Ж.Болдбаатар: Алба хаагчдын дунд оны ялгаа дээрэлхэлт байдаггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 19 секунд

Улсын хэмжээнд Зэвсэгт хүчний цэргийн анги, салбаруудад Эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалт хийж, “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хэрэгжилт, шалгалтын үр дүн, цэргийн анги, салбаруудын эрсдэлийн түвшин болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл өглөө.

Цэргийн алба хаагчийг эрсдэлээс хамгаалах, алба хаах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр нийт долоон төрлийн реформын ажил хэрэгжүүлжээ. Цэргийн алба хаагчдын хоорондын дээрэлхэлтийг үл тэвчиж, нуун дарагдуулахгүй ажиллаж байна Реформын хүрээнд “үл тэвчих, нуун дарагдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд бригадын генерал Ж.Болдбаатарын мэдээлснээр "Офицер, алба хаагчдын дунд оны ялгаа, дээрэлхэлт байхгүй, алба хаагчдын хооронд нэгнээ үл хүндэтгэх, харилцааны зөрчил, маргаан гардаг. Иймд цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа, сахилга, ёс зүйд анхаарч, зөрчил маргааныг эрсдэл дагуулах хэмжээнд хүргэхгүй байх чиглэлээр ажиллаж байгаа" гэв.

Цэргийн анги, салбаруудын аюулгүй байдлыг хангах зорилгоор камерын хяналтын ажлыг хийжээ. Ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, усанд орох хэсгээс бусад бүх газарт камер суурилуулсан байна.

Харин хүний хувийн орон зайг хамгаалах шаардлагатай тул дээрх хэсгүүдэд камер суурилуулаагүй бөгөөд тэдгээр газарт онцгой байдлын үед ашиглах товчлуурыг байршуулжээ.

-Ж.Болдбаатар: Цэргийн алба хаагчдын байршлыг хянах боломж бүрдүүлсэн-

Хувийн мэдээлэл, аюулгүй байдалтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын байршлыг ахлах офицерууд гар утсаараа хянах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн цэргийн алба хаагчдаас ирэх гомдол, мэдээллийг хүлээн авах зорилгоор “Цэргийн бамбай” аппликэйшнийг бий болгожээ.

Хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж буй офицер, ахлагч нарын сэтгэлзүйн онцлог, тухайн алба хаагчидтай ажиллах чадварыг тодорхойлох зорилгоор EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжийн сорил авч эхэлсэн байна. Хэрэв сорилын үр дүнд асуудалтай гэж үзвэл тухайн алба хаагчийг хугацаат цэргийн алба хаагчидтай шууд ажиллахгүй өөр ажилд томилох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.

Цэргийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог хангах хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Холбогдох дүрэм, журмын дагуу иргэний нийгмийн байгууллагууд 21 аймаг дахь цэргийн анги, салбарын үйл ажиллагаатай танилцах бүрэн боломжийг бүрдүүлжээ.

Зэвсэгт хүчний цэргийн анги, салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийж, үнэлгээний дүнд үндэслэн эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсэн байна. Одоогоор дээрх арга хэмжээний үр дүнд цэргийн анги, салбаруудын эрсдэл 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Харин үлдсэн эрсдэлийг бууруулахад төсөв, зардал шаардлагатай байгаа бөгөөд зарим ажил одоогоор бүрэн хэрэгжиж дуусаагүй байна.

-Хугацаат цэргүүдэд долоон төрлөөр мэргэжил эзэмшүүлж байна-

Хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн албаны хугацаанд нь боловсрол олгож, мэргэжил эзэмшүүлэх ажлыг мөн хэрэгжүүлж байна. Одоогоор хугацаат цэргийн алба хаагчдыг долоон төрлийн мэргэжлээр сургаж байгаа бөгөөд үүнд тогооч, хүнд машин механизмын оператор, мужаан, цахилгаанчин, токарьчин зэрэг мэргэжил багтаж байна. Мөн алба хаагчдыг жолооны сургалтад хамруулж байгаа аж.

Цэргийн ангиудын дулааны нөхцөлийг сайжруулжээ Цэргийн алба хаагчдын амьдрах орчин, ахуйн нөхцөлийг сайжруулах хүрээнд цэргийн ангиудын дулааны асуудалд анхаарч ажилласан байна. Өмнө нь өвлийн улиралд цэргийн ангийн дотоод орчны температур 18 хэм байх шаардлагатай байсан бол шинэчлэл, сайжруулалтын ажлын үр дүнд өвлийн улиралд анги доторх температурыг 20 хэмд хүргэн ажиллаж байгаа аж.

Мөн офицер, ахлагч нарын дунд хүний эрхийн судалгаа явуулсан байна. Судалгаанд хамрагдсан алба хаагчдын 70.1 хувь нь эрэгтэй, 29.1 хувь нь эмэгтэй алба хаагч байжээ. Судалгааны дүнгээр хүний эрхийн талаарх мэдлэг тааруу алба хаагч 20 хувь, мэдлэг, мэдээлэлтэй алба хаагч 42 хувийг эзэлсэн байна.

Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, зөрчил маргаан, дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг чиглэлээр “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд долоон төрлийн ажлыг хэрэгжүүлж байгаа тухай нэгпсэн мэдээлэл өглөө.

АЗИЙН НААДАМ: ОУХМ Х.Билгүүнсайхан хүрэл медалийн төлөө Японы тамирчинтай тулалдана
АЗИЙН НААДАМ: ОУХМ Х.Билгүүнсайхан хүрэл медалийн төлөө Японы тамирчинтай тулалдана
 
Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэгтэй болжээ
Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэгтэй болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!