болж барилдсан. Гэхдээ энэ боломжуудаа бүгдийг нь алдчихсан. Одоо харахад миний мөрөөдөл дутуу байсан юм шиг байна лээ. Би аварга болно л гэж бодож байснаас олон түрүүлж, дархан аварга болно гэж мөрөөдөж чадаагүй. Миний мөрөөдөл бас жижигхэн байсан. Мөрөөдөлдөө хүрснийхээ дараа ханачихсан байсан байсан. Мөрөөдөлгүй зорилго бол юманд хүргэдэггүй болов уу гэж бодож байна.

-Одоо бид нарт тэр дундаа Монгол Улсад зорилго байна уу. Бид юуны тухай зорих ёстой вэ?

-Би 20 гаруй жил барилдаад сүүлийн жилүүдэд өөрийнхөө дуртай зүйлийг хийж байна. Маш олон зүйлийг хийж байна, харж байна. Өнөөдөр Монгол Улс хүн төвтэй хөгжлийг голчилмоор байна. Ардчилал гарснаас хойш хүний хөгжил, соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулчихсан. Өмнө нь социализмын үед нийгэм, нийтээрээ нэг адилхан хөрөнгөтэй, шударга үнэний дуутай, бас харж өсөх хүмүүстэй байсан. Өнөөдрийн нийгэм бол ганзагын наймаа хэн түрүүлж баян болох уу, улс төр рүү орж байж хэн нь эхэлж баян болох уу гэдэг уралдаан дотор л амьдарч байна.

Тэгэхээр бид бүгд эдийн засаг, уул уурхайгаа ярихаас илүүтэй, суурь боловсрол, эрүүл монгол, зөв монгол хүн гэсэн хөтөлбөрүүдээ оновчтойгоор хэрэгжүүлж чадахгүй байна. Монголын хамгийн том баялаг бол Монгол хүн. Монгол хүний үнэлэмжийг дэлхийд дээшлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр монголчуудын үнэлэмж дэлхийд тэр тусмаа эргэн тойрны улсуудад маш муудсан жишээг би өөрийн нүдээр харж байсан. Тэр үед маш харамсаж байсан.

Монгол хүний үнэлэмжийг яавал дээшлүүлэх вэ гэдэг асуудал дээр төр ямар ч ажил хийгээгүй. Одоо ажил хийх цаг нь болсон байх. Хэрэв үүнийг хийж чадахгүй бол манай улс маш хэцүү байх болов уу гэж бодож байгаа.

-Хэм хэмжээ гэдэг зүйлийг та илүүтэй ярьж байна. Энэ зүйлийг та хэрхэн хардаг вэ. Энэ зүйл байхгүйгээс болж эх захгүй, бие биеэ үл хүндэтгэсэн нөхцөл байдал үүсээд байгаа юм биш биз?

-Хэм хэмжээ гэдэг зүйлийг өөрийнхөө хэмжээнд, би хэн бэ, би дарга хийх чадамжтай хүн бэ гэдгээ хэн мэддэггүй, хардаггүй юм билээ. Над дээр хүртэл миний найзууд ирээд намайг дарга болгоод өг гэдэг. Чи яг чадах юм уу гэж асуухаар орчихсон хоно нь арга нь олдоно гэдэг. Гэтэл өнөөдөр юу ч чадахгүй хүмүүс дарга болчихсон. Ингэхээр маш олон асуудал үүснэ. Төрийн асуудлыг ч ийм хүмүүс үүсгэдэг гэж би боддог.

Манай Монголчууд төрөө дээдэлдэг, хүндэлдэг, хайрладаг. Гэтэл өнөөдөр тэр хэм хэмжээ, хоорондын уялдаа холбоо байхгүй. Төр рүү орж байгаа хүн бүрийг хулгайч гэж хардаг. Гэтэл тэнд ажлаа сайн хийдэг их олон хүн бий. Бас нөгөө талдаа төрөөс боломж хайсан хүмүүс ч их.

Тэгэхээр өнөөдөр байгалийн хууль гэж маш хүчтэй зүйл байна. Чоно боломжтой үедээ агуйн нүхэн бэлтрэгтээ зориулж мах хадгалдаггүй. Зөвхөн чоно байх арга замыг л заадаг. Хажуу талд нь олон хоньтой айл ирсэн дээр, жилийн зуд болсон дээр их махтай газар байгаа дээрээ бэлтрэгүүддээ хоолыг нь бэлдээд байвал тэр чонын ирээдүй яаж өөрчлөгдөх үү.

