
65 жилийн өмнө Монголын төрийн далбаа НҮБ-ын өмнө анх мандаж байв. Харин энэ жил Монгол Улс дэлхийн 193 орны өмнө дэлхийн энх тайван, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх гол байгууллагын нэг болох Аюулгүйн Зөвлөлд суудалтай болох тод зорилтоо "зоригтойгоор" зарлалаа.
Үүнээс харвал энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр бидний хувьд зүгээр ч нэг индэр байсангүй.
НҮБ-ыг бэхжүүлэхээс эхлээд энх тайван, уур амьсгал, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, эмэгтэйчүүд, хүүхэд болон далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудлыг хөгжиж буй улсын хувиар хөндсөн индэр байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ онцолсон "өнцөг" хийгээд тус айлчлалын хүрээнд өрнөсөн "сонин сайхан"-ыг нэг дороос хүргэе-
-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН НҮБ-ЫН ИНДЭРТ ХЭЛСЭН ҮГНЭЭС ОНЦЛОХ НЬ-

Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахын тулд Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа зарласан юм.

Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг. Энэ утгаараа 2027 онд "НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Ерөнхийлөгч мэдэгдэв.

Ингэхдээ “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт”, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан талаараа Ерөнхийлөгч үгэндээ онцолсон юм.

Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгааг энд дурдах нь зүй.

Жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэх үйл хэрэгт улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд хувь нэмрээ оруулж ирсэн талаараа Ерөнхийлөгч илтгэлдээ дурдсан ба “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал”, “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”, “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан байдаг.

Монгол Улс 2026-2029 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж буй. Тэгвэл Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборын түүх, соёлын үнэ цэнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад өнгөрсөн долоодугаар сард бүртгэжээ. Дашрамд дурдахад, энэ жил Их Эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байгаа билээ.

Ерөнхийлөгч илтгэлдээ энх тайвны асуудлыг ч хөндсөн ба дэлхийн улс орнууд хамтран ажиллаж чадвал “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээсэн даян дэлхийн амар амгаланг тогтоох боломжтойг дурдсан байдаг. Дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийг улам бэхжүүлж, дайн дажингүй, амар амгалан, энх тунх байж, хамтдаа хөгжин дэвжихэд НҮБ-ын гүйцэтгэх үүрэг, оролцоо урьд урьдаас улам илүү чухал байгааг ч онцолжээ.

АЙЛЧЛАЛЫН "СОНИН САЙХНААС"...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзсан юм. Түүний хувьд 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийж байсныг уншигч та санаж буй байх.
Тэрбээр Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ.
-"ТА БИДНИЙГ ХӨЛДӨӨ ЧИРЧ БАЙНА ШҮҮ"-

133 улсын төр, засгийн тэргүүн оролцсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон орны төрийн тэргүүнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байдаг. Харин энэ үеэр түүний цэргийн ангид ажиллах үеэрээ 100 кг-ыг 20 удаа шахсан бичлэгийг онцолж, монгол эрчүүдийн хүч, эрүүл амьдралын хэв маягийг дэлхийд сурталчилсан, бусад орны тэргүүн нарт үлгэр дууриалал болсон талаар дурджээ. Энэ нь Монгол Улс, тэр дундаа монгол залуусын талаарх эерэг сурталчилгаа болсон хэмээн нөхөрсгөөр хэлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцсоны дараа Чикаго хотноо суугаа Консулын газарт зочилж, АНУ-ын төвийн бүсэд амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзсан байдаг.
Иллинойс, Индиана, Висконсин, Миссури, Мичиган, Миннесота, Айова, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана, Өмнөд Дакота, Умард Дакота, Небраска, Канзас гэсэн 15 мужид амьдарч буй монгол иргэдэд үйлчилдэг Консулын газрын алба хаагчдад ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжих, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлээр улам хичээн ажиллахыг захьжээ.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол иргэдтэй уулзах үеэрээ ЮУГ ОНЦЛОН ЗАХИВ


Мөн энэ үеэр нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнажээ.


Мөн энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээний аварга баг, тамирчдад алтан медаль, цомыг нь гардуулжээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!