ТОЙМ: Төрийн тэргүүнүүдийн мэдэгдэл хэлэлцээний салхийг сэвэлзүүлэв

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 48 секунд

АНУ, Израйл болон Ираны зөрчилдөөн үүсээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэхүү зөрчилдөөний улмаас газрын тосны тээвэрлэлтийн гол суваг болох Ормузын хоолой хаагдаж дэлхийн эдийн засагт багагүй нөлөөллийг үзүүлж байгаа. Ази Европын орныг чиглэсэн тээвэрлэлт тасалдсанаар дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өсөж, улс орнууд шатахууны үнэ нэмэх, хязгаарлалт хийх зэрэг алхмуудыг хийж эхэлсэн. Ойрх Дорнодын сөргөлдөгч талууд ээлж дараалсан довтолгоонууд хийж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эрчим хүчний эх үүсвэрүүдэд халдана гэх мэдэгдлийн хариуд Иран Ормузын хоолойг бүрэн хаах шийдвэр гаргаж байгаагаа хэлсэн. Харин сүүлийн үеийн нөхцөл байдлыг харвал талууд харилцан буулт хийж болзошгүй эерэг дохио ажиглагдаж эхэллээ. Ираны Ерөнхийлөгч зөрчилдөөнийг дуусгах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Д.Трамп цэргийн хүчээ татах талаар мэдэгдэл хийсэн нь асуудал нааштайгаар эргэж, хэлэлцээрийн ширээний ард суух дохио болж байна. Хэлэлцээрийн ширээний ард суухад хоёр талын шаардлагууд хэр нийцэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Ерөнхий санал нийлэх ч зөрчилдөх асуудал олон бий.

Ираны Ерөнхийлөгч зөрчилдөөнийг дуусгах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Костатай утсаар ярилцах үеэр АНУ болон Израйл улстай үргэлжилж байгаа зөрчилдөөнийг дуусгах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн. Ираны талаас анх удаа ингэж албан ёсоор мэдэгдэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж харж байгаа. Ираны удирдлага эдийн засгаа сэргээх, дотоодын тогтвортой байдлыг хангах, цэргийн эрсдэлээс зайлсхийх, олон улсын дарамтаас гарах гэсэн зорилгыг агуулсан болов уу.

Ираны талаас Ормузын хоолойг бүрэн хянаж байгаа хэдий ч тээвэрлэлт буурах нь тус улсын эдийн засагт асар их дарамтыг учруулж байгаа. Учир нь Ираны эдийн засгийн хамгийн том орлого нь нефть болон байгалийн хий. Гол импорт улсууд болох БНХАУ болон Энэтхэг улсууд руу хийх тээвэрлэлт буурч орлого тасалдах нь улс орны ажилгүйдэл, инфляцыг өсөхөд нөлөөлнө. Эдийн засгийн тогтворгүй байдал дотоодын үймээн самуун, бослого гарах эхлэл болж магадгүй.

Асуудал хүндэрлээ гэхэд АНУ болон Израйл цэрэг болон зэвсэг техникийн хүч ихтэй. Урт хугацааны мөргөлдөөнд Иран илүү хүнд байдалд орно. Бас Ираны гол эрчим хүчний цэгүүдэд цохилт өгөх эрсдэл өндөр байгаа. Тиймээс сөргөлдөхөөс илүү бага хохирол амсах боломжийг хайх нь зөв нүүдэл болно. Европын холбооноос Ираныг зөрчилдөөнийг энхийн замаар шийдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мэдээж үүний цаана нефтийн борлуулалтын асуудал яригдсан байхыг үгүйсгэх аргагүй.

Хамгийн чухал нь энх тайвныг тогтоохын тулд АНУ-аас баталгаа шаардсан. Ираны тал түр зуурын гал зогсоохоос илүү урт хугацааны тайван байдлыг баталгаажуулахад чиглэсэн нөхцөл байдлыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ яг хэлэлцээрийн түвшинд ямар нөхцөл, шаардлагыг тусгах түүнийг АНУ хэрхэн хүлээж авахаас бүх зүйл шалтгаална. Ираны хүслийн жагсаалт товч бөгөөд тодорхой байх. Хамгийн эхэнд довтолгоог бүрэн зогсоох, дахин халдлага хийх байхгүй баталгаа, хориг эдийн засгийг зөөлрүүлэх шаардлагыг илүү тавина. Иран өнөөдрийг хүртэл нефтээ хоригоос гадуур нөхцөл байдлаар борлуулж ирсэн. Бидний хэлдгээр худалдан авагч талтай бартерын нөхцөлөөр нефтээ борлуулж ирсэн. Иран хоригийг сулруулж чадвал эдийн засагтаа томоохон өөрчлөлтийг авчирч чадна.

Жагсаал цуглаан, шатахууны үнийн өсөлт Д.Трампын нүүдэлд нөлөөлөх нь лавтай

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай хийх хэлэлцээ амжилттай болж байгаа талаар хэд хэдэн удаа ам нээсэн. Энэ мэдээж дотоодод болж байгаа асуудлыг намжаах улс төрийн зорилгоор хийсэн мэдэгдэл байх. АНУ-д Д.Трампын үйл ажиллагаа болон Ирантай холбоотой асуудлыг эсэргүүцсэн “No Kings” жагсаал өрнөж байгаа. Энэ жагсаал бүх мужид болж байгаа ба Миннесота, Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Сан Франциско хотуудад илүү өргөн хүрээг хамарсан. “The Guardian” сайтад уг жагсаалд найман сая хүн оролцсон гэж мэдээлсэн. АНУ-ын түүхэнд хамгийн том нэг өдрийн жагсаал болсон гэж тооцогдож байгаа. Жагсаал цуглаанаас болж Д.Трампыг огцруулах эрх байхгүй. Харин улс төрийн дарамт болон конгрессын гишүүд импичмент эхлүүлэх талаар бодож магадгүй. Мэдээж Д.Трамп үүнийг хүсэхгүй нь тодорхой.