Хүн гэдэг амьтан чинь байгалийн хуулиас гажууд амьдарч байна. Хүн бэлдэж байна гэж бодохгүй үр хүүхдэдээ маш их хөрөнгө, маш их бололцоог үлдээж өгч байгаа учраас нийгмийн гажуудал гарч ирж байна.

-Та бид хоёрын яриа хүн дээр буугаад байна. Тэгвэл ирээдүйд бид ямар хүнийг бэлдэж өгөх ёстой юм бэ?

-Хүн төрөлхтөн байгалиас холдож байгаа. Япончууд ингэж болохгүй, тэгж болохгүй гэж нийгмийн араас, соёлын араас их хөгжсөн юм шиг байна лээ. Гэтэл хэдэн жилийн дараа Япон хүмүүс нийтээрээ биеийн хөгжил суларч байгаа, давжаа биетэй, эрчүүд нь хүч чадал багатай, нийтээрээ сул дорой болж байгаа юм шиг анзаарагдсан. Бид хүчтэй үр удам, хүчтэй Монгол хүнийг үлдээх шаардлагатай. Бидний эхний шаардлага бол энэ. Бид хүүхдээ сул дорой байхыг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Зорилготой, мөн чанартай жинхэнэ хүмүүсийг энэ нийгэмд үлдээмээр байна. Зөвхөн өөрийн хүүхдээ сайн болгох гээд бусдын хүүхдийн боломжийг хулгайлж болохгүй. Харин бүгд нийлж хүүхдийнхээ ирээдүйн төлөө ажиллах нь эцэг, эхчүүд бидний үүрэг.

-Бид хамгийн сүүлд хэзээ Монголчууд бид нэг зүйлийн төлөө нэгдэж, нэг зорилгын төлөө тэмцэж байсан юм бол?

-1990 оны ардчилал бий болоход 90 хувьтай нэгдэж байсан болов уу. Түүнээс өмнө тусгаар тогтнолоо олоход юм болов уу.

Чиний хувьд ямар бодолтой байна?

-Би тантай яг ижил бодолтой байна. Ардчилсан хувьсгалыг хүн бүр хүссэн байх. Түүнээс хойш талцал, хуваагдал, бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй байдал руу гүнзгий орчихсон юм шиг мэдрэмж төрөөд байна. Тиймээс бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэдгийг л асуугаад байгаа юм л даа?

-Бид нийгмээрээ нэг чиг рүү хараад урагшлах боломжийг олгоогүй юм биш үү. Үүнийг хаанаас, хэн олгох вэ?

-Хүмүүс “Ямар иргэн байна тийм ард түмэн байна” гэдэг. Харин зарим нь “Ямар төр байна тийм иргэн байна” гэдэг. Таны бодлоор аль нь зөв бэ?

-Ямар иргэн байна тийм төр юм болов уу. Ард түмний дундаас сонгогдож байна. Нийгмээс бэлтгэгдэж байгаа хүмүүс төрд орж ирж байгаа болохоос биш тэр хүмүүс өөрсдөө төрд гараагүй.

-Би яг таны бодолтой ижил байна. Хоорондоо талцдаггүй, бие биеэ хүндэлдэг болчих юм бол тэр хүнээ төрд гаргана. Тэр хүн нь бүгдийн хүслийг нийцүүлж ажиллах юм болов уу?

-Би хөдөө орон нутгаар явж байна. Би бүх нутгаар очмоор байна. Миний очсон сумдад маш хурдан өөрчлөлтүүд гарч байна. Надад их урам зориг өгч байна. Би Улс аймгийн Зүүнхангай суманд 2 жилийн өмнө “Эрчүүд” форум зохион байгуулж байсан. Тэнд би 4,30 минут яриа хийж байсан. Тэр суманд тэр орой тэр сумын залуучууд архи уухгүйгээр үдшийн цэнгүүн хийж чадсан. Би тэр үед сайн аавын тухай л ярилцсан. Тэдэнд хүүхдүүддээ согтуу аав биш байхыг уриалсан.

