Ачаатай тэмээ хөтөлсөн залуусын зургийг цахимд байршуулсан нь олны анхаарлыг ихэд татав. Одоо цагт ийм дүр зураг харах нь маш ховор. Монгол ахуйгаа хадгалан авч яваа Хөвсгөл аймгийн Түнэл сумын малчин Т.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Сайн байна уу сайхан өвөлжиж байна уу. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна. Намайг Түмэн-Аюушийн Батцэнгэл гэдэг. Хөвсгөл аймгийн Түнэл сумын гуравдугаар багийн малчин. Эхнэр гурван хүүхэдтэй. Хүүхдүүд бүгд тусдаа гарсан. Түрүүчээсээ сумын сайн малчин болоод сайхан амьдарч байна.
-Өвөлжилт хэр байна. Ойрын өдрүүдэд хүйтэрнэ гэж анхааруулж байгаа. Аймгийн төвд хэзээ ирсэн бэ?
-Манай нутгаар цас багатай бараавтар, мал тарга тэвээрэг сайтай сайхан өвөл болж байна. Өнөөдөр их шуургатай, хүйтэн байна. Шөнө 2 цагийн үед гэрээсээ гараад өдөр 12 цаг болж байхад аймгийн төвд орж ирлээ. Ер нь тааваараа явсан.
-Хэдэн тэмээтэй ирсэн бэ? Нэг тэмээнд хэдий хэр мод ачдаг вэ?
-Нэг тэмээнд 8 ширхэг хоёр метр арай хүрэхгүй өргөн нарийн мод ачдаг. 15 тэмээтэй орж ирлээ. Эмнэг голдуу ботгон тэмээнүүд. Машинаар бол хоёр портер илүү гарсан ачаа болно. Одоо түлээгээ буулгах айл руу явж байна.
-Фэйсбүүкт таны зургийг оруулсан байсан харсан уу? Хүмүүс их сайхан хүлээж авч байгаа харагдлаа.
-Зураг харсан. Хүмүүс монгол ахуйгаа их хайрладаг нь мэдэгдэж байна лээ. Сэтгэл их өндөр байна. Хааяа түлээ зарахаар тэмээгээ хөтлөөд орж ирэхэд хүмүүс их сонирхож хамт зураг хөрөгөө даруулдаг. Өдөр тутамд тохиолдоод байдаггүй зүйл болохоор гайхах нь аргагүй биз ээ.
-Хангай газар тэмээ хариулж, өсгөх амаргүй. Тоог нь асууж болох болов уу?
-Манайх 2000-аад оноос эхэлж тэмээ хариулж байгаа. Таван хошуу мал бүгдийг малладаг. 60 гаруй тооны тэмээтэй. Эмнэг, догшин тэмээгээ номхруулж эдэлгээ оруулах санаатай хол явж байгаа нь энэ. Нүүдэл суудал, түлээ, ус бүгдийг тэмээгээрээ болгодог. Манайх их бартаатай газар байдаг. Гол хөлдөөгүй үед машин хүрэх боломжгүй. Өвөлдөө Дэлгэрмөрөн голоор гараад аймгийн төв рүү ирдэг.
Хангайд боохой /чоно/ ихтэй болохоор хэцүү. Үргэлж нүд салгалгүй харахгүй бол арай гэж өсгөсөн хэдэн малаа чонын хоол болгох магадлалтай. Тэмээг багаас нь л уналга, эдэлгээнд сургахгүй бол их догширдог юм.
-Аймгийн төвөөс хэдэн километрийн зайтай вэ?
-Манайх аймгийн төвөөсөө 35, сумаасаа 50 орчим километрийн зайтай. Дахиад нэгдүгээр сарын 10-д гаргаад модоо зарахаар ирнэ. Гэрийнхээ гадаа хоёр тайлаг уячихсан байгаа тэрийгээ сургаад авбал миний энэ өвлийн зорилго биелэж байгаа юм.
-Худалдах мод түлээгээ хэдүүлээ яаж бэлтгэдэг вэ?
-Хангай газар мод ихтэй ч замын бартаанаас шалтгаалан тэмээгээрээ л зөөдөг. Дүүгийн болон өөрийн бага хүүтэй хамт модоо хийдэг. Залуу хүүхдүүдийн хүчинд түүртэхгүй зүйл байхгүй. Одоо би чинь 54 настай шүү дээ.
-Монгол ахуйгаа авч яваад хүмүүс их талархалтай хандаж байна. Одоогийн залуус малаа мотоциклоор голдуу хардаг болсон.
-Манайд машин бий. Гэхдээ яаралтай зүйлд л биш бол хэрэглэдэггүй. Мориороо малаа малладаг. Тэмээгээ ачлага уналгад ашиглана. Аймгийн төвөөс хүнсний зүйлээ тэмээндээ ачаад явчихна. Удам дамжсан малчин учраас малаа маллах дуртай. Таван хошуу малын ашиг шим их. Бартаа, ус ихтэй учраас тэмээгээр нүүхэд түүртэх зүйлгүй сайхан.
Малаа маллаад амьдрах шиг сайхан зүйл хаана байхав.
-Ярилцсанд баярлалаа.