Тэр ч утгаараа Д.Трамп АНУ цэргийн хүчээ Персийн булангаас 2-3 долоо хоногийн дотор татах талаар хэвлэлүүдэд хэлээд амжсан. Д.Трамп цэргээ татвал үүссэн хурцадмал байдал намжина гэж харсан байх талтай. Мөн тус хоолойгоос нефтээ авдаг улсуудын оролцоог нэмэгдүүлэх гэсэн алхам ч байж болно.

Зөрчилдөөн үүсэхээс өмнө буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1 галлон бензиний үнэ 3 доллар орчим байсан. Харин хэдхэн хоногийн өмнө АНУ-д шатахууны үнэ өсөж 1 галлон бензиний дундаж үнэ 4.02 долларт хүрсэн. 2022 онд эхэлсэн ОХУ болон Украйны дайнаас хойш хамгийн өндөр хүрсэн үзүүлэлт болжээ. Мэдээж энэ үнийн өсөлт Ирантай хийсэн мөргөлдөөнөөс үүдэж Ормузын хоолойн нефтийн тээвэрлэлт саатсантай холбоотой. Галлон гэдэг нь АНУ-д ашигладаг хэмжигдэхүүний нэгж бөгөөд 1 галлон 3.875 литртэй тэнцдэг. Шатахууны үнийн өсөлт шууд инфляцад нөлөөлнө. АНУ-ын эдийн засаг өсөлттэй байгаа. Харин энэ нөхцөл байдал эдийн засгийн өсөлтийг удаашруулж иргэдийн худалдан авалт, бизнесийн зардлыг өсгөх нөхцөл байдалд хүргэнэ. Дээрх шалтгаанууд нийлээд дотоодод асуудал үүсгэж болох тул Д.Трамп яаран халдлага хийхгүй, сүрдүүлэх маягийн тактик хэрэглэж байгаа. Ираны эрчим хүчний эх үүсвэрүүд рүү халдана гэж хэлсний дараа хугацааг нь хойшлуулсаар өдийг хүрсэн.

Цөмийн хөтөлбөр, бүс нутгийн нөлөөний асуудал дээр тохиролцоонд хүрвэл хэлэлцээ амжилттай болно

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ хоёр талын хэлэлцээ идэвхтэй өрнөж байгаа талаар хэлсэн. Мөн шууд уулзалт зохион байгуулах боломжтой талаар ч ам нээгээд амжсан. Иранд болсон 1979 оны хувьсгалын дараа оюутнууд АНУ-ын элчин сайдын яаманд халдсан тэр үеэс хойш дипломат харилцаа нь албан ёсоор тасарсан. Одоо бол хэлэлцээрийн үед гуравдагч талууд оролцож байгаа. Гэхдээ тодорхой үр дүнд хүрээгүй байгааг дурдсан. Ямартай ч хэлэлцээ идэвхтэй яригдаж байгаа нь сайн мэдээ.

Хамгийн зөрчилдөөнтэй асуудал нь цөмийн хөтөлбөр болон бүс нутгийн нөлөөний асуудал хэлэлцээрийн ширээг бусниулж магадгүй байгаа. Ялангуяа цөмийн хөтөлбөрийн асуудал хоёр үзүүртэй харандаа шиг зүйл. Иран өөрсдийн бүс нутгийн нөлөөллөө нэмэгдүүлэх бас АНУ-ын эсрэг хүчтэй дуугарах цаашлаад цөмийн цахилгаан станц барихын тулд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Харин АНУ тэдний цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэж харддаг. Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болчихвол Ойрх Дорнодод өндөр байр суурийг эзэлнэ. Зөвхөн бүс нутагт ч биш АНУ-ын эсрэг хөдлөх хамгийн хүчтэй зэвсэг болно. Тэр ч утгаараа хэлэлцээрт цөмийн хөтөлбөрийн асуудал чухлаар хөндөгдөнө. Иран цөмийн хөтөлбөрөө ил тод болгох уу эсвэл АНУ-ын хяналт дор цөмийн ажлаа явуулах уу гэдэг хамгийн чухал асуудал. Үүний араас бүс нутгийн нөлөөллийн асуудал байгаа. АНУ Ойрх Дорнод өөрсдийн холбоотноор дамжуулан нөлөөллөө нэмэгдүүлэхийг хичээж ирсэн. Харин Иран тэдний холбоотон улсууд руу халдлага хийсээр ирсэн. Бүс нутгийн нөлөөллийн асуудал дээр буулт хийсэн тал өөрийн хүрээлэлдээ нэр хүндээ алдах, үл ойлголцол үүсэх эрсдэл байгаа. АНУ Израйл, Катар, Саудын Арабтай илүү ойр. Харин Иран Хамас, Йемен улсын Хусит бүлэглэлтэй ойрын харилцаатай гэдэг.

Манзушир хийд орчимд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Манзушир хийд орчимд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
 
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!