-Үндсэн асуулт руугаа оръё. Сүүлийн жилүүдэд бөхчүүдээс маш их допинг илэрч байна. Бөх хүн жудагтай байх ёстой гээд биччихсэн байна лээ. Тэр цаг үеэ олсон үг юм шиг санагдсан.

-Жудаг гэдэг үг шашинтай хамт Монгол руу орж ирсэн юм билээ. Тэр цагаас эхлээд хүн өөрийнхөө амьдралын тэнцвэрт болгоныг хэрэглэж ирсэн. Тухайн үед хүн бүр хамгийн дээд төвшний хүнийг бөх гэж үзэж байсан ураас жудгийн асуудлыг бөхчүүд маш сайн сахидаг байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл бөхчүүдээс жудгийг асуугаад байгаа юм. Бөх гэдэг чинь тусдаа төрөөгүй. Харин энэ нийгмээс гарч ирж байгаа. Тэгэхээр бөх жудаггүй байгаа асуудал нь нийгэм тийм байна аа гэсэн үг. Тиймээс бөхчүүдээс асуухаас илүүдээ хүн бүр өөртэйгөө ярилцах хэрэгтэй гэж боддог.

-Бид өдөр тутамдаа дээл өмсөөд байдаггүй шүү дээ. Харин бөхчүүд байнга өмсдөг. Энд соёл, агуулга явж байдаг. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бидний дээл хувцас цаг үетэй, нийгэмтэйгээ хувьсаад өөрчлөгддөг байсан. Хөөрөгний соёл л гэхэд яг амьдралаас гаралтай. Хятадаас Монголд орж ирэхэд нь монгол соёл шиг хүлээгээд авчихсан байгаа юм. Бүр үнэт чулуугаар хийдэг өөрсдийн соёл болгочихсон. Мөн Манжийн дарлалд байхад монгол хувцсанд маш олон зүйл өөрчлөгдсөн.

Бас өнөөдрийн монгол гутлаар дайн байлдаанд оролцоход хүндрэлтэй байсан. Дайнд тохиромжгүй гутал байхгүй юу. Тэр баян тансаг баяныг илэрхийлж илүү ээтэн, хээ угалзтай болж байсан. Тэгээд монгол бөхийг судлаад үзэхээр төртэйгөө хамт бий болсон. Бөх бол төр юм гэдэг үг ч бий. Мөн өмнө нь малгай өмсдөг байсан юм билээ. Харин цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байгаа юм.

Түүнтэй адил монгол бөх яг энэ нийгмийн залуучуудын хэв маягтай хамт өөрчлөгдөх ёстой. Тэднийг татах гэж байгаа бол сонирхлыг нь дагах хэрэгтэй. Үүнтэй холбоотой бодлогыг гаргах хэрэгтэй юм билээ.

-Хүмүүс яг энэ цаг мөчид би яг хэн бэ, бидэнд юу дутаад байна вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй байх. Түүнээс гадна монгол хүн бие биедээ итгэдэг үү гэдгийг судлаад үзэхэд 50-аас дээш хувь нь итгэдэггүй гэж хариулж байна лээ. Мөн ярилцлагыг маань хүлээн авч, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн танд баярлалаа?

-Энэ зүйлийг хүн бүр өөрөөсөө асуугаасай. Гэр бүлтэйгээ сууж байгаад гэр бүлийнхээ мөрөөдлийг гаргаарай гэж хүсмээр байна.

П.Сайнзориг: Эдийн засаг, бизнесийн ойлголт багатай хүмүүс хуульчаар төгсөж гарч байгаа нь эргээд хүний эрх зөрчигдөхөд нөлөөлж байна
П.Сайнзориг: Эдийн засаг, бизнесийн ойлголт багатай хүмүүс хуульчаар төгсөж гарч байгаа нь эргээд хүний эрх зөрчигдөхөд нөлөөлж байна
 
О.Батнайрамдал: Луйврын гэрээгээр юу ч хүртэж чадахгүй байгаа монголын ард түмнийг багахан шиг доромжлоорой, С.Мөнхсүх захирал аа
О.Батнайрамдал: Луйврын гэрээгээр юу ч хүртэж чадахгүй байгаа монголын ард түмнийг багахан шиг доромжлоорой, С.Мөнхсүх захирал аа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!