
Кристина Ноблийн Хүүхдийн сангийн захирал Б.Амаржаргалтай ярилцлаа. Тэрбээр өчигдөр болсон "Хорих байгууллагын сэтгэлзүйчдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох хэлэлцүүлэг"-т Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд үзүүлж буй нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээ- Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн туршлага (Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хөгжил, хамгаалал, нөхөн сэргээн үйлчилгээ) сэвдээр илтгэл тавьсан юм.
-Кристина Ноблийн Хүүхдийн Сан энэ хугацаанд ямар туршлага хуримтлуулав?
-Манай байгууллага 1997 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа олон улсын хүмүүнлэгийн байгууллага. Байгууллагын маань нэг томоохон хөтөлбөр бол одоогийн "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага" буюу хуучнаар Хүүхдийн хорих ангид 29 дэх жилдээ гэмт хэрэгт холбогдсон өсвөр насныхантай ажиллаж байна. Эдгээр хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, урьдчилан сэргийлэх, мөн эдгээр хүүхдүүдийг нийгэмд эргэн нэгтгэх зорилготойгоор ажилладаг. Гэмт хэрэгт холбогдон сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад очсон хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал маш чухал. Суурь асуудлууд нь нэг учраас энэхүү хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулахад оролцож байна.
-Эдгээр хүүхдүүдийн сэтгэл зүйтэй ажилласнаар хэр үр дүнд хүрч байна. Буцаад нийгэмдээ орохдоо дасан зохицох чадвар ямар байна вэ?
-Хүүхдүүдтэй маш олон талаас нь хамтран ажиллаж, олон талаас нь нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байдаг. Ингэж байж хүүхдүүд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, нийгэмдээ идэвхтэй, эдийн засгийн хувьд биеэ даасан иргэн бий болоход чиглэгддэг. Гэмт хэрэгт холбогдон "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага"-д ирсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь сэтгэл зүйн траума буюу сэтгэл зүйн гэмтэлтэй байдаг. Хорих газар ирэхээсээ өмнөх даван туулсан амьдралын нөхцөл байдал маш хэцүү, хүнд байдаг учраас эдгээр хүүхдүүд сэтгэл зүйн маш олон асуудалтай ирдэг. Хүн, хүний амьдрал гэдэг утгаараа сэтгэл зүйн асуудал бидний суурь асуудал болдог. Хүний амьдралын чанарт сэтгэл зүй шууд утгаараа нөлөөлдөг учраас хүүхдүүдийн сэтгэл зүй болоод хандлагыг өөрчлөх тодорхой хэмжээний нотолгоонд суурилсан үйл ажиллагаа явуулж, сэтгэл заслын үйл ажиллагаа явуулах, эдгээр хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар асуудал байгаа вэ гэдгийг олж илрүүлэх, түүнд нь тулгуурласан үйл ажиллагааг үзүүлнэ гэдэг нь эргээд гэмт хэрэгт холбогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа гэж бидний зүгээс харж байна. Энэ нь бидний өнгөрсөн 29 жил хийсэн ажлын туршлага, олон хүүхдүүдтэй ажилласны үр дүнд гарч ирж байгаа ажил хэмээн үзэж болно.

-"Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага"-д ирж байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь нь сэтгэл зүйн трауматай, гэмтэлтэй байна гэлээ. Суурь шалтгаан нөхцөл нь тэгэхээр гэр бүл нь болж таараад байна уу?
-Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдож байгаа суурь шалтгааны нэгдүгээрт ар гэрийн нөхцөл байдал шууд утгаараа хамааралтай байгаа. Хүүхэд маш эмзэг. Насанд хүрэгчид, асран хамгаалагчид хүүхдийг хайрлаж, хамгаалж, өсгөж, сургаж, амьдрах чадварыг олгож, өсөж дэвжих, хөгжих бүх шатанд хүүхдийн ар гэр хамт байх ёстой. Гэвч өнөөгийн нийгэм, ар гэрийн тогтворгүй байдлаас үүдэн хүүхэд хараа хяналтгүй болж байна. Хараа хяналтгүй хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ нэгдэж ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдох, өртөх эрсдэлүүд өндөр байна. Бидний 2024, 2025 онд хийсэн сэтгэл зүйн болон нийгмийн орчны судалгаанд гэмт хэрэгт холбогдож одоогийн "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага"-д байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь гэр бүл нь салсан, дан ганц аавтайгаа эсвэл ганцхан ээжтэйгээ амьдардаг, эсвэл эцэг эхийн хүчирхийлэлд өртсөн, хойд аав, ээжийн хүчирхийлэлд өртсөн, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, бага насандаа эцэг эхдээ хаягдсан гэх мэт амьдралын түүхтэй хүүхдүүд байгаа. Хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөл нь хараа хяналтгүй буюу эцэг эхийн хараа хяналтгүй байдал нь шууд хамааралтай.
