"Лантуун дохио" ТББ нь "Ид шидийн орон" хүүхэд хамгаалах байр болон гэр бүлийн хөгжлийн хоёр ч төвийг олон нийтийн хандиваар байгуулан амжилттай ажиллаж байгаа билээ. Тус хоёр төвийн санхүүгийн үйл ажиллагаанд олон улсад нэр хүндтэй E&Y, BDO зэрэг байгууллагаар аудит хийлгэсэн нь төрийн бус байгууллагуудад шинэ жишиг болоод буй.
Хотын захын хорооллуудад нэн шаардлагатай байдаг хохирогчийг хамгаалах байр, хүүхэд, эцэг, эхийн хөгжлийн төвүүдийн загварыг бий болгох зорилготой тус ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн ажлаа У.Ганбаярт хүлээлгэн өгсөн тухайгаа мэдээлсэн байна.
Ч.Ганжавхлан энэ тухай өөрийн цахим хуудастаа "2012 оны намар Лантуун дохио ТББ-ыг санаачлан 2013 оны эхээр улсын бүртгэлд бүртгүүлэн 24 настай Ганжавхлан гэдэг залуу "Тэргүүн" болов. Найман жил өнгөрчээ. Улсынхаа нийслэлд Ид шидийн орон 1, 2 гэдэг хоёр төвтэй, НҮБ-д бүртгэлтэй, АНУ-д салбар байгууллагатай, Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ил тод итгэл хүлээх ТББ болжээ. Бүх хамт олноороо хичээсний үр дүн юм.
2021 оны энэ өдөр! Бидний 4 жил бэлтгэсэн, эрх зүйч мэргэжилтэй У.Ганбаярыг Лантуун дохио ТББ-ын удаах тэргүүнээр, удирдах зөвлөл хамт олны 100 хувийн саналаар томилон баталгаажуулав" гэжээ.
"Монгол Улсын хэмжээнд 17 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2020 оны найман сарын байдлаар 1,240 гаруй хүүхэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авсан. Үүнээс 715 хүүхэд манай агентлагийн дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн ба нийт ачааллын 57.3 хувийг эзлээд байна" гэж Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газар мэдээлж байжээ.
Өөрөөр хэлбэл хүүхэд хамгаалах үйлчилгээний 40 хувийг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд үүрч байна.
Хэдийгээр хүүхэд хамгаалах байрны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ч одоо байгаа төвүүд 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байгааг Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газар мэдээлсэн байна.