"Лантуун дохио" ТББ-аас "Мартахгүй, давтахгүй" хүчирхийллийн эсрэг жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр УДЭТ-ын гадна жагсах аж. Энэ талаар, "Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр, "Монгол Улсад сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 5152 хүүхэд зам тээврийн осолд өртөж 344 нас барсан байна. Мөн гэмт хэргийн улмаас 446 хүүхэд амь насаа алдаж 2158 ураг амьгүй буюу амьсгалах, амьдрах эрхгүй төрсөн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд зөвхөн 0-5 насны 5875 хүүхэд улсын хэмжээнд нас барсан тоо баримтууд байна. Үүнээс 4794 хүүхдийг 0-1 насны хүүхдийн эндэгдэл эзэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлэм тоо юм. 2019-2021 оны хооронд ахуйн ослоор 157’000 хүүхэд гэмтэж, 447 хүүхэд нас барсан аймшигт тоо мэдээ байна.
Мөн 2020-2021 оны байдлаар бэлгийн хүчирхийлэл үйлдэгсдийг авч үзэхэд төрсөн эцэг эх 18, хойд эцэг эх 80, төрөл садан 135, эцэг эхийн танил, найз 99, хөрш 20, огт танихгүй хүн 94 байна гэсэн нь хүчирхийллийг ойрын болон төрөл садангийн хүн буюу цоожтой хаалганы цаана үйлдэгддэг болох нь батлагдаж байна.
Дээрх тоо баримт нь дайнгүй энх тайван улсын хувьд байж боломгүй тоо баримт билээ. Монгол Улсын хэмжээнд хууль болон бичиг баримтын түвшинд томоохон өөрчлөлтүүд хийсэн ч хэрэгжилтийн хувьд хангалтгүй байсаар байна.
Тиймээс бид "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний үндсэн суурь эрхийн зөрчлүүд"-ийн эсрэг “МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ” уриан дор нөлөөлөл хийх, холбогдох төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлэх, эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийг уриалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх зорилготой жагсаалыг УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР-ын гадна талбайд 2023 оны 03 сарын 18-ны 11:00-13:00 цагийн хооронд цугларах ба алхалтаар үргэлжилэх болно. Жагсаал 17:00 цаг хүртэл албан ёсоор үргэлжилнэ.
МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ жагсаалын хүрээнд ТА, БИ, БИД хэрхэн оролцох вэ?
- Өөрийн биеэр ирж дуу хоолойгоо нэгтгэх, холбогдох шаардлагын төсөлтэй танилцаж гарын үсгээ зурах
- Өөрийн сайн дураар нийгмийн бүхий л орчинд, бүх цаг хугацаанд хүүхдийг хамгаалах амлалт өгч “Хүүхэд хамгаалагч” болох, бодитой оролцох. Бидний зүгээс сайн дурын “Хүүхэд хамгаалагч” нарт мэдлэгжүүлж, чадавхижуулах ажлыг шат дараатай зохион байгуулах болно.
- Биеэр оролцох боломжгүй тохиолдолд та өөрийн цахим хаягаар үзэл бодлоо илэрхийлж #МартахгүйДавтахгүй хаштаг ашиглан мэдээлэл нийтлэх, нэгдэж буйг илэрхийлэх зэргээр оролцох боломжтой.
- Өөрийн ажилладаг байгууллага, клубийн гишүүдийг идэвхжүүлэн жагсаалд нэгдэх
- Өөрсдийн оршин суугаа улс орон, бүс нутагт нөлөөлөл хийх, холбогдох байгууллагуудад шаардлагуудыг хүргүүлэх
- Өөрийн үзэл санааг илэрхийлж МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ хөдөлгөөний эх бэлтгэл постеруудыг хэвлэн барьж , зургаа авахуулах, гудамж талбайн зарын самбаруудад наах, түгээх
- Урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг орон нутгийн түвшинд зохион байгуулах
- Шаардлагын биелэлтэд хяналт тавих, шаардах, тууштай байх.
- Биеэр ирэх боломжгүй бол гэрийнхээ цонхоор даавуу \цагаан хэрэглэл\ унжуулж нэгдэж буйгаа илэрхийлэх.
Жагсаалд ХОРИГЛОХ зүйлс:
- Санаатайгаар улс төрийн үймээн гаргах
- Тайван жагсаалыг үймүүлэх, өдөөн турхирах
- Хүний эрхийн зөрчилийг уриалах, дэмжих, зохион байгуулах
- Жагсаалын үзэл санаа, бодлогыг гажуудуулах аливаа лоозон уриа хэрэглэхгүй байх
- Шаардлагын үр дүн гартал бид тууштай ажиллах бөгөөд иргэд олон нийтийг жагсаалд идэвхитэй оролцож үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна. Шуугиад өнгөрдөг биш, хариуцлагатай тууштай ХҮН байя.
МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ БАЙ !!!
МОНГОЛ ЗАЛУУС ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ!!!
ШИЙДЭЛТЭЙ ЖАГСААЛ" гэжээ.