"Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвийн үүсгэн байгуулагч С.Ганжавхлан болон хэсэг залуус хамтран "magic box" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын бүх сумд, гэр хороолол, алслагдсан дүүргээс эхлэн хотын төв гээд бүхий л газарт контейнер номын сан байршуулах юм. Хуучин Контейнерийг номын сан болгон тохижуулж хүүхдүүдийг хичээл хийх таатай орчноор хангах, хүүхдүүдийг номонд дуртай болгох зорилготой төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд хамгийн анхны тохижуулсан контейнероо Сүхбаатарын талбайд тав хоногийн өмнө байршуулсан. Эцэг эх, хүүхэд залуучууд маш идэвхтэй оролцож, ном хандивлаж байгаа талаар төслийн багийнхан хэлж байсан юм.
"Magic box" төслийн менежер Г. Халиун "Манай контейнер номын сан төв талбайд байршаад тав хонож байна. Одоогийн байдлаар 9000 гаруй ном цуглараад байна. Уран зохиолын номоос эхлээд төрөл бүрийн ном ирж байна. Саяхан гэхэд 80 гаруй настай өвөө ирж ном хандивласан. Тэр өвөө гэрийнхээ номын санд байгаа бүх номоо авчирч өгсөн. Оролцоогоор 14-15хайрцаг ном байсан. Энэ мэт эцэг эхчүүд, залуус, эмээ өвөө нар маш идэвхтэй ном хандивлаж байгаа. Номууд маань багтахаа больж байна. Манай контейнер номын сан баасан гарагийн 18.00 цаг хүртэл төв талбайд байх болно. Хүүхдүүд ирж ном уншиж байгаа. Өчигдөр гэхэд 10 настай нэг охин ирээд өдөржин ном уншиж байгаад явсан" гэв.
"Magic box" Сүхбаатарын талбайд байрласан эхний өдөр биднийг очиход контейнер номын сангийн тавиурууд хоосон, ном хандивлах хүмүүс ч цөөхөн харагдаж байсан. Харин тав дах өдрийн байдлаар номын бүх тавиурууд дүүрч, "Magic box"-ыг зорих хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн байлаа.
"Magic box" төслийн санаачлагч Б.Цолмон "Контейнер номын санд нэг удаад 25-30 хүүхэд зэрэг хичээллэх боломжтой. Мөн зөвхөн ном унших бус шатрын сургалт, код бичих сургалт зэргийг ажиллуулахаар төлөвлөсөн. Манай төсөл нь нэг контейнер засаад дуусахгүй. Контейнер орж ирэх бүрт нь засаж янзлан, номоор дүүргээд сумд руу явуулах болно" гэсэн юм.
Уг төслийн тендерийн материал хүлээн авах хугацаа хоёр хоногийн дараа дуусах юм. Контейнер номын санг эхний ээлжинд сумдад байршуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 11 аймаг, 21 сумаас материал хүлээн авсан байна. Материал ирүүлсэн сумд эхний шалгаруулалтад тэнцээгүй байж болох ч эзэлсэн оноогоороо "хүлээлгийн жагсаадтад" орох боломжтой.
Тендерийн материал ирүүлсэн сумд:
Говь-Алтай аймаг Тонхил сум
Хөвсгөл аймаг Тариалан сум
Говь-Алтай аймаг Эрдэнэ сум
Булган аймаг Тэшиг сум
Хөвсгөл аймаг Арбулаг сум
Булган аймаг Тэшиг сум
Дорноговь аймаг Улаанбадрах сум
Ховд аймаг Эрдэнэбүрэн сум
Булган аймаг Хутаг-Өндөр сум
Сэлэнгэ аймаг Мандал сум
Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум
Увс аймаг Зүүнговь сум
Сэлэнгэ аймаг Хушаат сум
Завхан аймаг Их уул сум
Дорноговь аймаг Хатанбулаг сум
Завхан аймаг Баянтэс сум
Баянхонгор аймаг Баянцагаан сум
Ховд аймаг Жаргалант сум
Булган аймаг Булган сум
Завхан аймаг Отгон сум
Сүхбаатар аймаг Мөнххаан сум