-Хүүхэд нэгэнт гэмт хэрэг үйлдээд, шүүхээр эцэслэн тогтоогдоод "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага"-д ирсэн тохиолдолд сэтгэл зүйтэй нь хэрхэн ажиллах ёстой вэ?
-Шүүхээр ороод хийсэн гэмт хэргийнхээ ял шийтгэлийг аваад хорих байгууллагад очно гэдэг нь тухайн хүүхдийн хувьд хорвоо дуусаж байгаа мэдрэмж өгдөг. Эрхээ хасуулж байна гэдэг нь насанд хүрсэн хүмүүсийн сэтгэл зүйд ч маш том дарамт болдог. Тиймээс хүүхдүүд ингээд л амьдрал дуусаж байгаа юм байна гэсэн мэдрэмжийг авчихсан ирдэг. Эдгээр хүүхдүүдэд тодорхой хэмжээгээр ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ажиллаж байгаа сэтгэлзүйчид маш ойрхон ажиллаж, энэ амьдралын төгсгөл биш гэдгийг ойлгуулж ажилладаг. Энд орж ирсэн хүүхдүүд нөхөн сэргээх үйлчилгээг аваад, сургалт хүмүүжлийн тусгай хүмүүжлийг аваад, эндээс гараад амьдрал байгаа шүү гэдэг итгэл үнэмшлийг өгнө гэдэг нь маш чухал. Манай сангийн хувьд эдгээр хүүхдүүдэд зориулсан сэтгэл зүйн үйлчилгээ, гарсных нь дараа өөрийн гэсэн ур чадвартай, боловсролтой болоход нь зориулж Налайх дүүргийн Полетехникийн коллежтой хамтран мэргэжил сургалтын хичээлүүдийг ордог. Талх, нарийн боов, ноос ноолууран хувцас хэрэглэл хийх зэрэг олон сургалтуудад хамрагддаг. Энэ сургалтад хамрагдсан зарим нэг хүүхдүүд "Би энэ сургалтад хамрагдахаасаа өмнө амьдралдаа хэзээ ч гурил ч зуурч үзээгүй байсан. Гэтэл би өнөөдөр ийм гоё амттай талх, нарийн боов хийчихлээ, бялуу хийчихлээ" гэх мэтээр өөртөө итгэхгүй ийм сайхан мөчүүд байдаг. Энэ хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлаа даван туулах, эндээс гарсны дараа надад ямар сайхан амьдрал байгаа вэ гэдэг итгэл, мөрөөдөл, зорилгыг олгодог.

-Нэгэнт ял шийтгэлээ хүлээгээд хүмүүжээд гарч байгаа хүүхдүүдийн дахин гэмт хэрэг үйлдэх магадлал хэдэн хувьд нь тохиолдож байна вэ?
-Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдээд Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ирдэг. 14, 15, 16 гээд 18 нас хүртэлх хүүхэд энэ байгууллагад ирж байгаа. 17 насандаа эндээс гарсныхаа дараа дахин гэмт хэрэгт холбогдоод шүүхээс ял шийтгэл авбал насанд хүрэгчдийн хорих газарт очно. Бас нэг өөр ертөнц тэнд байгаа. Хүүхдийн байгууллага биш насанд хүрсэн хүмүүсийн хариуцлага хүлээдэг байгууллага учраас нөхцөл байдал маш өөр болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр бид 100 хувь амжилттай, эндээс гараад бүгд 100 хувь амжилттай сайхан амьдарч байгаа гэвэл өрөөсгөл ойлголт болно. Яагаад гэвэл нөгөө нийгэм, ар гэрийн асуудал ард нь байдаг. Энд орж ирэхдээ ар гэрээс шалтгаалсан байдлаас гэмт хэрэгт холбогдон орж ирж байгаа бол эргээд очихоор яг нөгөө бахь байсан байдалдаа ээж нь архины хамааралтай хол архиа уучихсан байж байна. Аав нь архины хамааралтай бол архиа уучихдаг. Буцаад гэртээ очиход тэр хүүхдийг хамгаалах аюулгүй орчин байхгүй учраас эргээд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөгөө найзуудтайгаа эргэж нийлнэ. Энэ нь гэмт хэрэг дахин үйлдэх магадлалыг ихэсгэнэ гэсэн үг. Гэхдээ бидний өнгөрсөн хугацаанд ажилласан хүүхдүүдээс амжилттай яваа түүхүүд олон бий. Монгол Улсын томоохон их, дээд сургуулиудад суралцаад, мэргэжил боловсрол эзэмшээд хуулийн чиглэлээр явж байгаа мундаг залуус байна. Америк, Австрали, Солонгост суралцаж, ажиллаж, амьдарч байгаа залуус байна. Бид 29 жилийн түүхтэй байгууллага учраас энэ хугацаанд маш олон хүүхдийг сайн сайхан амьдралд хөтөлж оруулж байсан түүхүүд бий.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!